Чингис хаан, Линкольн, Цин ши Хуандий

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Чингис хаан, Линкольн, Цин ши Хуандий

Саяхан АНУ-ын Конгрессийн гишүүд ордондоо Стивен Спилбергийн найруулсан “Линкольн” хэмээх шинэхэн киног үзэхээр болсон байна. Мөн Ерөнхийлөгч Б.Обама Цагаан ордондоо уг киног хувиараа үзжээ. Аль нэг кино наадам, олон нийтэд толилуулахаас өмнө яагаад зөвхөн хүчирхэг АНУ-ыг удирдаж буй эрхмүүд уг киног тусгайлан үзвээ?

Абрахам Линкольн бол өнөөгийн хүчирхэг, ардчилсан, нэгдмэл Америк гүрнийг буй болгоход өөрийн амьдралыг ч, амь насыг ч зориулсан АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч. Түүний хэлсэн “Government of the people, by the people, for the people, shall not perish from the Earth.”/өнгөцхөн орчуулбал, “Ард түмний төлөө, ард түмнээр бүрдүүлсэн, ард түмний Засгийн газар Хөрст дэлхийгээс хэзээ ч устан арилахгүй.”/ гэх мэт өнөөгийн ертөнцөд огтхон ч үнэ цэнээ алдаагүй гайхалтай үзэл санааг дэлхийн соёл боловсролтой бүх хүн мэддэг.

Дэлхий дахин түүний дотор АНУ-ын өмнө шинэ шинэ том сорилтууд тулгарч байна. Дэлхийн эдийн засгийн хямрал, дулаарал, бүс нутгуудад өрнөж буй дайн дажнууд, байгалийн гамшиг, ажилгүйдэл…

Хоёр зууны тэртээ АНУ засаглалын хувьд үгэнд ордоггүй том толгойлсон газрын эздийн бүлэглэл, салангид эдийн засаг, хар арьст боолууд, иргэний эрх чөлөө, эмэгтэйчүүдийн ихээхэн хязгаарлагдмал эрх бүхий ардчиллын үндэс суурь сул орон байсан.

Энэ үед АНУ нэгдмэл байж л хүчирхэгжинэ, нэгдмэл байж л бүс нутагтаа цаашлаад дэлхийд манлайлна, нэгдмэл байж л хямралаас сэргийлнэ, эдийн засгийн бат бэх суурьтай болно гэдгийг Линкольн ерөнхийлөгч олж харж үүний төлөө тууштай зүтгэсэн удирдагч юм. Америкийн дотоодод дэгдсэн Иргэний дайны дундуур улс орноо амжилттай удирдан авч явж нэгдмэл нэг улс үндэстнийг цогцлоож чадсан юм.

Өнөөгийн Америкийн удирдагчид Линкольний үзэл санаанаас сурах гэж АНУ-ын энэ киног яаран догдлон үзэж байгаа хэрэг. Линкольн Америкийн хууль зүйн шинэтгэлийг амжилттай хийсэн төдийгүй улс орны хэмжээнд бизнесийн таатай орчинг бүрдүүлж чадсан нэгэн. 

АНУ-ын хоёр эргийг төмөр замаар холбосон, хар арьстныг боолчлох ёсыг халж боловсролын тогтолцоог шинэчилсэн, дотоодын аж үйлдвэрийг хөгжүүлсэн, үндэсний хэмжээний банкны тогтолцоог бүрдүүлсэн, муж улс болгонд  одоогийнхоор техник мэргэжлийн коллеж байгуулсан, бизнес эрхлэгчдийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгосон гээд түүний хэрэгжүүлсэн бодлогууд одоо ч америкчуудын сэтгэлийг догдлуулсаар. 1960-аад оноос хойш олон нийтийн дунд явуулсан судалгаагаар Абрахам Линкольн Ерөнхийлөгч америкчуудыг хайр хүндэтгэлийг хүлээсэн ерөнхийлөгчөөр эхний гуравт байнга шалгарсаар ирсэн байдаг юм.

Чингис хаан ч ялгаагүй нэгдсэн Монгол улсыг байгуулахын төлөө бүх насаа зориулсан. Хэдийгээр манай түүхчид төдийлөн гүнзгийлэн судладаггүй ч түүний бүтээсэн “Түмтийн тогтолцоо” нь овог аймгаараа ялгарч үргэлжийн мөнхийн дайн самуунтай байсан монголчуудын зөрчлийн арилгах гэсэн ухаалаг шийдэл байсан юм. Өөрөөр хэлбэл түмт бол цэргийн төдийгүй, засаг захиргааны бүтэц байв. Бүх иргэд аль нэг түмтийн захиргаанд орсон. Ил хаадын улсын Ерөнхий сайд Рашид ад Диний зохиолгосон “Судрын чуулган”-д энэхүү түмтийн бүх бүтэц, түмтийн тэргүүнээр хэн хэнийг томилсон, зэргийг маш нарийн өгүүлсэн байдаг юм. Түмтийн захиргаа буй болсноор монголчуудын дунд овог аймгаараа талцах нь зогссон. Ингэж Чингис хаан дотоодын самууныг зогсоож, овог аймгуудын тус тусын аман хуулиас илүү нэгдмэл шинжтэй, төгөлдөр боловсруулсан “Их Засаг” хуулийг мөрдүүлсэн.

Хятад ч өөрийн гэсэн нэгтгэсэн их удирдагчтай. Хятадыг нэгдмэл нэг гүрний зангарганд оруулсан гавъяатан нь Цин ши хуандий /уг нь Чин ши хуандий гэж бичих нь зөв/. Тэрбээр Хятадын байлдаант улсууд гэж нэрлэгдсэн олон жижиг улсуудыг нэгтгэсээр Хятадын түүхэнд анхны нэгдсэн гүрэн болон Цин улсыг байгуулсан бөгөөд өнөөгийн Хятадыг өрнө дахинд China гэдгийн үндэс нь энэхүү Чин ши хуандийгийн байгуулсан Чин улсаас үүсэлтэй.

Чин ши хуандий Хятадад нэгдмэл үсгийн дэг, зурлага, нэгдмэл мөнгө, нэгдсэн хууль нэгдсэн засаг захиргааны бүтцийг буй болгосон нэгэн.

Энэ түүхэн бие хүний намтар, улс үндсээ гэсэн гүн ухааныг нь харуулахаар Хятадууд хэд хэдэн лут кино туурвисан. Тухайлбал Чэн Кайгө найруулагчийн 1999 онд өөрөө бичиж найруулсан “The Emperor and the Assassin” хэмээх кино дэлхий дахинд ихээхэн алдаршсан.

 Салангид дорой Орос орныг Петр хаан нэгтгэн, хүчирхэг болгож чадсан. Оросууд түүнд “Великий” буюу Агуу Их гэдэг алдар цолыг хайрласан. “Их Петрийн шинэтгэлүүд” гэж нэг өгүүлэлд багтахгүй их юм бий.

Төр улсыг засаглана гэдэг маш нарийн технологи. Ийм нарийн зүйлийн наад захын ойлголтгүй бэлэн ам, орилоо хашгираа нөхдүүдийг Бэлэн Сэнгэ гэж нэрлэлээ. 

Саяхан Монголд ерөнхийлөгч асан Энхбаярыг шүүв. Энэ хүн төр улсыг мөн ч их бужигнуулж байна даа гэсэн бодлоор энэ жижиг нийтлэлийг бичлээ. Түүнийг дагаж гүйдэг, өмөөрдөг бэлэн Сэнгүүд яасан их болсон юм бэ? Бид төр улсаа гудамжны тохиолдлын бэлэн Сэнгүүдээр удирдуулаад байвал юун яасан аз жаргалтай, аюулгүй ирээдүй вэ? Ард түмэн гэдэг хувийн атгаг шуналаа хазаарлаж болохоо байсан цөөн хэдэн этгээдийн гарын үзүүрт явдаг мод шийдэм болсон юм уу? Жирийн хүн өвдөхөд хөдөлж өгдөггүй нөгөө эмч нар чинь хэд хэдээрээ сүржин мэдэгдэл хийсээр. Наад захын хүүхдийн эмнэлгүүд ямар хөөрхийлөлтэй байдаг билээ. Эд тийм л хүнлэг юм бол хүүхдийн эмнэлгийн шээс ханхалсан ор дэвсгэрүүдийг солиулахаар мэдэгдэл хийж байхгүй яасан юм.

Өнөөдөр Монгол Улсад маань баялаг бол баялаг, зээлсэн ч гэсэн доллар бол доллар, төр засагт маань улс орноо хөгжүүлье гэсэн их зорилго тэмүүлэл, ард түмэнд маань урд хойд хөршийнхөө хэнээс нь ч дутахгүй сайхан амьдрах гэсэн их хүсэл эрмэлзлэл байна. Хамгийн гол нь өнөөдөр нэгдмэл байдал хамгаас чухал болоод байна. Үүнийг хагалан бутаргах гэсэн улс төрийн зарим хүчин л дээрх эрхэм зорилтыг маань үгүй хийж магадгүй.

Монголчууд дотроо самуунтай, тархай бутархай байх үед маань л их гүрнүүд улам задалж, нэг нэгээр нь залгисаар атгандаа оруулсаар ирснийг бид умартах ёсгүй. Бас Монголчууд нэгдмэл, нэг зорилготой явахдаа дэлхийд өөрийн засаглал, соёл, худалдааны дүрэм журмыг тогтоож явснаа ч бид мартах учиргүй.

Алун Гоо эхийн хэн ч хугалшгүй нэгдмэл таван сумны сургааль одоо ч монголчууд бидэнд улс үндэстний эв нэгдэл, өрх гэрийн эв нэгдэл, ах дүүсийн эв нэгдлийг сануулсаар.

Профессор Ж. Баттөр /МУИС, ОУХС/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж