ХУД-ийн 15 хороо, Сүлжмэлийн үйлдвэрийн зүүн талд байрлах “Оргил” худалдааны төвийн ажилтан Мөнхбаяр гэгч энэ сарын 7-ны өдрийн 11 цагийн үед тус худалдааны төвийн эзэмшлийн 2256 дугаар хаалттай дэд станц руу оруулга кабелийн салгууруудыг таслах зорилгоор орж, улмаар 0.4 кВ-ын талын секц холбогчийг андууран залгаснаас секц холбогчийн салгуурыг шатааж, 630/10 кВа чадалтай трансформаторыг гэмтээсэн томоохон зөрчил гаргажээ. Үүний улмаас “Оргил-шилтгээн” хотхон түүний ойр орчмын 61 аж ахуйн нэгж, 2262 айл өрх 55 минутын турш цахилгаангүй сууж, УБЦТС ХК 971 кВт.цаг цахилгаан эрчим хүчийг дутуу түгээсэн хохирол амсаад байгаа аж.
Зөрчил гарсан талаар арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 11 цаг 42 минутад Баруун түгээх төвийн ээлжийн инженерт дуудлага ирснээр засварын бригад газар дээр нь шуурхай ажиллаж, гэмтлийг устган ажилласан байна. Харин “Оргил” худалдааны төв буюу “Моннидер” ХХК-ийн хувьд уг хэргийн талаарх актад заасны дагуу засварын болон бусад хохирлыг холбогдох байгууллагад төлөх, мөн цахилгаан шугам тоноглолын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, улмаар айл өрхүүдийн цахилгаан хэрэгслийг шатаасан гэх гомдлыг барагдуулахаар болсон байна.
Д.ЦЭНГЭЛМАА