&#34Mining journal awards&#34-ын гран приг &#34Энержи ресурс&#34 хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

&#34Mining journal awards&#34-ын гран приг &#34Энержи ресурс&#34 хүртлээ

Mongolian Mining Journal сэтгүүлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 7-ны өдөр зохион байгуулагдлаа. Нийт 6 номинац, 8 төрөлд явагдсан энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад Энержи Ресурс ХХК 608 оноо буюу хамгийн өндөр үнэлгээтэйгээр Шилдэгийн шилдэг – Гран при шагналын эзэн боллоо. Мөн Оны онцлох хүн номинацид олон нийтийн санал асуулгаар нийт 3362 санал ирснээс 18% буюу 558 саналын дүнгээр Энержи Ресурс ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал шалгарсан. Энэхүү төрөлд уул уурхайн салбарт бодитой ахиц гаргаж чадсан буюу бодлогын өөрчлөлт шинэчлэлт гаргах, дэмжлэг үзүүлэх байдлаар хамтран ажилладаг эрдэмтэн судлаач, бизнесмэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид гэх мэт нийт 22 хүний нэр дэвшсэн юм.

Mining Journal Awards нь төрийн болон санхүүгийн аливаа нөлөөллөөс хараат бус, бие даасан хэлбэрээр зохион байгуулагддаг төдийгүй салбарын хэмжээнд ахицтай, далайцтай, үр дүнтэй, байгаль, нийгэмд үр өгөөжтэй ажиллаж чадсан тэргүүний компани, байгууллагуудыг хөхүүлэн дэмжих үндсэн зорилгыг агуулдаг мэргэжлийн шалгаруулалт гэдгээрээ ижил төстэй бусад арга  хэмжээнүүдээс илт ялгардаг. Энэ ч утгаараа шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд салбартаа өндөр нэр хүндтэй, хараат бус экспертүүд багтдаг байна.

Энэ жилийн шалгаруулалтын бусад номинациудад Эрдэнэт үйлдвэр (“Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа”), Бороо гөүлд (“Шилдэг Эко уурхай”), Эрдмин (“Оны шилдэг технологи”), Вагнер Ази (“Уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч”), Гложекс зэрэг салбартаа нэр хүндтэй компаниуд шалгарсан.

Mongolian Mining Journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа:

–    Уул уурхайн ажил өөрөө хүнд хөдөлмөр. Энэ хүнд хөдөлмөрийг эрхэлж, үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ямар шинэ ололт, ахиц гаргаж, улс оронд ямар хувь нэмэр оруулж байгааг төр засаг, олон нийтэд зөвөөр ойлгуулж таниулах нь бидний үүрэг юм. Энэ жилийн хувьд шалгуурууд улам бүр нарийссан, үүнийгээ дагаад шалгаруулалт маань илүүмэргэжлийн түвшинд очиж байгаа. Компаниудын хувьд ч илүү өндөр хариуцлага үүрч, илүү ахисан түвшинд өрсөлдөх шаардлагатай болсон. Жишээ нь Эко уурхай номинацийн шалгуур үзүүлэлтүүдийг Байгаль орчны яамнаас гаргасан. Ирэх жил үүнээсээ илүү нарийсч, яг байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлд ямар ямар зүйл хийж, төлөвлөсөн, ямар нөхөн сэргээлт дутуу байгаа гээд бүх үзүүлэлтүүдийг цаасан дээр бичих биш GPS зурган дээр харуулна гэж төлөвлөж байгаа. Жил ирэх тусам тухайн жилд номинац тус бүрт яг ямар ямар ажлууд хийснээрээ компаниуд их хүчтэй өрсөлдөх шаардлагатай болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж