Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Азийн айдас

“Унха-3” хөөрлөө /арай зөөлнөөр хэлбэл шүү дээ/. Харвах тушаалыг Хойд Солонгосын армийн командлагч өгчээ. Харвахаас нь өмнө Япон, Өмнөдүүд үүнийг Азийн харилцаанд сэв суулгах үзэгдэл гэж тайлбарлаж байсан ч өнөөдөр тэр пуужинг харвалаа. Өмнө нь тэр бүр үг дуугараад байгаагүй АНУ энэ үйл явдлын араас эсэргүүцлийн үг шидэж эхлэв. Дээр дурьдсан Өмнөд Солонгос, Япон улс ч үүнээс хойш Азид өөр харилцаа үүснэ гэдгийг мэдэгдээд байна. Тэртээ тэргүй Азид мундахгүй олон асуудал бий. Газар нутгийн маргаа, эдийн засгийн тогтворгүй байдал гээд… Яагаад заавал пуужин гэж? Ганц пуужин яагаад энэ бүгдийг хүндрүүлнэ гэж?

Өчигдөр “Техникийн саатал гарсан” хэмээн мэдээлж байсан “Унха-3” пуужинг орон нутгийн цагаар өнөөдөр өглөө 09:49 цагт харважээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард харвах гээд бүтэлгүйтэж байсан Пьехнянийн энэ үйлдэл өнөөдөр нэг юм “амжилт”-ыг дагуулав. Хойд Солонгосын засаг захиргаа үүнийг маш чухал ач холбогдолтой үйл явдал хэмээн тайлбарлаж байгаа. Тэдний үзэж байгаагаар гурван төрлийн ач холбогдлыг эх нутагт авчрах ёстой. Тодруулбал, Хойд Солонгосын зэвсэглэлийг шинэ төвшинд гаргана, дотоодын аюулгүй байдлыг хамгаалахад тус дөхөм болно, дэлхийн бусад улс оронтой шинэ төвшний тохиролцоонд хүрнэ гэж тэд үзэж байгаа. Яг одоо хойдчууд энэ үйл явдлаа тэмдэглэж байгаа. Шинэ зуун гарснаас хойш болсон томоохон үйл явдлын нэгд зүй ёсоор өнөөдрийн үйл явдлыг оруулах болно. Тэдний бахархаж байгаа энэ асуудал ардаа чухам ямар зүйлийг дагуулж байгаа бол… Угтаа энэ пуужин харилцааны хурцадмал байдлыг хамт харван авчирсан гэж хэлж болохоор байдал өнөөдөр үүсээд байна.

Улстөрийн эмзэг байдал

Дэлхий дахин энэ жил сонгуулиар амьсгалсан гэхэд болно. Томоохон гүрнүүд, Азийн ихэнх улсууд энэ жил сонгуулиа хийсэн. Азийн эдийн засгийг тодорхойлж байдаг гурван том гүрэн тодорхой шинэчлэлтэй учраад байгаа. Хятад улс аль хэдийнэ Хугаас Ши рүү шилжээд удаагүй байна. Мөнхүү ирэх 20 жилийн улстөрийн бодлогыг дэлхий дахинд илүү нээлттэй болгохоо зарлаад байгаа. Харин Япон, Солонгос улсууд энэ жил томоохон өөрчлөлт хийнэ. Бүр тодруулбал, ирэх 16-ны өдөр Япон улсад сонгууль болно. Харин 19-нд Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Хоёр солонгосын дайн болж, солонгос улс хоёр хуваагдсанаас хойш Япон улс Өмнөдийг илүү түших болсон. Тиймээс улс төрийн ямар ч өөрчлөлт болсон Хойд Солонгосын энэ байдлыг хэрхэн дарах нь шүдний өвчин байх болно. Дээрээс нь Өмнөдийн томоохон холбоотон гэгддэг АНУ ч энэ үйл явдлыг нэг их таашаахгүй байгаа. Дэлхийн улстөр, нийгэм, эдийн засгийн тавцанд эзэлдэг байр суурийг нь харвал АНУ бол “том ар тал”. Сар гаруйхны өмнө АНУ ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, Барак Обама улиран сонгогдоод байгаа.

Энэ бүх томоохон улстөрийн шинэчлэлтүүдийг Хойд Солонгос зүгээр хараад суухгүй нь тодорхой. Тиймээс тэдний хувьд пуужин харвахаас өөр сонголт байгаагүй бололтой. Учир нь эдийн засгийн хувьд тийм ч нээлттэй биш, дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд азийн орнууд дундаа сүүл мушгидаг гэх энэ оронд дэлхийн анхаарлыг хандуулах гол арга нь энэ. Тэгээд ч пуужин харвах анхны туршилтыг 1998 онд хийж байсан зэргээс нь харвал цорын ганц “хөзөр” нь пуужин байсан гэхэд болно. Тиймээс ч “Тэд пуужингаараа барьцаалж, улс гүрнүүдтэй тохиролцоо хийнэ” гэж Пентагон үзэж байна.  Хэрвээ Япон, Солонгос, АНУ, Хойд Солонгостой хэлэлцээрийн ширээний ард суувал зээл тусламж болоод хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг өмнөхөөсөө дээшлүүлэх санал тавьж ч болох юм. 2000-аад оны эхэнд цөмийн реакторыг эрчимжүүлж байсан хойдчууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлтэй хэлэлцээрийн ширээний ард суухдаа зөвхөн энэ л шалтгаанаар цөмийн хөтөлбөрөө “зогсоож” байсан билээ.

Газар нутгийн эмзэг байдал

Зүүн хятадын тэнгист үүсээд байгаа арлын маргаан, Өмнөд хятадын тэнгист үүссэн арлын маргаан зэрэгт хамгийн их холбогдсон нь Хятад. Сенкакү арлын тухайд Япон-Хятад улсын харилцаа хурцдаад байгаа. Япон улсад Хятадыг эсэргүүцэх хөдөлгөөн өрнөж, Хятад харин Япон улсыг буруутгасаар байна. Харин өмнөд хятадын тэнгис дэх арлын маргаан илүү ээдрээтэй Филлипин, Хятад, Вьетнам, Тайланд, Малайз, Бруней зэрэг улсын хилийн зурвас орших энэ арал бас л маргаантай байгаа. Вьетнам, Филлипин, Малайз зэрэг улсууд хятадуудыг буруутгаж байгааг санах хэрэгтэй. Харин Өмнөд Солонгос, Орос, Япон зэрэг улсын дунд Курилын арлын маргаан бийг мартаж болохгүй. 

Пуужин үүнд ямар хамаатай вэ гэж үү? Одоогоор пуужин харвасан асуудлыг буруутгасан эсвэл зөвтгөсөн ямар ч үйлдлийг Орос, Хятад улс хийгээгүй байна. Хэрвээ Хойд Солонгостой харилцаа сэвтэж эхэлбэл байдал хаашаа эргэхийг үүсээд байгаа нөхцөл шийднэ. Тэртээ тэргүй эмзэг байгаа энэ асуудалд хэн, хэн нь үндэсний эрх ашгаа бодвол Орос, Хятад хоёр Хойд Солонгосын талд орохыг үгүйсгэхгүй. Үүнийг Японы хэвлэл мэдээллийн агентлагууд ч ийм мэдээллийг хийгээд байна. Угтаа яг энэ байдалд л Хойд Солонгосчууд хэлэлцээрийн ширээний ард суухын тулд “Унха-3” пуужинг харвасан байж болох талтай.

Эгдүүцэл

Туршилтын харвалтыг олон улсын хэмжээнд эсэргүүцэж байгаа тухайгаа улс гүрнүүд мэдэгдсээр байна. Хамгийн түрүүнд эсэргүүцлийн мэдэгдэл хийсэн улс нь Япон. Тэд Хойд Солонгосын пуужин харвасан үйлдлийг олон улсын харьцааг хурцатгах үйлдэл хэмээн мэдэгдээд байна. “Энэ үнэхээр шагширмаар үйл явдал. Хойд Солонгос гэдэг улс бол дэлхийн улс. Дэлхийн улс гүрнүүдийг түгшээсэн ийм үйлдэл хийх нь зүйд нийцэхгүй хэрэг” гэж Япон улсын Аюулгүй байдлын хорооны дарга Осаму Фужимура мэдэгдсэн байна. Харин Өмнөдүүд энэ байдалд одоогоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлагын түгээснээс үзвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Мун Бак яг одоо маш нууц төвшний хуралдааныг Засгийн газар болоод Аюулгүй байдлын зөвлөлийн дунд “Хөх ордонд” зохиож байгаа аж. Энэ нууц хурал одоо ч үргэлжилж байгаа. Харин энэ тухай мэдээллийг хэзээ албан ёсоор өгөх нь одоогоор тодорхойгүй байна. АНУ ч энэ асуудалд сөрөг байр суурьнаас хандаж байна. “Хойд Солонгосын энэ үйлдэл Ази тивийн хэмжээнд маш хурцадмал байдлыг үүсгэлээ. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралдаа авна гэдэгт найдаж байна” гэж гадаад харилцааны асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Виллиам Хааг ярьжээ.

Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар G-20-ийн улсуудын батлан хамгаалах сайдуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах талаар яриа аль хэдийнэ тарж эхэлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус шуурхай хуралдаан ч зарлагдаад байгаа аж. Гэхдээ энэ бол тодорхойгүй мэдээлэл. Ямар ч байсан Өмнөд Солонгос онц байдлын дохиог батлан хамгаалах салбартаа өгчихсөн байгаа. Яг одоо хоёр солонгосын дунд байрлах цэрэггүй бүсийн ойр орчимд байрлах харуулын тоог тодорхой хэмжээгээр нэмээд байгаа.

Нэг пуужин харвахад Зүүн азийн улстөрийн байдал эгзэгтэй болоод байна. Өмнөдүүд яг одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж, өмнөдийн иргэд хойд солонгосын удирдагчийг элдэв янзаар шоглосон зурагт хуудсыг тарааж эхэлсэн гэх. Бүс нутгийн байдал бүхэлдээ “бужигнаж” байгаа энэ үед Хойд Солонгост юу болж байгааг уншигч та бараг таасан байх. Тэд баярлаж байгаа. Шинэ зууны томоохон үйл явдал улсад нь тохиолдсон гэж бүтэн таван цагийн нэвтрүүлэг орон нутгийн телевизээр нь цацагдаж байгаа. Харин Ази тэднээс айж байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж