Баян-Өлгий рүү явсан автобус хулгайгаар зорчигч тээвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий рүү явсан автобус хулгайгаар зорчигч тээвэрлэжээ

Баян-Өлгий аймаг руу Улаанбаатар хотоос зорчигч тээвэрлэхээр болсон паз автобус нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Авто тээврийн товчооноос 1750 километр газар руу ганцхан хүнтэй хөдөлжээ. Тэд уржигдар өдрийн 16:00 цагийн орчим тус аймаг руу зорчих хуваарийн дагуу ийн явахаар болсон байна. Бүхэл бүтэн 1700 гаруй километр зайд ганцхан хүн тээвэрлэж явна гэхээр ухаан муутай хүнд ч гэсэн үл итгэх сэтгэл төрнө. Тэрдундаа 100 километр зайд 30 литр гаруй бензин зарцуулдаг 28 хүний суудалтай паз автобусаар гээч.
Энэ мэдээллийг дуулаад эх сурвалжуудтай уулзлаа. Өлгий рүү долоо хоногийн сондгой тоотой гараг бүрт нэг автобус явдаг. Гэхдээ зөвхөн Авто тээврийн товчоонд бүртгүүлэн тасалбар авсан зорчигчдыг л авч явах эрхтэй. Гэтэл уг автобусны жолооч тухайн өдөр тээврийн товчооны бүртгэлээс ердөө ганцхан эмэгтэй зорчигч авсан байна. 18-14 БӨТ улсын дугаартай паз автобусны жолооч н.Эркенбек гэх эр хяналтынханд “Хүн олдсонгүй. Жаахан ачаа аччихаад гарч байна” гэжээ. Гэвч эл жолооч тасалбаргүй зургаан хүн нууцаар аван замдаа гарчээ. Уг аймаг руу явахад нэг зорчигч 80 мянган төгрөг төлдөг. Үүний найман хувь буюу 6400 төгрөгийг тээврийн товчооны үйлчилгээний шимтгэл болгон өгдөг аж. Тэгтэл н.Эркенбек жолоочийг нэмж хүн авсаныг тухайн өдөр ажиллаж байсан хяналтын деспитчр н.Ариунаа болон автобус  хариуцсан компанийнх нь мэргэжилтэн нар харсан атлаа “Үгүй ээ. Ганцхан хүн авч явсан” хэмээн тас гүрийж байна.  Баян-Өлгий рүү явах чиглэлийг “Газрын од” ХХК хариуцдаг. Компанийн нэр хүндтэй холбоотой учраас гарч буй автобусуудыг маш сайн хянаж, бүх зорчигчдын бүртгэлийг заавал тээврийн товчоогоор дамжуулдгийг тус компанийн нэгэн ажилтан хэлсэн. Тэгвэл дээрх деспитчр болон “Газрын од” ХХК-ийн ажилтан хоёр юунд тасалбаргүй зорчигчдыг нууна вэ. Тээврийн товчооны найман хувийн орлогыг хувааж авсандаа тэрүү эвсэл, жолоочоос авлига хүртдэгтээ тэрүү. Ялангуяа холын тээвэрт гарч байгаа зорчигчийн эрүүл мэнд хамгаас чухал. Бүр амь даатгал гэж 6000 төгрөг нэмж авдаг. Гэтэл зургаан зорчигч ямар ч тасалбаргүй, жолоочид нь зардлаа шууд хураалган одоо л замдаа явж байгаа. Ингэснээр 480 мянган төгрөгийн зардал “Газрын од” компанийн данс биш жолооч, деспичр н.Ариунаа, мөн тус компанийн мэргэжилтэн гурвын халаасанд орсон байна.

Баян-Өлгий аймаг руу одоо болтол хатуу хучилттай зам тавиагүй. Түүнчлэн орчин үеийн тохилог том оврын автобус явах ямар ч боломжгүй. Гурван өдрийн турш хатуу явдалтай паз автобусанд сэгсчүүлж байж хүрдэг. Дээрээс нь автобусны жолооч нарын зарим нь их ааш муутай мөн монгол хэл сайн мэддэггүй гэх мэт гомдлыг зорчигчид хэлдэг аж.

Л.БААТАРХҮҮ

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж