Алавитуудын тосгонд 125 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Алавитуудын тосгонд 125 хүн амь үрэгдэв

Сирийн төв нутгийн Хама мужийн алавит сүсэгтнүүдийн Акраб тосгонд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 125 хүн амиа алдсан тухай Agence France Presse агентлаг Syrian Observatory for Human Rights гэх хүний эрхийн байгууллагын мэдээг эх сурвалж болгон дамжуулжээ.

    
Босогчид энэ хэрэгт хамаатай гэх шууд баталгаа байхгүй болохыг хүний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдэж байна. Хэрэв тийм баталгаа гарч ирвэл Сирийн хямралын үеэр босогчдын өшөө авсан хамгийн том хэрэг болох юм. Исламын шийтийн салаанд хамаарах алавитууд нь Сирийн хүн амын 15 хувь болдог.

АНУ-ын Төрийн департамент босогчдын "Аль-Нусра" бүлгийг террористуудын жагсаалтад оруулсан мэдэгдэл гаргасантай давхцан алавитуудыг яргалсан мэдээлэл гарч ирж байна. Вашингтоны мэдээгээр тус бүлэглэл нь Сирийн нутагт 600 гаруй аллага үйлдсэн бөгөөд “Аль-Каида”-тай шууд холбоотой ажээ. Башар Ассадын талынхан ба түүний эсрэг хүчнийхний хоорондын мөргөлдөөн бараг бүтэн хагас жил үргэлжилж байгаа юм. 2012  оны зун НҮБ ба Сирийн эрх баригчид сөргөлдөөнийг иргэний дайн гэж нэрлэсэн байв. Хүний эрхийн байгууллагын мэдээгээр энэ сөргөлдөөнд 42 мянган хүн амиа алдаад байна. Дэлхийн хамтын нийгэмлэг өрнөж буй үйл явдалд НҮБ-ын төвшинд нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж