Парисийн Дарь эхийн сүм ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Парисийн Дарь эхийн сүм ойгоо тэмдэглэнэ

Ойн арга хэмжээнд шашны болон соёлын арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байна. Парисийн шашны их шавийн газар Францын нийслэлийн захиргаатай хамтран ойд бэлтгэж байгаа аж.  

Дэлхийд алдартай Парисийн Дарь эхийн сүм 2012 оны арванхоёдугаар сарын 12-ноос 2013 оны арваннэгдүгээр сарын 24-нийг хүртэлх бараг бүтэн жилийн хугацаанд 850 жилийн ойгоо тэмдэглэх болсон тухай Ватиканы радио мэдээлжээ. Баярын арга хэмжээ энэ лхагва гаригийн оройн мөргөлөөр эхлэх аж. Түүнийг Парисийн тэргүүн хамба Андре Вен-Труа явуулах ба Францын Дотоод хэргийн сайд Мануэль Вальс, Парис хотын захирагч  Бертрана Деланоэ зэрэг нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд уг арга хэмжээнд оролцох ажээ.

Парисийн их шавийн газрын тэргүүн хамба Андре Вен-Труа нийслэлийн зочдод хандан “Даяанчийн маршрутаар” аялахыг санал болгож байна. Төв дацангийн талбайгаас эхлэх замаар аялснаар Парисийн Дарь эхийн сүмийн тухай олны төдийлөн сайн мэдэхгүй  түүхтэй танилцах гэнэ. 1163 онд Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм бариулах гэсэн Парисийн хамба Морис де Сюллийн санааг дэмжжээ. Байгуулагдснаас нь хойших 850 жилийн хугацаанд уг сүм интерьер дизайнаа хэд хэдэн удаа шинэчилж байв. Одоо тэнд 8000 цорготой, 111 регистртэй дэлхийн хамгийн том орган хөгжим байдаг. Сүмд Христийн өргөст титэм хадгалагдаж байгаа. Парисийн Дарь эхийн сүм Виктор Гюгогийн 1831 онд бичсэн  “Парисийн Дарь эхийн сүм” романы дараа онцгой алдартай болсон байлаа. Уг сүмийг жил бүр 14 сая хүн ирж үздэг ажээ.

850 жилийн ойн арга хэмжээнд зориулан Францын шуудан хоёр марк гаргаж байгаа ба хоёрдугаар сард сүмд шинэ хонх байрлуулж, ирэх жилийн гуравдугаар сарын 23-нд анх удаагаа дуугаргах гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж