
хотоос баруун тийш орон нутгийг чиглэсэн замд орших “Урьхан” зоогийн
газарт өчигдөр гал гарч, шатжээ. Галын дуудлага өчигдөр 19.10 цагт
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт дуудлага ирсний дагуу тус аймгийн
Баянгол сумын онцгой байдлын 40 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгчид
ослын газарт 20.20 цагт очиж, ажиллажээ. “Урьхан” зоогийн газар нь Аврах
40 дүгээр ангиас 60 км зайтай байрладаг нь цаг алдах шалтгаан болсон
байна. Гал сөнөөгчдийг очиход “Урьхан” зоогийн газрын дээвэр нь бүрэн
шатсан, доод давхрууд нь шатаж байжээ. Гал унтраах, аврах ангийн 17 алба
хаагч, таван техник хэрэгсэл ослын газарт ажиллаж, үүрээр 05.00 цагийн
орчимд галыг бүрэн унтрааж, аюулгүй болгосон байна. Галыг унтраахаар
хамгийн ойр орших Сэлэнгэ аймгийн Мандал сумын аврах 19 дүгээр ангийн
алба хаагчдыг мөн дайчилжээ. Ослын улмаас “Урьхан” зоогийн газрын байшин
бүхэлдээ шатсан, харин зэргэлдээ орших түргэн хоолны газар, супермаркет
руу гал алдахаас сэргийлж чадсан тухай Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын
газрын дэд дарга Н.Бат-Эрдэнэ хэллээ. Мөн "Урьхан" зоогийн газрын замын
урд талд Шатахуун түгээх станц байдаг, тиймээс ШТС-ын аюулгүй байдлыг
хангахын тулд онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллажээ.
Галын улмаас хүний амь нас эрсдсэн, гэмтэж бэртсэн зүйл байхгүй гэнэ.
“Урьхан”
зоогийн газар нь ус нөөцлөх савгүй, гүний худагтай боловч өвлийн
хүйтэнд хөлдсөн тул галыг унтраах явцад хүндрэл гарсан байна. Галын
шалтгааныг тодруулахаар Төв аймгийн Онцгой байдлын газар болон
Цагдаагийн хэлтэс ажиллаж байна. “Урьхан” зоогийн газар нь газар зүйн
байрлалын хувьд Төв аймагт харьяалагддаг боловч Төв аймгийн төвөөс 200
гаруй км зайд оршдог учир Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба хаагчид
ослын газарт ажиллажээ.
Г.ДАША