Засгийн газар 100 тэрбумын бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Засгийн газар 100 тэрбумын бонд гаргана

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, импортоор орж ирж байгаа гурил, хүнсний ногооны гаалийн татварыг нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болно гэж үзжээ.

Мөн дотоодын ноолуурын үйлдвэрүүдийг түүхий эдээ худалдан авахад зориулж, урт хугацаат зээл олгоход хөрөнгийн эх үүсвэр болгож, Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргахаар шийдвэрлэсэн юм байна. Дээрх хэмжээний бонд гаргаснаар ноолуурын үйлдвэрүүд 2000 орчим тонн ноолуурыг малчдын гар дээрээс худалдан авч, түүхий эдээр гачигдахааргүй болох аж. Нөгөө талаас ноолуурын үйлдвэрүүд энэ онд 1800 ажлын байр шинээр бий болгох үүргийг хүлээж буй гэнэ. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд төрийн байгууллагууд төдийгүй, аж ахуйн нэгж, өрх бүр ажлын байр бий болгохын төлөө хүчин чармайлт гаргаж, төр түүнийг нь дэмжиж ажиллахаа мэдэгдсэн нь эхнээсээ ийнхүү ажил хэрэг болох бололтой.

Нэг зүйлийг онцолход, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ноолуурын экспортын татварыг сэргээх тухай асуудлыг оруулсан ч энэ удаад дэмжээгүй байна. Учир нь дээрх татварыг сэргээснээр ноолуурын ханш огцом унаж, энэ нь малчдын амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлэх учраас хойшлуулжээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж