МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүх шүүж дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тэдний хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлж, улмаар Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Энэхүү шүүх хурлын тов өнгөрсөн сард гарсан ч хоёр удаа хойшлоод байсан юм. Шүүх бүрэлдэхүүн Я.Баттогтох, Ш.Чинбат нарт Эрүүгийн хуулийн 130,2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгохоор болсон байна. Энэхүү зүйл ангид "Иргэний сонгох, сонгогдох, бүх нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа аливаа ажиллагаанд санаатай саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Хэргийг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх, эд мөнгөөр татах, санал худалдаж авах зэрэг аргаар үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг.
Өмнө нь буюу өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нарт мөн ижил ял оноосон юм. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Увс аймгийн Тариалан сумын сонгогчдод мөнгө тараасан хэргээр шүүгдсэн тэднийг сонгогчдын саналыг худалдаж авахаар мөнгө тараасан нь нотлогдсон гэж шүүх үзсэн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нугалж төлүүлэх торгууль ногдуулсан.
Дашрамд дурдахад, Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчөөгүй гэж үзсэн Увс аймгийн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгоод буй юм. Ингээд гурван ч шүүх хурлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчсөн ийнхүү тодорхой болоод байна. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ тун удахгүй тэдний мандатыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх юм.
С.АНИР