В.Путины нурууны өвчнийг нууцлах шалтгаан

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

В.Путины нурууны өвчнийг нууцлах шалтгаан

Владимир Путины нуруу өвджээ. Кремлийнхэн “Тийм ч сүртэй биш ээ. Ер нь бараг юу ч болоогүй дээ” хэмээн дахин дахин хэлнэ, Тэгэхээр “Цаадахын чинь нуруу бараг л төмөр гэсэн үг” гэх шахуу сонсогдоно. Гэвч хойд хөршийн Ерөнхийлөгч гадны томоохон айчлалуудаа цуцалж, зарим уулзалтын товоо хойшлуулж, камерын өмнө тийм ч их харагдахаа болив. Барууныхан энэ тухай сэм, сэмхэн мэдээлсээр. Нуруу нь өвдсөнөөс болж ярвайн зогсох зургийг нь хүртэл олон нийтэд дэлгэв. Харин Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аль болох нам жим байхыг хичээх аж.

Хэдийгээр В.Путин зурагтаар гарахаа ор тас болиогүй боловч түүний эрүүл мэндийн байдлыг ийнхүү нууцалж байгаа нь олон сэжиг таамгийг араасаа дагуулж байгаа юм. Хэрэв үнэхээр бие нь муудсан бол яах вэ. Нурууны бэртэл нь маш хүнд байвал юу болох бол. Хэрэв тийм бол Оросын улс төрийн тогтвортой байдалд нөлөөлж магадгүй хэмээн “Риа Новости” агентлаг мэдээлжээ.

БЭРТЛЭЭС БОЛЖ ОРОСЫН УЛС ТӨР БУЖИГНАЖ МАГАДГҮЙ

Энэ оны эхээр Орост төр засгаа эсэргүүцсэн олон мянган иргэд жагсаал хийж, В.Путины эрин үе дуусах гэж байгаа тухай ам хуурайгүй ярьцгааж байв. Гэвч В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадсан юм. Гэхдээ түүнийг дэмжигчдийн тоо өмнөхтэй нь харьцуулахад эрс буурсан. Харин одоо бол тэмцэгч, эсэргүүцэгчдийн тоо цөөрсөн. Энэ нь Кремлиэс явуулсан бодлогын нөлөө гэж шинжээчид дүгнэдэг.

Оросын улс төрийн цикль 1993 оноос эрс өөрчлөгдсөн. Хүчирхэг ЗХУ задарч, Борис Ельцин улсаа засаглаж байх үед хэр тогтвортой байлгаж чадах вэ гэдэг нь эргэлзээтэй байв. Оросын эдийн засаг 1998 онд л гэхэд бүр уналтад орсон юм. Энэ үеэс Кремлийн удирдагчид олигархиудаасаа салах бодлого явуулж, 2003 онд “ЮКОС”-ыг мэдэлдээ авч байв. М.Ходоркосвкийг шоронд хорьсны ачаар бизнесмэнүүдийн улс төр дэх нөлөөг хазаарлаж эхэлжээ. Харин 2008 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээсээ хойш анх удаа гадны оронтой дайн хийсэн. Өөрөөр хэлбэл, Орост таван жил тутамд том үйл явдал болдог. Энэ тухай “Риа Новосты”-гийн шинжээч Фёдарь Люканов нэг удаа бичиж байв.

Тэгэхээр энэ циклийн дараагийн үе нь 2013 он буюу ирэх жил. В.Путин улсынхаа хаан гэдгээ нотлох ёстой жил. Тэр Оросын ирээдүйг өөрчлөх ямар нэгэн чухал шийдвэр гаргах ёстой. Гэхдээ тэр өөрийгөө зөвхөн эх орон нэгтнүүдийнхээ өмнө төдийгүй дэлхий нийтийн өмнө дахин нэг харуулах ёстой. Өмнө нь 1998-1999 оны үед гадны хэвлэлүүд Орос оронгүй дэлхийн тухай бичиж байсан бол 2001 оноос эхлээд Москвагийн эрх баригчид юу гэж үзэж байгааг онцгойлон анхаардаг болсон билээ. В.Путины хүчирхэг байдал үүнд нөлөөлсөн гэхэд болно. Тэгвэл одоо хүч нөлөө нь суларч, ард түмнийхээ дэмжлэгийг авах нь багасч байгаа гэх аугаа удирдагч тэр бүгдийг үгүйсгэх шаардлагатай болсон гэсэн үг юм. Ийм үед хүндээр өвдөж, эмнэлгээс салахаа боливол нэгмөсөн дуусахын дохио. Тиймээс Кремлийн ажилчид түүний биеийн байдлын талаарх мэдээллийг онцгойлон нууцалж байгаа бололтой.

"Ардчилсан оронд удирдагчийнх нь эрүүл мэндийн асуудал ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь хэрэг байдаг. Мэдээж хэрэг, ноцтой хүндэрчихээгүй бол шүү дээ. Харин авторитар дэглэмтэй оронд бол хамрын ханиад ч шуугиан тарина"

Зөвхөн гадаад гэлтгүй дотооддоо ч асуудал бий. Зөвлөлтийн үед л гэхэд Ленины бунханд цэцэг өргөх ёслолын үеэр очиж чадаагүй Коммунист намын удирдагчид эмнэлэгт хэвтсэн хойгуур Борис Ельцин Оросын улс төрийг самарч байсан түүхтэй. Тэгэхээр оросуудын хувьд энэ бол танил дүр зураг юм. Энэ талаар “MK” таблойд сонинд “Эрх мэдэл В.Путины нуруун дээр тогтож байна” гэх гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “Хэрэв түүний эрүүл мэнд муудвал Оросын улс төрийн тогтолцоо бүхэлдээ ганхана” гэсэн байсан юм.

В.ПУТИНЫ НУРУУНЫ БЭРТЭЛ ХЭР ХҮНД БАЙГАА ВЭ

В.Путины биеийн байдал үнэхээр тийм муу байгаа юу. Энэ тухай Санктпетербургийн “neva24.ru” сайтад “Түүний нуруу хүнд гэмтсэн” хэмээн бичжээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Станбул руу айлчлал хийх үеэрээ босч, суухад нь зовиуртай байгааг харуулсан В.Путины олон зураг хэвлэлийн хуудсан дээр гарсан юм. Тэрбээр Туркийн Ерөнхий сайд Ресеп Эрдоганд баяр хүргэх үеэрээ босохдоо тусламж хүсч байжээ. Харин Оросын төрийн мэдлийн телевизүүд айлчлалын тухай мэдээлэхдээ яг энэ хэсгийн дүрсийг  хассан байна. Харин энэ талаар Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко “В.Путин барилдах дуртай. Тийм болохоор барилдах үед нь нуруу нь буларсан байх” гэж ярьжээ. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон Сергей Иванов тэргүүтэй өндөр албан тушаалтнууд спортын төрлийн хоббинуудаа хөөх болсон. Харин урьд нь тэдний тэргүүн эгнээнд явдаг байсан В.Путин энэ удаад үл ялиг ярвайн Кремль хавиараа харагдах болжээ. Түүний нурууны бэртлийн талаар хамгийн анх Владивостокт болсон дээд хэмжээний улузалтын үеэр хүмүүс мэдсэн. Тухайн үед Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга нь энэ талаар “Ерөнхийлөгчийн нуруу огт өвдөөгүй” гэж байв. Харин зарим хэвлэл, тухайлбал, “Bloomberg”-т В.Путинг сээр нурууны хорт хавдартай болсон байж магадгүй гэж бичжээ. Ядаж байхад хажуугаар нь Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркт байх үедээ гараа хугалснаа нууцалсан ч тэр нь мөн л олон нийтэд дорхноо тархсан байна.

Владивостокт болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын дараа В.Путин сар бүр улсынхаа 2-4 мужид хийдэг аяллаа хийгээгүй. Мөн Ашгабат, Туркменстан, Энэтхэг, Болгар зэрэг оронд айлчлал хийж, “South Stream” хийн хоолой байгуулах ажлаа ярилцах байсан ч заримыг нь цуцалсан байна. “Энэ нь эмч нар олон цагийн  нислэг түүний нурууны өвчнийг улам сэдрээнэ гэж хэлсэнтэй холбоотой” хэмээн “Ведомости” сонинд бичжээ. Харин дараа нь “Ройтерс” В.Путин нурууны бэхэлгээ төмөр зүүж эхэлсэн ба удахгүй хагалгаа хийлгэх шаардлагатай болсон тухай мэдээлсэн юм. Төд удалгүй болсон Оросын ард түмний нэгдлийн баярын ёслолын үеэр В.Путин олны анхааралд нэг их өртөхгүйхэн шиг байжээ. Уг нь өнгөрсөн жилийн баяраар В.Путин, Д.Медведев хоёр бүх баяр ёслолын гол дүр болж байсан гэдэг. Энэ тухай “LiveJournal”-ийн блогч Андрей Малгин бичжээ. Харин өнгөрсөн сарын сүүлчээр Японы Ерөнхий сайд Ё.Надо В.Путины бэртлээс болж Орост хийх гэж байсан айлчлалаа хойшлуулсан. Ямартай ч дээрх мэдээллүүд гарах бүрт Д.Медведев тэргүүтэй кремлийнхэн Ерөнхийлөгчийнхөө эрүүл саруул байгааг дахин дахин нотолж, ярьсаар байсан юм.

Ардчилсан оронд удирдагчийнх нь эрүүл мэндийн асуудал ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь хэрэг байдаг. Мэдээж хэрэг, ноцтой хүндэрчихээгүй бол шүү дээ. Харин авторитар дэглэмтэй оронд бол хамрын ханиад ч шуугиан тарина. Хятадын Мао Зэдун 73 насандаа Янжи мөрнөөр сэлж байсан тухай домог шиг яриа байдаг бол Брежнев тэргүүтэй зөвлөлтийн хуучин удирдагчид өөрсдийн эрүүл чийрэг амьдралын тухай сурталчилдаг байлаа. Тиймээс В.Путины нурууны бэртэл хүнд, хөнгөн байгаа эсэхээс үл хамаараад энэ тухай мэдээлэл цахим орчинд хурдацтай тархсаар байна.

 Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж