Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Амины үнэтэй наргиа

Их Британийн хунтайж Уильям, түүний гэргий Кэйт Миддлтон нар үртэй болох гэж буй тухай мэдээ өнгөрсөн долоо хоногт дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болов. Гэтэл хааны гэр бүл төдийгүй олон сая хүний хувьд баяр хөөр авчирсан энэ мэдээг туйлын эмгэнэлтэй нэгэн явдал харлуулж орхих нь тэр. Австралийн нэгэн радиогийн нэвтрүүлгийн хөтлөгчид К.Миддлтоны хэвтэж байсан Лондоны эмнэлэг рүү утас цохиж, өөсрдийгөө хатан хаан Елизавета II ярьж байна хэмээн итгүүлсэн төдийгүй гүнжийн эрүүл мэндийн талаарх бага сага зүйлийг асууж мэдсэн бөгөөд тэдэнд хууртагдсанаа төдөлгүй ойлгосон сувилагч эмэгтэй гурван өдрийн дараа амиа егүүтгэжээ.

1899 онд байгуулагдсан Эдуард VII хааны нэрэмжит эмнэлэгт хатан хааны гэр бүлийнхэн хэдэн үеэрээ эмчлүүлж байгаа юм. 80-аад онд одоогийн хатан хааны эх энд хэвтэж байсан бол Елизавета II өөрөө төдийгүй түүний хүү Үэльсийн хунтайж мөн энд мэс засалд орж байжээ. 2012 оны зургадугаар сард хунтайж Филипп гэргийнхээ хаан ширээнд суусан их ойн баяр дээр бие нь чилээрхсэнээс энэ эмнэлэгт хүргэгдэн ирж байв. Эмнэлэг болоод харьяанд нь байдаг буяны сангийн ивээгч нь хатан хаан өөрөө юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт гүнж К.Миддлтон дотор нь муухайрснаас энэ эмнэлэгт ирж хэвтжээ.

Чухам ийм учраас Австралийн радиогийн хөтлөгч Мел Грэйг өнгөрөгч мягмар гаригийн шөнө эмнэлэг рүү залгаад, 86 настай Елизавета II-ын хоолойг дуурайн дуугарч “Ач охинтойгоо яримаар байна” гэсэн бөгөөд дотуур холбооны сүүлчийн цэг дээр утас авсан сувилагч Жасинта Салданья үнэхээр хатан хаан ярьж байна хэмээн итгэж орхисон байна. Хэдийгээр муухан британи аялгаар ярьсан боловч наргианы эзэд, тоглоом нь ийм үнэмшилтэй болно гэж бодоогүй аж. Уул нь тэд гүнжтэй шууд холбогдоод, хатан хаан биш гэдэг нь тэр дороо баригдаж тоглоом дуусна хэмээн бодсон боловч харилцуурыг сувилагч нь авчээ. Хатан хаантай “ярьж” байгаадаа жигтэйхэн догдолсон сувилагч гүнжийг шөнө нойр муутай хоносон, одоо унтаж байна гэхчлэн “долоон булчирхайг нь тоочиж” байх зуур хэргийн эзэд харилцуурт хунтайж Чарльзыг дуурайн дуугарах зэргээр тоглосоор л байсан аж.

Маргааш нь ярианы бичлэг эфирт гарснаар Сиднэйн 2day FM гэдэг жижигхэн радио дэлхий даяар алдаршив. Эмнэлгийн захиргаа ажилтнуудаа сэтгүүлчдийн зохисгүй үйлдлийн золиос болсон гэдгийг мэдэгдээд, гуйх ёстой хүмүүсээсээ уучлал гуйлаа. Хатан хааны гэр бүл тайлбар хийхээс татгалзав. Хөтлөгчид өөрсдөө, тоглоомонд нь хүн итгэнэ гэж огтоос бодоогүйгээ хэлж, гүнжийн мууг үзэх гэж залгаагүй хэмээн учирлажээ. Дараагийн хоёр өдрийнх нь турш Twitter-т нь орж ирсэн мянга мянган сэтгэгдэл радиогийнхныг “амжилт”-даа бялуурахад хүргэв. Радиогийн удирдлага сэтгүүлчдээ ямар ч хууль зөрчөөгүй, нэвтрүүлгийг эфирт гарахын өмнө өмгөөлөгчид нь зөвшөөрсөн болохыг тэмдэглэн хэлж байлаа. Зургааны пүрэв гаригт эмч нар К.Миддлтоныг эмнэлгээс гаргав. Их Британийн хэвлэлүүд, нөхөр нь гэргийгээ эмнэлгээс гарган авч буй аз жаргалтай зургуудаар тэргүүн нүүрээ чимлээ. Харин маргааш нь сувилагч Жасинта Салданьягийн цогцсыг цагдаагийнхан эмнэлгийн ажилтнуудын байрнаас олсон байна. Үхлийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй боловч, энэтхэг гаралтай 46 настай тэрхүү эмэгтэйг амиа хорлосон хэмээн урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Албан ёсны мөрдөн байцаалт дуусаагүй ч хэвлэлүүд Ж.Салданьяг, тоглоомонд хууртагдан хатан хааны гэр бүлийн гишүүний хувийн амьдралын талаарх мэдээллийг санаандгүй тарааснаасаа болж цочролд орон амиа хорлосон гэж дүгнэсэн байна. Хамаатан садан, найз нөхөд, ажлынхных нь хэлснээр бүсгүй сэтгэл санаа нь ямар байгаагаа хэнтэй ч хуваалцаагүй бөгөөд гүн сүсэгтэй католик шашинтан түүнийг ажил дээрээ сэтгэлийн дарамтад орсноос амиа хорлосон байх гэж найз эмэгтэй нь үзсэн бол төрсөн дүү нь, асар ичсэнээсээ болж ийм үйлдэл хийсэн болов уу гэж дүгнэснээ хэвлэлийнхэнд хэлжээ. Бүсгүй Лондоноос 200 км зайтай Бристоль хотод суудаг нөхөр хүүхэд дээрээ амралтын өдрөөр л очдог байсан гэнэ.

Эдуард VII хааны нэрэмжит эмнэлэгт дөрвөн жил ажилласан Ж.Салданьяг, хамт олныхоо хайр хүндэтгэлийг татсан сайн ажилтан байсан хэмээн удирдлага нь тодорхойлжээ. Хүний тоглоом болсных нь дараах хүнд өдрүүдэд түүнийг дарга цэрэггүй дэмжиж, шийтгэх халах тухай ч яриагүй гэнэ. Эмгэнэлт явдал болсны маргааш хунтайж Уильям гэргийн хамтаар талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд хатан хааны ордон болсон явдалтай холбогдуулан эмнэлгийнхэнд ямар нэг гомдол санал тавиагүй, Австралиас ирсэн дуудлагыг анх авсан, улмаар гүнжийн өрөөтэй холбосон ажилтнуудыг сэтгэл санааны хувьд дэмжсэнээ мэдэгдсэн байна. Дашрамд дурьдахад, тухайн үед утсан дээр байсан бусад ажилтнуудын нэрийг аль ч тал зарлаагүй юм.

Ж.Салданьяг нас барсны дараа 2day FM радиогийн удирдлага хэргийн эзэн Мел Грэйг, Майкл Кристиан нарт эфирт гарахыг нь хоригложээ. Радиогийн удирдлага болоод эзэд тэдний өмнөөс эмгэнэл илэрхийлэхдээ “Хөтлөгчид гүн цочролд орсон тул сэтгүүлчидтэй нүүр тулах боломжгүй байна” хэмээн тайлбарласан байна. Уурсаж хилэгнэсэн хүмүүсийн сэтгэгдэл мянга мянгаараа дарж байгаа тул хоёр хөтлөгч Twitter дэх хуудсаа хаасан бөгөөд тэдний сэтгэл санаа, аюулгүй байдалд зовнисон радиогийн удирдлага түр хугацаагаар нууц газар байлгаж байгаа аж.

Лондонд хааны эмнэлгийн үүдэнд хүмүүс цэцэг тавьсаар байгаа энэ өдрүүдэд дэлхий дахины интернэт хэрэглэгчид 2day FM радиог, болсон явдалд буруутгасаар байна. Тэдний нэг хэсэг нь Мел Грэйг, Майкл Кристиан хоёрыг ажлаас нь халахыг шаардаж байхад зарим нь шүүхэд шилжүүлэх саналтай байгаа аж. Харин Австралид явуулсан санал асуулгаар бол нутаг нэгтнүүд нь сайхь хоёрыг, англи сувилагчийн үхэлд буруугүй хэмээн үзэж байгаа ажээ. Радиогийн удирдлага ч, үйл явдал ингэж эргэнэ гэдгийг урьдчилан харах аргагүй байсан тул ажилтнууд буруугүй гэдэг байр суурьтай байгаа аж. Радиог эзэмшдэг “Southern Cross Austereo” компанийн захирал Рис Холлераны мэдэгдсэнээр бол 2Day FM-ийн ажилтнууд гайт бичлэгийг цацахаасаа өмнө эмнэлгийнхэнтэй “зөвлөлдөхийн” тулд Лондонтой холбоо барихыг хэд хэдэн удаа оролдсон гэнэ. Тэгвэл радиогийн албан ёсны төлөөлөгч Сэнди Кэй сувилагч бүсгүйг сэтгэцийн хямралаас болж амиа хорлосон байх гээд “Манай руу дайрах амархан, харин чухам амьдрал дээр юу болсон, түүнд нь бид ямар хариуцлага хүлээх ёстойг тодруулах хэцүү” гэж хэлсэн байна.

Радиогийн удирдлага хүмүүсээ буруугүй хэмээн мэтгэсээр байгаа боловч байгууллагынх нь нэр хүнд унаж гүйцэж байна. Зар сурталчилгаа явуулдаг ихэнх түншүүд нь хамтран ажиллахаас татгалзсан тул радио сурталчилгаа цацахаа түр хугацаагаар больж, редакцийн бодлогоо эргэж харахаа зарлажээ. Хакеруудын алдартай “Anonymous” бүлэг Мел Грэйг, Майкл Кристиан хоёрыг ажлаас нь халахгүй бол радиогийн сайтад халдаж, архивыг нь устгана хэмээн сүрдүүлсэн явдал ч гарсан байна.

Шөнө дөлөөр эмнэлэг рүү утастаж тоглоом хийх нь олигтой санаа биш ч, хэргийн эздийг ойлгож уучлахад хэцүү биш юм. Тоглоом нь шоглоом болно гэдгийг тэд мэдээгүй нь тодорхой бөгөөд “тоглуулсан” хүмүүс хэр бөх нервтэй, хариу үйлдэл нь ямар байхыг тааварлах аргагүй тул ийм маягийн наргиа араасаа хэзээд л эрсдэл дагуулдаг. Үүнээс гадна Британийн хэвлэл мэдээллийнхний хувьд тохиож буй нэгэн онцгой үед энэ явдал болсон юм. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд тус улсад хэвлэл мэдээллийнхэн бусдын хувийн амьдралд халдсан хэд хэдэн дуулиан дэгдэж, бүхэл бүтэн сонинууд хаагдаж, ажилтнууд нь эхнээсээ дээлээ толгой дээгүүрээ нөмрөхдөө тулаад байгаа билээ. Нэмэр дээр нэрмээс л юм даа.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж