Европ цасанд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Европ цасанд дарагджээ

Хүчтэй цасан шуурга, хэт хүйтрэлийн улмаас Европт хэдэн арван хүн амиа алджээ. Серби, Хорват болон хөрш орнуудад нь хэдэн цагийн дотор цасны зузаан 50 см-т хүрсэн байна. Их хэмжээний цасны улмаас Германд 300-гаад нислэгийг хойшлуулжээ.

Амралтын өдрүүдэд Европын баруун өмнө хэсэгт ихээхэн цас орж, нислэгүүд хойшлогдон, тээврийн хөдөлгөөнд саатал гарав. Сербид нэг цагийн дотор хагас метр зузаан цас орсны улмаас авто замд битүү түгжрэл үүсчээ. Автобусны зорчигчид замд боогдож, аврагчдыг хүлээснээс гадна түргэний эмч нар замд эх барьж авсан тохиолдол ч гарсан байна. Замд төрсөн охинд Снежана гэх цастай нэр өгчээ.

Их хэмжээний цасны улмаас замд түгжигдсэн машинуудаас 661 хүн, тэдний дотор 30 хүүхдийг аварчээ. Аврах ангийнхан цэргийнхний тусламжтайгаар танкаар ачааны машинуудыг цаснаас гаргаж авсан байна. Сербийн ерөнхий сайд Ивица Дачич цагдаагийн ажилтнууд аврах ажиллагаанд оролцож байгаа гэв. Замуудад түгжрэл гаргахгүйн Сербид ачааны машин орохыг хориглосон байна. Үүнээс болоод Болгарт хил дээр 11 км-ийн урттай дараалал үүссэн гэнэ.

Мөн Хорватын Загреб хотын нисэх буудал хаагдаад байна. Машины замуудад хунгар тогтож, халтиргаа үүссэн нь жолооч нарт хүндрэл учруулж буй ажээ. Хорватын эрх баригчдын мэдээлснээр сүүлийн 57 жилийн дотор ийм их цас ороогүй гэнэ.

Цасан шуурга Словени, Боснийг бас дайрлаа. Ням гаригт Румын цасанд дарагдав. Тэнд цэргийнхэн замуудын цасыг цэвэрлэхээр дайчлагдаад байна. Румынд сонгуулийн хэсгүүдэд хүрэх замын цасыг нэн түрүүнд цэвэрлэж эхэлжээ. Германы Майны Франкфуртын нисэх буудлын ажиллагаа хүндэрсэн тухай Businessweek мэдээлэв. Төлөвлөгдсөн 1210 нислэгээс 377-г хойшлуулжээ. Нисэх буудлын ажилтнууд нислэгийн зурвасын цасыг цэвэрлэж амжихгүй байна. Нислэгийн саатал дотоодын нислэгт голдуу гарсан ч Нью-Йорк, Ньюарк, Вашингтоны чиглэлд нислэг бас хойшлогджээ. Германд агаарын хэм -20 хэм болтол буурсан байна. Ойрын үед дахин цас орох тухай цаг уурчид сэрэмжлүүлжээ.

Цас их орсны улмаас даваа гариг гэхэд л  наад зах нь  24 хүн амиа алдаад байгааг Оросын РИА «Новости» агентлаг мэдээлжээ.

Швейцарид  цаг уурын таагүй нөхцөлөөс  хамгийн олон хүн хэлмэгдэв. Ням гаригт 11 хүн цасны нурангид өртөн дарагдсан байв. Хоёр жуулчин гэмтэл бэртэл авчээ. Чехэд хүйтний улмаас долоон хүн осгож үхсэн ба шөнөдөө —27 хэм хзртэл хүйтэрч байна. Сербид хоёр хүн осгосны нэг нь 60 настай, гэртээ нас баржээ. Хөдөө тосгоны нэг хүн гэрийнхээ ойролцоо нас барсан байлаа. Хорватад дөрвөн хүн нас барсны нэг нь Кореница хотын гэртээ халдаж үхжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж