&#34С.Берлусконид Италийн хууль үйлчилдэггүй…&#34

Хуучирсан мэдээ: 2012.12.11-нд нийтлэгдсэн

&#34С.Берлусконид Италийн хууль үйлчилдэггүй…&#34

Яг ийм гарчигтай нэгэн нийтлэл Италийн “Италиамиа” сонинд өнгөр­сөн баасан гарагт нийтлэгджээ. Учир нь Италийн экс Ерөнхий сайд, санхүүгийн залилан хийж тэнсэн харгалзах ял авч байсан тэрбээр тус улсын Засгийн газрын тэргүүний суудалд дахин өрсөлдөхөөр болсон юм. Өнгөрсөн жилийн аравдугаар сард тэрбээр “Их хэмжээний хөрөнгө хувьдаа завьшсан” гэх үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэн өгч байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Италийн улс төрд эргэн ирэх талаар хэвлэлүүд онцолсон билээ.

Энэ мэдээллийг дагаад Италийн одоогийн Ерөнхий сайд Марио Монти огцрох талаар албан ёсоор мэдэгдсэн юм.  Өөрөөр хэлбэл, тэр­бээр “Эрх чөлөөний ард түмэн” гэх парламентын томоохон нам сайд нарын танхимд итгэл үзүүлэх санал хураалтад оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдсэн. Энэ нь одоогийн Засгийн газрыг дэмжихгүй байгаа гэх гэдгээ давхар илэрхийлсэн юм. Түүнийг огцрох хүсэлтэй байгаа мэдээллийг анх Ерөнхийлөгчийн Квириналийн ордноос “Ерөнхий сайд шударга бус явдалтай тэмцэх хүсэл нь талаар болсон. Парламентын олонхийн итгэлийг алдсан учраас огцрох хүсэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан. Марио Монти нь Италийн Засгийн газрын тэргүүн  асан С.Берлускониг албан ёсоор ажлаа хүлээлгэн өгснөөс хойш албан үүргээ хүлээн авсан юм. Тухайн үед ажиглагчид эдийн засгийн хямралын үед Марио Монти Ерөнхий сайд болж байгаа нь түүнд оногдох хариуцлага тун өндөр гэдгийг цохон тэмдэглэж байсан билээ. Тэрбээр шинэ кабинетаа байгуулж, Евро бүсийн тогтвортой байдалд заналхийлээд байгаа улсын өрийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг иргэд, албан байгууллагуудад анхааруулаад ажилдаа орж байсан нэгэн.

Гэвч Италийн хууль “үйлчил­дэггүй” экс Ерөнхий сайд С.Берлус­кони тэнсэн харгалзах ялтайгаар улс төрд эргэн ирж байгаа нь сөрөг хүчнийхний дургүйцлийг ихэд хүргэж байгаа аж. Тэрбээр “Би сонгуулийн өрсөлдөөнд орсон. Надад Засгийн газрын Кижи ордон дутсандаа ч биш, өөр лидер алга. Надгүйгээр манай нам ялагдана. Мөн ирэх гуравдугаар сарын 10-ны өдрийг сонгууль явуулахад тохиромжтой өдөр гэдгийг онцолмоор байна. Марио Монтигийн Засгийн газар нөхцөл байдлыг улам дордуулсан” хэмээн ярилцлагадаа дурьдсан.

“Ард түмэнд эрх чөлөө” намын тэргүүн Сильвио Берлускони 2013 онд Ерөнхий Сайдын суудалд өрсөлдөх болсон нь Олон улсын агентлагуудын анхаарлыг татаж байна. Ийнхүү зургаа дахь удаагаа сонгуульд өрсөлдөх болж байгаа экс Ерөнхий сайдын хувьд намын урилгаар ийм шийдвэр гаргасан гэх аж. Учир нь “Ард түмэнд эрх чөлөө” намын хувьд түүн шиг хүчтэй улстөрч байхгүй гэдэгт санал нэгдсэн аж. Өдгөө  76 настай тэрбээр Италийн ард түмний нийт эрх ашгийн төлөө улс төрд эргэн ирэхэд таатай байгаа талаар мэдэгдсэн ч зарим улстөрч шүүмжлэлтэйгээр хүлээн авсан билээ. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч Ардчилсан намын лидер Пьер Луижи Берсани гэдгийг хэвлэлийнхэн онцолсон.

Товчхондоо, Италийн хуулиар Ерөнхийлөгч парламентыг тарааж, хугацаанаас өмнөх сонгуулийг зар­лах бүрэн эрхтэй. Нөхцөл байдал ингэж эргэсэн тул С.Берлускони эдийн засгийн хатуу бодлого явуулж буй одоогийн Засгийн газрыг шүүмжлэлийн гол бай болгоно хэмээн улс төр судлаачид таамаглаж байна. Уг нь С.Берлускони 1994-2011 оны хооронд гурван удаа Засгийн газрыг тэргүүлсэн хашир туршлагатай нэгэн ч санхүүгийн тал дээр “луйвар” хийх магадлал өндөр сайд нарын нэг гэдгийг Италийн ард түмэн мэдсэн.

Одоогийн Засгийн газрын тэргүүн Марио Монтигийн үед Италийн эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн тоо нэмэгдсэн тул С.Берлусконид томоохон давуу тал бий болоод буй. Хуулийнхан түүнийг “С.Берлусконийн эргэж ирж чадах эсэх нь хууль эрхзүйн хувьд эргэлзээтэй асуудал” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярьсан. Тус улсын шүүхийн шийдвэрээр түүнийг дахин Италийн төрийн ямар нэг албан газарт ажилд орох эрхгүй гэдгийг заасан байдаг. Гэхдээ энэ асуудал он гарахаас өмнө “цэвэрхэн” шийдэгдэнэ гэдэгт намын нөхөд нь итгэлтэй байгаа аж.

Италийн тэрбумтнуудын жагсаал­тын хоёрт бичигддэг түүний хувьд хөрөнгө оруулалтын “Fininvest” хол­дингийн хувьцаа эзэмшигч нэгэн. Холдингийн бүрэлдэхүүнд Италийн телевизийн “Mediaset” ХХК, хэвлэх үйлдвэр, Хөгжлийн банк, бас бус барилга болон даатгалын компани, өдөр тутмын сонин болон тус улсын хөлбөмбөгийн “А.С.Милан” зэрэг клуб нийлсэн 150 орчим компани багтдаг билээ. Олон улсын “Forbes” түүний хөрөнгийг ойролцоогоор есөн тэрбум ам.доллар хэмээн үнэлсэн байдаг.

Итали улсад түүний нэр хүнд, нөлөө асар том. Гэр бүлийн хүнд байдлаас гарахын тулд улс төрд орсон гэдгээ ч нуудаггүй. Их Британийн хэвлэлээр түүнийг “Propaganda 2” нэртэй мафийн гишүүн гэдгийг ч олны өмнө мэдэгдэж байсан удаа бий. Үүний тод жишээ, Палермо хотын шүүх С.Берлускониг өөрийн биет төлөөлөгч Марчелло Дель Утригаар дамжуулан “1970-аас 1980 онд Сицилийн мафийн лидертэй холбоотой байсан” хэмээн буруутгаж байсан. Хэвлэлээр түүнийг янз бүрийн эмэгтэйтэй нэр холбогддог гэдгийг онцлоод “Хүүхдүүдийнхээ нэрийг барьж амлая, би хэзээ ч хүүхнүүдтэй холбогдож байгаагүй” гэсэн онигоо хүртэл гарч байсан удаатай.

Ажиглагчид “Италийн улс төрд түүний орон зай байна гэж үү” гэсэн сэдэвтэй хэлэлцүүлэг энэ долоо хоногийн сүүлээр нэгэн телевизээр шууд дамжуулах гэж буй талаар мэдэгдсэн. Мөн “Polemika.com.ua”  сайтын мэдээлж буйгаар экс Ерөнхий сайдын тусламжтайгаар 400 банк, 1000 гаруй том жижиг аж ахуй нэгж аврагдсан гэдгийг онцолсон юм.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж