Кайманы төрийн тэргүүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Кайманы төрийн тэргүүнийг баривчилжээ

Кайман арлын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өчигдөр төрийн тэргүүн МакКева Бушийг авлига, хээл хахуулийн хэргээр гэрээс нь баривчилсан байна. МакКева Бушийг хээл хахууль авсан, санхүүгийн луйвар хийж, эрх мэдлээ урвуулан ашиглаж,  хууль бус тэсрэх бодис импортоор оруулсан зэрэг олон хэрэгт буруутган баривчилжээ. Харин МакКева Бушийн штабын дарга Леонард Дилбертийн мэдээлснээр цагдаа нар мөрдлөгийн явцад түүний гэм буруутайг нь тодорхой нотлоогүй байж баривчилсан нь хууль бус үйлдэл хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс өмнө түүнийг хоёр ч удаа санхүүгийн гэмт хэрэгт сэжиглэн, мөрдөн шалгаж байсан аж.  МакКева Буш нь өнгөрсөн 2009 онд Кайман арлын төрийн тэгүүнээр сонгогдсон бөгөөд Аялал жуулчлал, санхүүгийн сайдын албыг давхар хашдаг байна. Кайман нь Их Британийн харъяа далайн нутаг дэвсгэрт орших 55 мянган хүн амтай, 264 квадрат километр талбай бүхий арал юм. Тус арал нь дэлхийн хамгийн бага татвартай газар гэдгээрээ алдартай.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж