Танай хүүхэд уйламхай юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Танай хүүхэд уйламхай юу?

Ийм хүүхдийн эцэг, эх хүүхдээ хүний үг сонсож чаддагүй улбагар, өөрийнхөөрө зүтгэдэг зөрүүд нэгэн болох нь гэж айцгаадаг. Үнэндээ ихэнх хүүхэд 4 хүртэлх насандаа ингэж уйлахаараа айлгадаг гэнэ. Тэд өөрийн авахыг хүссэн эсвэл хийхийг хүссэн зүйлээ ойлгуулах гэсэндээ уйлдаг байна. Мэдээж үүнийг нь өөгшүүлэхгүй, зөв залж, хүмүүжүүлэх нь эцэг, эх таны гарт байгаа. Хүүхдийг юу ч бичээгүй цав цагаан цаастай зүйрлэдэг шүү дээ. Энэ цаасан дээр юу бичих нь таниас л хамаарна. Мөн хүүхдийг эцэг, эхийн толь ч гэж нэрлэдэг. Тиймээс хүүхэддээ үлгэр, дууриалал үзүүлэх тийм харилцааг гэр бүлдээ бүрдүүлэх хэрэгтэй. Та хэн нэгнээс, магадгүй хүүхдээсээ өөрийн хүссэн зүйлээ хийлгэхийг хүчээр шаарддаг бол тэр ч мөн адил эргүүлээд таниас хүсэх биш шаарддаг болно.
Ингээд хүүхдийнхээ уйланхай занг засахад туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Тэвчээртэй ханд.
Ямар нэг юм болоод хүүхэд тань гонгинож, уйлаад эхэлвэл таны уур хүрч байсан ч гэсэн тэвчээртэй бай. Тэгээд хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Гэхдээ уурлаж загнах хэрэггүй. Юу хүсэж байгаагаа уйлахгүйгээр хэлж байх хэрэгтэй гэдгийг хүүхэддээ сайн ойлгуулаарай. Бас хүссэн болгоныг нь биелүүлэх боломжгүй байдаг гэдгийг ч хэлж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол томрох тусмаа илүү том зүйл хүсэх болно.

2. Зөв ярьж сурга.
Уйлахгүй байгаа мөртлөө гонгинож, хэлээ хазаж ярьдаг хүүхэд байдаг. Энэ бол мэдээж буруу. Та түүнд ингэж ярих нь яриаг нь ойлгоход тун төвөгтэй байна гэж хэлээрэй. Яриаг чинь ойлгохгүй байгаа учраас хүсэлтийг чинь биелүүлж чадахгүй нь гэж бас хэл. Хүүхдээ хэт эрхлүүлж, өхөөрдөж яриаг нь засахгүй байснаар таны хүүхэд ээрүү, тультраа хэлтэй болж магадгүй. Энэ түүнийг сургуульд ороход тун муугаар нөлөөлнө. Ангийн хүүхдүүд нь шоолж, дооглосноос болоод хүүхэд тань өөртөө итгэлгүй, ганцаардмал болж зожигроно. Мөн сургуульдаа явах дургүй болж, сурлагандаа ч сайн нөлөө үзүүлэхгүй байх магадлалтай. Тиймээс та хүүхдээ зөв, цэвэр дуудлагатай ярьж сурахад нь багаас нь анхаарах хэрэгтэй.  

3. Буулт хийж сурга.
“Би тийм юм авмаар байна” гэж шаардах маягаар ярьдаг бол үүнийг нь зас. Шаардахыг оронд гуйсан, хүссэн үг хэллэгээр ярьж сургаарай. Мэдээж хүүхдийн сурсан занг засах хэцүү. Гэвч бага насанд нь л засахгүй бол том болсон хойноо бүр л хэцүү болно. Мөн ямар нэг боломжгүй зүйл хүссэн тохиолдолд болохгүй гэж хатуу хэл. Нэгэнт л болохгүй гэсэн бол энэ байр сууриндаа бат зогс. Уйлахаас нь айгаад бодлоо өөрчилвөл тэр дараагийн удаа дахиад л уйлах болно.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж