Ахмадуудын үлдэгдэл мөнгийг бонд гаргаж шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Ахмадуудын үлдэгдэл мөнгийг бонд гаргаж шийднэ

УИХ-ын
Төсвийн байнгын хороо сая хуралдаж Хүний хөгжлийн сангийн тухай хуульд
нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын үнэт цаас гаргахыг
зөвшөөрөх тухай тогтоолын төсөл зэргийг хэлэлцлээ. Түүгээр өмнөх Засгийн
газрын үед өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн
сангаас олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган
төгрөгийг эздэд нь гүйцээн олгох талаар хэлэлцлээ.

Хүний хөгжлийн
мөнгийг олгохын тулд өмнөх Засгийн газар Монголбанкнаас 300 орчим
тэрбум төгрөг зээлсэн ажээ. Оны сүүлээр Монголбанк энэ мөнгийг Хүний
хөгжлийн сангаас шууд суутган авах учиртай аж. Тиймээс үлдээд буй
хөрөнгийн эх үүсвэрийг олж Монголбанкнаас зээлсэн мөнгийг төлөх, ахмад
настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгийг гүйцээн олгох мөнгөний эх
үүсвэрийг шинэ оны өмнө шийдэх зорилгоор шинэчлэлийн Засгийн газар
эдгээрт зориулж бонд гаргахаар болоод байгааг гишүүд дэмжлээ. Хүний
хөгжлийн сангаас олгож байсан мөнгөний үлдэгдлийг санхүүжүүлэхэд 336,5
тэрбум төгрөг дутаж байгаа. Үүний 23,4 тэрбум төгрөгийг оны эхний
үлдэгдлээр санхүүжүүлэхээр болжээ. Харин үлдсэн 313,1 тэрбум төгрөгийг
Засгийн газрын бонд гаргаж  санхүүжүүлэхээр болсныг гишүүд дэмжлээ.

Татварын
мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг ажлын хэсгээр
дахин хэлэлцсэний дараа ярилцахаар хойшлууллаа.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж