Улстөрчид PSY-аас суралцаасай

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

Улстөрчид PSY-аас суралцаасай

Үгүй ээ, манай хэдэн улстөрч сүүлийн үед ийш тийш шилгээх нь ихсээд бас хэл ам нь ч гүйцэгдэхээ байлаа, та минь. Энд ч нэг намд очиж нэгнийгээ магтаад тэнд ч нэг намын хаалга татаж бусдыгаа муулаад ёстой аятайхан явцгаана. Гэхдээ ингэж яваа нь зарим нэгийг нь машид их амжилтанд хүргэж байна. Анхандаа нэгийгээ нүднээс далдуур муулдаг байсан бол сүүлдээ ёстой “Айдгаа авдартаа хийсэн” гэгчээр нүүрэн дээр нь шав хийтэл хэлээд авах болж. Зарим нэг дургүй хүргэснээ ухамсрын шанаа өгөх нь ч энүүхэнд. Бас манай улс эрх чөлөөний орон гэх америкийн жишгээр хөгжихөд барилга байшинг нь дуурайхын хажуугаар соёл, үг хэллэгийнх нь хэв маягийг хүртэл дагах ёстой гээд түшээд маань өнөөх гудамжны хар ярианы үгээр үгийн сангаа баяжуулж хүүхэд, залуус бидэндээ бүр их таалагдаж байгаа. Гудамжны үгэнд эрээ цээр, хил хязгаар, уйчлал, энэрэл гэж ер үгүй. Бас нэгийгээ доош нь хийж, холион бантан хутгах гээд энэ бүгд гудамжны гэх тодотголд багтах аж.

Гэхдээ тэдний ингэж яваа нь урлагийн таашаал авч, амжилтын өөд, эх орноо аврахын төлөө явж байгаа нь тэр гэнэ. Яагаад гээч. УИХ-ын гишүүд дотроо нэлээд нийгмийн идэвхитэйд тооцогддог нэгэн эрхэм “Улс эх орноо бид хөгжүүлье гэж байгаа юм бол нэг намаа муулж, нөгөө намд элсэх нь огтхон ч муу биш” хэмээжээ. Ер нь сүүлийн үед манай улс төрийн намууд дотор тухайлбал, МАХН-ыг газар доор ортол нь муулж явсан түшээд одоо дарга болчихсон явж байна. Тэд нэгийгээ муулсны төлөө хэзээ ч уучлал гуйгаагүй, гуйх ч үгүй. Харин энэ уучлал гуйдаггүй гишүүддээ хандаад нэгэн жишээ хэлмээр санагдчихлаа. Дэлхий дахинаа “Ганнам стайл” дуугаараа доргиож яваа PSY америкчуудыг “үх” гэснийхээ төлөө уучлал гуйсан гэнэ. Үнэндээ тэр уран бүтээлдээ ямар ч өнцөг, үг хэллэгийг тусгах эрх чөлөөгөөрөө улстөрчдөөс давуу. Тэгсэн хэрнээ бүдүүлэг, муухай үг хэлснийхээ төлөө тэр даруйд нь уучлал гуйчихаж байгаа биз дээ. Үүнийг манай төрийн эрх чөлөөт түшээд жаахан ч гэсэн суралцвал зүгээр юм шиг ээ.

Л.БААТАРХҮҮ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж