Эр, эм хүмүүс юуг илүү үнэлдэг талаар хийсэн олон судалгаа ерөнхийдөө адил дүр зургийг харуулсаар ирсэн. Эрэгтэйчүүдийн 70-80 хувьд нь хийж буй ажил нь бүхнээс илүү эрхэм байдаг байхад эмэгтэйчүүдийн 70-90 хувь нь гэр бүл хамгийн эрхэм гэж үздэг. Гэр оронд нь таагүй зүйл болоход хүүхнүүд ажилдаа огт төвлөрч чаддаггүй, харин эрчүүд бүр илүү төвлөрдөг. Сэтгэл санаа хямарсан үед бүсгүйчүүд нөхөртэйгээ ярилцахыг хүсдэг бол харчууд харин ганцаараа зурагт үзэж суумаар байдаг. Тэгээд эмэгтэйчүүд эрчүүдийг халамжгүй, хөндий хүйтэн гэж боддог бол харчууд хүүхнүүдийг ядаргаатай, тээртэй хэмээн дүгнэдэг. Гэр орны асуудал, хоорондын харилцаа нөхөрт нь огт сонин биш байна гэж эхнэрүүд гомддог. Гэвч, өрх гэрийн доторх аливаа асуудал тэдний аль алинд нь адилхан чухал. Гагцхүү хүлээж авч, хариу үйлдэл үзүүлэх нь харилцан адилгүй. Энэ ялгаагаа мэддэг байхад бие биенээ өөнтөглөж, элдэв дүгнэлт хийх хэрэггүй болно.