Миний шинэ жилийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2012.12.12-нд нийтлэгдсэн

Миний шинэ жилийн бэлэг

Байгаль дэлхий цагаан хөнжлөө нөмрөөд, шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй оржээ. Хүүхэд байхад  сургуулийнхаа “Сүлд модны наадам” болох өдрийг хуруу даран тоолж, сэтгэл догдлон хүлээдэг байлаа. Өвлийн өвгөнөөс бэлэг авахын тулд хичээлээ хичээн давтаж, ангидаа болзолт уралдаан зарлана.

Эдгээр олон уралдааны хамгийн сайхан нь, сэтгэлд тод үлдсэн нь “ном унших” байж дээ. Биднийг номтой нөхөрлүүлэхийн тулд багш нарын сэдсэн уг уралдааны ач буянаар анх Даниэл Дефогийн “Робинзон крузо”-тай танилцаж, Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн”-ээс “айж”, Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх”-ээр аялж, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”-ын Түгжилийг жигшиж, Долгорыг өрөвддөг байсан. Ингэж олон зохиолчийн зохиол, бүтээлийг уншиж, орчлон ертөнцийн сайн сайхантай танилцан, бусдыг хайрлан энэрэх, сайн мууг ялгах ухаан суусан юм. Номыг зүгээр нэг уншаад өнгөрөх бус тэмдэглэл хөтөлж, зохиолчийн намтар, гол дүрийн баатрын талаар бичиж, бие биетэйгээ солилцон уншдаг байв. Дараа нь багшдаа уншсан зохиолынхоо талаар ярьж, нэг ёсны шалгалт өгсний дараа хамгийн олон номыг үр бүтээлтэй уншсан нь Өвлийн өвгөнөөс бэлэг гардана. Бидэнд өгдөг шагнал мөн л ном. Гэхдээ тухайн үедээ шинэхэн хэвлэгдсэн, эс бөгөөс олдохгүй ховор тийм номуудаар шагнана. Шинэ жил дөхөх тусам энэ дурсамж минь сэргэж, сэтгэл гэгэлзүүлдэг билээ. Ер нь номын хамгийн сайхан нь уншихдаа байдаг. Ялангуяа тухайн зохиолынхоо дотор нь орж, зохиолын баатруудтай хамт амьдарч, дараа нь яах бол гэсэн зовинол, догдлол тээж унших сайхан.

Харин XXI зуун буюу техник, технологи өндөр хөгжсөн өнөө цагт хүүхэд багачууд гэлтгүй томчууд ном унших нь цөөрч байгаа нь харамсмаар. Тэр дундаа уран зохиолын номын уншигчид өдрөөс өдөрт багассаар л байна. Уран зохиолын номын оронд “Хэрхэн баяжих вэ?”, “Амжилтад хүрсэн хүмүүсийн нууц”, “Амжилттай турах” гэх мэтийн номыг үнэ хайрлалгүй худалдан авч байна. Басхүү ном уншихаас илүү цахим хуудаснаас гол утга санааг товчилсон байдлаар нь уншихыг илүүд үздэг болж. Үнэхээр харамсалтай.

Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр нэгэн ярилцлагадаа “Цахим ертөнцөөс зохиолыг уншина гэдэг алимны тухай хүнээр яриулчихаад алим идчихлээ гэж бодохтой яг ижил” хэмээн хэлсэн байдаг. Харамсалтай нь, хүүхэд, залуус маань “алимны тухай яриулж”, сэтгэл ханасаар байна. Ингэж өнгөцхөн юманд сэтгэл ханаж, номноос олж авдаг асар их хүмүүжлийн захаар өнгөрч байгаа хүүхдүүдийн өмнө хэн буруутай вэ?

Мэдээж томчууд бид. Зарим нь бүр “Орон гэртээ ном уншихаас илүүтэй орчин үетэйгээ хөл нийлүүлэх нь чухал. “Эрээн цаас ширтэж суудаг  хэн байсан юм” гэсэн ойлголтыг тэдний бяцхан оюунд суулгаж. Тиймээс бид л жаахан хичээх юм бол ном уншихын сайхныг мэдрэхгүй нэг насаа өнгөрөөх гунигт замаар явж байгаа үр хүүхдүүдээ зөв замд нь оруулж чадна. Ном уншихын сайхан нь “дотор” нь орж догдлол тээж, зохиолоороо “амьдрах” гайхам мэдрэмж байдаг билээ.   

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж