Төр ариун байх аваас ард амгалан оршино

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Төр ариун байх аваас ард амгалан оршино

Д.Энхтайван: Итгэлийн дээд төр минь эгэлгүй ариун байх аваас Эвийг сахих түмэн минь ашид амгалан оршино


“Чингис хааны менежмэнтийн холбоон”-ы тэргүүн Данзанбалжирын Энхтайвантай уулзаж ярилцлаа.

-Та ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан хүмүүсийн  нэг. Энэ сэдвээс ярилцлагаа эхлэх үү?

-1989,1990 онд ардчилсан хувьсгалыг   монголчууд бүгдээрээ хийсэн. Энэ
үйл явцад оролцоогүй нэг ч монгол хүн байхгүй. Энэхүү ардчилал,
шинэчлэлийн төлөөх тэмцэл  бол нийт монголчуудын  хөдөлгөөн байсан юм.
Монгол орон даяараа,зүрх сэтгэлээрээ нэгдэж нэг зүйлийн төлөө боссон.
Тийм учраас  хот, хөдөөд  гудамж, талбай нь жагсагчдаар пиг дүүрч
байсан.  Бүх үйлдвэр аж ахуйн газрууд ардчиллаар амьсгалж, дуугарах нь
дуугарч, дуугүй зүрх сэтгэлээрээ дэмжих нь дэмжиж оролцсон. Яагаад
Монголын ард түмэн ингэж нэгэн зүгт, нэг хүн шиг нягт байж  боссон юм бэ
гэхээр монгол хүний мартагдсан, устгагдсан, хязгаарлагдсан  бүх зүйл
хуримтлагдсаар тэсэрч гарч ирсэн гэж боддог. Социализмын үед бид
түүхээрээ ч  бахархах эрхгүй, шашин соёл, зан заншил, уламжлалаа
сүсэглэж, шүтэж чадахгүй, ямар үг хэлэхээ ч бараг  заалгадаг  больчихсон
байлаа. Монгол орон асар их баялагтай боловч түүнийхээ эзэн нь байж
чадахгүй болсон юм.  Тэгэхээр улсынхаа  эзэн нь байя гэсэн нэгдмэл
зорилготой байлаа. 1990 оны хөдөлгөөн  бол үндэсний эрх чөлөөний
хувьсгал байлаа. Гэвч нэг зорилгод нэгдсэн ард түмнийг  явцын дунд
зохиомлоор  бичсэн номлол сургааль оруулж ирэн талцуулж эхэлсэн юм.

-Та Эрдэнэтийн ардчилсан холбооны тэргүүн байсан. Тэр үед сэтгэл хөдөлгөм үйл явдал олон л тохиолдож байсан байх даа?

-Тийм шүү. Нэгэн  сэтгэл хөдөлгөм  дурсамж санаанд тодхон бууж байна.
1989 оны намар, 1990 оны хавар хуурайшилт ч их их байсан уу Хялганат,
Бүрэнгийн нуруу шатаж түймэр асч байлаа.  Тэр үед дивизийн захирагч,
хурандаа Рэнцэннацагийн удирдлага дор Эрдэнэтийн цэргийн ангийнхан гал
түймэр унтраах гэж оролдож байсан ч хүч мөхөстөж, хүрээгээ улам тэлж
байв.Тухайн үед  би Эрдэнэтийн ардчилсан холбооны тэргүүн байсан юм л
даа. Тэгээд ардчилсан холбооны гишүүд, дэмжигчдийн дунд эх орон шатаж
байна, түймэрт сайн дураараа явах хүмүүс  Уурхайчдын  соёлын ордны урд
талбай дээр тэдэн цагт цугларна уу гэсэн зар тараасан юм. Тэгэхэд хувцас
пүүгээгээ үүрсэн залуус  сайн дураараа цугласныг хараад бахархаж, 
сэтгэл хөдөлж байлаа. Эрдэнэт хотын  прокурор, шүүх, цагдаагийн
удирдлагууд намайг хүлээж авч уулзаад хэл ам, хэрэг төвөгт орооцолдоод,
архи эргүүлдэг хүнд гарууд ч таны командаар цэрэг шиг зогсох юм, энэ
юуны хүч вэ гэж асууж байсан юм шүү. Тэр үед монгол хүн бүрийн сэтгэлд
эх орноо гэсэн  гал дүрэлзэж байсны тод илрэл л юм даа. 

-Арабын ертөнцөд өрнөж байгаа өөрчлөлт, хөдөлгөөнийг иш татаж
Монголд хувьсгал хийх цаг болсон гэж тайлбарлах хүмүүс олширлоо. Та энэ
талаар ямар бодолтой байдаг вэ?

– Гадаадад болж байгаа зүйлд санаа зовж, дэвэргэж байхаар дотооддоо эв
эе, итгэлийг бий болгох хэрэгтэй байна.     Орон гэр дотроо, тэр дундаа 
намууд ойлголцол, зөвшилцөл, итгэлцэл бий болгооч ээ.   Үзэл бодол
нэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл, үзэл санааны нэгдлийг нам гэдэг. Одоо
манайд намын энэ агуулга алга болчихоод байна. Түүнээс  араатны нэгдэл
биш шүү дээ.
 
-Араатны нэгдэл биш гэж жишиж байгаагаа тайлбарлахгүй юу. Сонин санагдчихлаа?

-Яагаад  ингэж ярьж байна гэхээр би ан хийх дуртай. Чонын  ороо орсон
үед хамгийн лидер  чоно нь гичий ,эмэгчин чонынхоо ард нь явдаг.Тэгээд
түүний араас  хоёр дахь , гурав дахь гээд дараалаад явна.  Эдгээр нь  
яавч санаа зорилго нэгтэй чонон сүрэг биш. Тэд нэг зүйлийг хүсч байгаа.
Шунал тачаалдаа шатсан  азарган чоно  гичий чоныг эзэгнэж явж байгаад
сульдана. Ард нь даган шогшиж байсан  чононууд толгойд явсан чоноо
сульдаж тамирдлаа гэж мэдрэмж авангуутаа  хүр хийгээд л яах ийхийн
завдалгүй тасдаад хаячихдаг. Тэр болтол тэд  том чонынхоо  ард явж л
байдаг. Өнөөдрийн Монголын улстөрийн намуудын нэгдэл ийм байх ёсгүй
гэсэн үүднээс жишиж хэлсэн хэрэг.  Чамд ч гэсэн үзэл бодол нийлдэг найз
бий биз дээ. Чи тэдэнтэйгээ кофе уугаад буу халж бие биенээ сайн
ойлголцдог. Нам  түүн шиг хоорондоо ойлголцдог, эв нэгдэлтэй байх
хэрэгтэй байна.

-Нам олон хүний нэгдэл. Тиймээс тэгж атгасан гар шиг байлгах гэхээр дарангуйлах, хүчээр хайрцаглах шаардлагатай болох юм биш үү?

-Нам  яаж өмч хөрөнгийг хувааж идэх вэ гэсэн хүмүүсийн нэгдэл биш
Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ гэсэн хүмүүсийн үюун ухаанаа уралдуулдаг
талбар байх ёстой. Ингэж нэг зорилгын дор нэгтгэвэл нэгзүг рүү харж
чадна. Тухайн намын гишүүн болсноор жирийн хүмүүсээс  ямарч давуу эрх
эдлэх ёсгүй. Тодруулж хэлбэл,  энэ намын  гишүүн байснаар тэр хүний
бизнес нь амархан дэвждэг, хэрэг төвөгт орвол хаацайлдаг давуу эрхээр
хамгаалагдах ёсгүй гэсэн үг.. Зарим хүмүүс  ч  шударга царайлж энд сууж
байснаас доголонгийн газар доголон, сохрын газар сохор явъя гээд    нам
руу хошуурдаг боллоо. Урлаг соёлынхон, спортынхон   ч ялгаагүй. Тэд 
намд  хоншоороо шургуулж авбал, жирийн хүнээс хэд дахин давуу  байдал
үүсдэг юм байна  гэж хандах болсон нь төрд итгэх итгэл алдарч,  энэ улс
орон бүхэлдээ  дампуурч байгаагийн илрэл юм. 

-Бүх зүйлд л итгэл, итгэлцэл  ус, агаар шиг хэрэгтэй байна. Иргэд
нь төрийн минь сүлд өршөө хэмээн залбирч, итгэдэг байсан цаг үе ард
хоцрох нь дээ?

-Иргэд нь төрдөө итгэх итгэлгүй болно гэдэг хамгийн аюултай.  Итгэл
гэдэг нь өөрөө өргөн хүрээтэй асуудал. Эхнэр нөхөртөө, найз нөхөддөө,
цагдаа шүүхдээ, намууд бие биендээ   итгэх итгэл гээд хөвөрнө. Би чинь
Говь-Алтай аймагт төрсөн хүн. Манай  аав, ээж хоёр оюутан болж, дүү бид
хоёрыг  хоёр талын  буурайнууд   өсгөсөн.  Намайг Дэлгэр суманд
нутагладаг  манай ээжийн аав, ээж хоёр, дүүг  аавын маань ээж Ааяа гэдэг
хөгшин хүн болгосон юм. Би Маамуу наашир гэсэн дуу дуулж, цэцэрлэг
яслид явж хүн болоогүй. Тоглох маамуугүй талын ганц гэрт уужим сэтгэлтэй
хоёр буурлын өвөр дээр ээлжлэн эрхэлж, энэ өргөн уудам тал нутаг чинь
миний хүүгийнх, од түгсэн энэ том тэнгэр миний хүүгийнх гэж ойлгуулсан,
хайр, итгэл шингэсэн орчинд өссөн хүн. Миний хоёр буурай тээр хол газар
айлчин, аянчин явж байвал ааруул, хурууд , сүүтэй цайгаа бариад өмнөөс
нь угтдаг зочломтгой, сайхан сэтгэлтэй хөгшид байлаа.  Хаалга үүдээ  ч
цоожилно гэж мэддэггүй.  Ер нь монголчууд бүгдээрээ ийм л итгэлээр
дүүрэн  ард түмэн байлаа.  Итгэл гэдэг өвөг дээдсээс бидэнд заяасан
зүйл. Итгэл дүүрэн цагт Монгол  Улс хүчирхэг байсан. Итгэлийн дээд нь
төр байсан. Бүтэн биенээсээ, алд биенээсээ  илүү төрдөө  итгэдэг байж.
Алд биеийг золиослож шүдний махаар хоол хийж, шүлсээр унд хийж, хээрээр
гэр хийж, хэцээр дэр хийж, бүтэн улсаа байгуулсан. Үүнийг хойч үе минь
үргэлж бүү  мартаарай гэж сургааль зарлигтаа сургаж ирсэн юм. Тэгэхээр
төр итгэлийн дээд,  амь наснаас ч үнэтэй, ариун ариуны дээд нь байсан.
Амраг сэтгэл, аав ээжээс ч ариун гэж үзэж байсан учраас төрийн минь сүлд
өршөө хэмээн  сүслэн залбирдаг, бурхнаас дээгүүрт тавьдаг, өглөө, орой
сүү, цайныхаа дээжийг өргөдөг байжээ. Энэ итгэл нь  Монголын ард түмнийг
нэг хүн шиг нэгтгэж зангидаж байж. Тийм учраас би

Итгэлийн дээд төр минь
Эгэлгүй ариун байх аваас
Эвийг сахих түмэн минь
Ашид амгалан оршино оо
гэсэн дөрвөн мөрт зохиосон юм-Та хүүхэд
байхаасаа л яруу найрагт дурлаж өссөн байх. Сэтгэл омогшоод ирэхийн цагт
яруу найргийн онгодоор хөглөгдөнө  биз?
сургуулийн босгыг алхаж ороод удалгүй
 Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би гэж цээжилж байхдаа энэ миний
тухай, монгол хүний тухай  шүлэг юм байна гэж боддог байсан нь санаанд
буучихлаа. 

Хүүхэд байхаасаа л Монгол хүн ийм, итгэлээр дүүрэн ард түмэн юм байна
гэж мэдэрч,  хүмүүжсэн хүн. Энэ их итгэл алдрахыг харахаар өөрийн эрхгүй
үгүйлэх сэтгэл төрдөг юм. Тиймээс  тэр итгэлээ үгүйлж нэгэн дуу
зохиосон.
Халуун  сэтгэл энэхэн бие ээ
Бусдад зориулах монгол эр хүн би гэж  омогшин бичсэн  байгаа.
 
-Та төрийн ордныг төмөр хашаатай болоход эсэргүүцэн  сэтгэл
төмөрлөгдлөө гэж шүүмжилж байсан тань санаанд бууж байна. Тантай уулзан
ярилцлага хийж  байгаа энэ үед таны итгэл алдагдлаа  гэж бачуурч байсныг
ойлгох шиг боллоо?

-Монгол Улсад бүргэд хаалга хамгийн их зарагдаж, жад шиг үзүүртэй  торон
хашаа олноор  баригдаж байна. Итгэл алга болсны хамгийн тод жишээ нь 
Төрийн ордныг тойруулан төмөр хашаа барьсан явдал. Ард түмнээс итгэлийг
авч хүчирхэг байх төр  ард түмнээсээ төмөр тороор өөрийгөө хамгаалсан
тэр өдрийг би хувьдаа  сэтгэл төмөрлөгдлөө гэж ойлгосон.Герман, Шинэ
Зеланд  гээд дэлхийн ихэнх орны парламентын ордон гадуураа төмөр  торон
хашаатай  байх байтугай   шилэн барилга байдаг. Төлөөлж, төлөөлүүлж
байгаа хоёрын хооронд ямарч хаалт байх ёсгүй.  Парламент нь  сонгогчдод
үргэлж үүд хаалгаа нээлттэй байлгах ёстой.   Өнөөдөр хамгийн чухал зүйл
болох итгэл алдагдсан   учир бие биенээ хуурсан, мэхэлсэн, хулгай
хийсэн, худалдаалсан гээд ёс бус зүйлээр Монгол орон дүүрлээ. Ийм
төрлийн  хэрэг, хэлцэл, гомдол  манай улсын хууль, шүүхийн байгууллагын
өрөөний шалнаас нь тааз хүртэл дүүрсэн биз. Тэр ч байтугай төрийн эрхийг
барьж байгаа, түмний итгэлийг хүлээсэн нам нь асуудлаа шийдэж чадахгүй
шүүх дээр дугаарлаад зогсч байна. Ер нь бохир орчинд өт, хорхой,  жоом,
харх  үүрлэж, халдварт өвчин дэгддэг. Түүнийг халдваргүйжүүлж ариусгах
шаардлагатай болно оо доо. Түүнтэй адил Монголын төр хийгээд нийгмийн 
бүхий л салбарт  олон бусармаг, шударга бус зүйл газар авчээ.   Авлига
гэдэг нь нэг л салаа мөчир нь. Авлигатай тэмцэх газар ганцаараа  л 
авлигын эсрэг тэмцээд, гэмт хэргийн эсрэг зөвхөн хууль хяналтын
байгууллага  хүч тавиад сайхан болгочихож чадахгүй. Тиймээс Монгол Улсын
иргэн бүрийн үүрэг оролцоо  чухал. Нийгмийг эрүүлжүүлэх,  ариусгах,  
муу муухай, худал хуурмаг  зүйлийг оршин тогтнох аргагүй болтол жигших,
түүнээс зайлсхийх  сэтгэл зүйг бүрдүүлэх    ажлыг цаг алдалгүй
эхлүүлмээр байна.

-Төрд итгэх итгэлийг бий болгоход юунд анхаарах ёстой гэж та боддог вэ?

-Таны итгэмжилсэн хүн итгэлийг тань дааж чадаж байна уу гэдгийг
сонгогчид   бодох ёстой. Хэрэв тэр итгэлийг тань  даахгүй хүнийг дахин
дахин сонгохоо болих хэрэгтэй шүү дээ. Мөнгөтэй л бол алдарт уяач
болдогтой адил бэлтэй бол намд хандив өгөөд сонгуульд нэр дэвших эрх
авч, баруун солгойгүй хөрөнгө цацаад төрийн түшээ болох жишээтэй. Ганган
машин хөлөглөж, үнэтэй, цэвэрхэн хувцас өмсч, сайхан ярьдаг, нүдэнд
дулаахан царайтай  болгон  таны төлөө ажиллаж чадах уу гэж гэдгийг бодох
хэрэгтэй. Хэдийгээр  хөрөнгө зоориор овоож оцойхгүй ч, өмссөн хувцас нь
үнэтэй чамин биш ч, оюунлаг, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэх, ухааныг нь 
шавхаж ажиллуулах тийм сайхан хүмүүс зөндөө бий.Ийм л  хүнийг намууд
нь  эрж хайж нэр  дэвшүүлдэг болмоор байгаа юм. Харин сонгогчид тийм 
зөв, итгэлийг тань даах  хүнийг сонгох билгийн мэлмийгээ нээх цаг
болжээ.    Ер нь бүх зүйл итгэл дээр тогтдог. Хүмүүст  төрдөө итгэх
итгэл байсан цагт  мэргэн түргэн хүн рүү харайлгаад байх шаардлагагүй.
Яагаад гэхээр асуудлыг чинь чин шударгаар шийддэг, зөв яваа хүнийг
зөөлөн энхрий ивээлдээ багтаадаг төр байгаа, буруу явааг хатуу чангаар
гэсгээдэг төр байгаа цагт иргэд нь амгалан оршиж, итгэн жаргаж, хөгжин
дэвшиж байх болно. Өнгөрсөн цаг хугацаагаа эргээд нэг  харцгаая,
бодоцгооё, өөрөө өөртөө дүгнэлт хийцгээе.  1990 оны Монголын ард түмний
тэр их итгэл, нэгдэл, эвлэрэл  өнөөдөр байна уу, үгүй юу гэдгийг уншигч
олныг хариулаарай    гээд  орхие.

-Итгэл гэж их ярьлаа. Та 1996-2000 онд  парламентын гишүүн болж, 
Эрдэнэтчүүдийг  төрд төлөөлсөн  элч  нь байсан. Тэр олон хүмүүсийн
итгэлийг зүтгэлээр хариулж, хүлээсэн үүргээ биелүүлж чадсан уу?

-1996 оны УИХ-ын сонгуулиар 62.5 хувийн санал авч, парламентын гишүүн
болсон. Ардчилсан холбоо эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй ч  хувь
гишүүнийхээ хувьд гурван  зүйлийг  хийсэн гэдгээ хаана ч бардам хэлнэ.
Өвлийн улиралд Улаанбаатарт  утаа дэндсэн үнэн л дээ. Гэхдээ 1996 оны
үед түймэр энд тэндгүй асч, суунагалсан  хар   утаа нүүгэлтэж  байсныг
хүмүүс  одоо мартаж дээ. Зөвхөн Улаанбаатар ч биш Монголын нутаг тэр
чигээрээ шатаж байв.  Тэр жилийн дэлхийн зургаан гамшигт  Монголын
түймэр, Арменид болсон газар хөдлөлт орж байсан юм. Түймэр их гарч
байсан нь  хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Тэр үед хүмүүс олноороо
ажилгүй болж, бугын эвэр түүж, Хятад руу гаргадаг байсан. Зарим нь
санаатайгаар галддаг байсан байх гэж боддог.Түймэрдсний дараагаар  бугын
эвэр харлаж харагдана. Түүнийг түүж цэвэрлээд тушаадаг байсан гэсэн.
Чиргүүлтэй ачааны машин, вагон вагоноор урагшаа бугын эвэр зөөдөг байв.
Бугыг хэдэн зуугаар нь агнаад эврийг нь аваад сэгийг нь овоолоод орхисон
нь өмхийрчихсөн байсан гэдэг. Тиймээс тухайн үед  бугын эврийг хилээр
гаргахыг хориглосон хуулийн төсөл боловсруулж  хэлэлцүүлээд батлуулсан
юм. Үүний ачаар бугыг хядах нь зогсч, өнөөдөр бугагүй гэсэн эмгэнэлт
байдалд хүрэхээс аварч чадсан гэж боддог. Мөн тухайн үед ой модыг бас
хайр найргүй хяргадаг байлаа. Хэсэг хүмүүс, зарим компаниуд  модыг хэдэн
зуугаар хөрөөдөж огтолж ирээд хөрөө рамаар  зүсч банз болгоод урагшаа
вагон вагоноор өдөр шөнөгүй зөөдөг байсан. Би мод  экспортлохыг хориглох
тухай хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн барьсан ч эхний жил 
хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад хүч мөхөстсөн.  Харин дараагийн жил нь
хоёр намын нөлөө бүхий гишүүдийг ятгаж, гарын үсэг зуруулаад дахин өргөн
барьсан юм. Энэ үеэр сурагчдын дунд ой модоо хамгаалья хөдөлгөөн
өрнүүлж, хүүхдийн парламент зохион байгуулж ч байв. Мөн  байгаль орчин
хамгаалах төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын ажилтнууд,
НҮБ-ын дэргэдэх Хүнс хөдөө аж ахуйн газрын байгаль орчин хариуцсан
төлөөлөгчдийг оролцуулан УИХ-ын байнгын хороогоор  нээлттэй хэлэлцүүлэг
хийсэн. Үүний хүчинд хуулийг батлуулж,  мод экспортлохыг зогсоож чадсан
даа. Энэ нь миний амьдралын хамгийн аз жаргалтай дурсамж. Модны бизнес
хийдэг олон хүн намайг муу новш гэж харааж байсан ч уул, хайрханы лус
савдагуудыг баярлуулсан байх гэж боддог инээв.Тэр үед бас амины
зээлийн  орон сууц барих хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлэх гээд нэг л
бүтэмж муутай байсан. Харин хилээр мод гаргахыг зогсоосон учир 
бэлтгэсэн модны үнэ навс унаж, нойлын цаасны үнэ шиг хямдхан болсон.
Нөгөө төрөөс дэмжээд  олигтой баригдахгүй байсан  амины орон сууцыг 
богино хугацаанд барихыг иргэд үзүүлсэн дээ. Би заримдаа хотын захын
хорооллоор амралтын өдөр  явж иргэдийн байшин, сууц  эрчтэй барьж
байгааг харах тусам үүнийг би хийчихлээ гэж үү хэмээн  өөрөөрөө бахархах
сэтгэл төрдөг байсан. Төрийн оносон шийдвэр түмний хүлээж байсан
зүйлийг алга хөрвүүлэхийн төдийд амархан зорицуулж болдгийг амьдрал дээр
бодитоор харуулсан хэрэг. Би 1996-2000 онд парламентын гишүүн байхдаа
олон асуудалд олон нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж, бас
гаргалцаж үүргээ нэр төртэй биелүүлж, намайг сонгосон Эрдэнэтчүүдийнхээ
итгэлийг алдаагүй гэж боддог.

-Нээрээ таныг хөдөөгийн 13-ын фракцын гишүүн гээд цоллодог байсан. Зарим нь  ч эсэргүү энэ тэр гээд л?

-Бид тийм эсэргүү зүйл хийж, ардчиллын нэр хүндийг унагасан нөхөд
байгаагүй юм шүү.  Харин ч бусармаг, хуйвалдсан, бүтэхгүй зүйлийн
эсрэг   тэмцэж  байж гэдгийг цаг хугацаа харуулж байна. УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүнийг хавсран хийж болно гэж УИХ-ын эрх зүйн байдлын
тухай хуульд өөрчлөлт оруулах гэхэд  энэ  нь Үндсэн хууль зөрчинө гээд 
12 гишүүн эсэргүүцэн хурал хаяж гарсан юм.  Үүнийг эсэргүүцэж байна
хэмээн 12 гишүүн гарын үсгээ зурахад минийх хамгийн эхэнд байсан.
Тэрнээс хойш намын шийдвэр эсэргүүцдэг, олонхидоо захирагддаггүй,
урвагч, хөдөөний 13 хэмээн цоллох болсон. Зарим нөхөд маань биднийг
харлуулах гэж зохион байгуулалттай ажил өрнүүлж, сонин хэвлэлд ч
бичүүлдэг байсан даа. Орон нутагт хийсэн бүсчилсэн уулзалт дээр хүртэл
ажил хийхэд  энэ 13 нөхөр саад хийгээд  байна хэмээн сурталчилж байв.
Гэвч дээрх өөрчлөлт нь Үндсэн хуультай харшлах учир дараагаар нь тулгуур
хуульд гарч хүрч дордохын долоо гэдэг нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Энэ
нь болчимгүй алхам байсан, үүнийг  өөрчлөх шаардлагатай гэж байнга л
шүүмжлэл дагуулж байна шүү дээ. Одоо эргээд харахад ямарч байсан зөв
зүйлийн төлөө тэмцэж байж гэж бодохоор сайхан санагддаг.

-Төрийн тогтолцоо нэг л болохгүй байна. Парламентыг хоёр танхимтай
болгоё гэсэн дуу хоолой хүчтэй сонстох боллоо. Та энэ талаар ямар
бодолтой байгаа вэ?

-Хамгийн түрүүнд  ариусал, итгэл бий болгож, нийгмийг
эрүүлжүүлэхгүйгээр  парламентыг хоёр танхимтай болгосон ч  байдал
дээрдэхгүй.  Итгэлийн дээд төр, эгэлгүй ариун байх  аваас  эвийг сахих
ард түмэн маань ашид амгалан оршино. Энэ агуулгын дор Үндсэн хуульд
өөрчлөлт оруулмаар байгаа юм.   Манай төрийн түшээд, авгай хүүхдийн хов
жив шиг зүйл яриад, хийгээд   яваад байна. Дөрвөн жилийн хугацаанд
ирээдүйгээсээ хулгай хийдэг, түр зуурын хоноцын сэтгэлгээгээр хандах
боломжийг өнөөгийн Үндсэн хууль , Улстөрийн намуудын тухай хууль олгоод
байгаа юм. Эзэн Чингис  олон ургальч үзлийг хамгийн их дээдэлдэг хаан
байсан. Олон намын тогтолцоо гэдэг бол олон тийшээ салж улсаа бутарга
гэсэн үг биш.  Чингис хаан олон ургальч үзлийг уралдуулж, хаана оюун
ухаан байна, түүний эрэлд хатаж, тийм хүмүүсийг олж эрдэм ухааныг нь 
төрийн хэрэгт, тогтолцоог боловсронгуй болгох үйлсэд шавхаж ажиллуулдаг
байжээ.  Одоогийн улстөрийн хүчнүүд нь  хаана оюун ухаан байна, түүнээс
айдаг болсон.

-Тийм гэж үү?

-Айж байгаа шалтгаан нь оюун ухаантай хүн надаас илүү нэр хүнд олчихно,
миний байр суурийг булаачихна гээд нийлж хор найруулж, бохир замаар
улстөрийн дээд өндөрлөгт гардаг тогтолцоо бий болчихоод байна. Энэ бохир
замаар нь дамжихгүйгээр төрийн  эрх мэдэлд хүрэх бололцоогүй болоод
байгаа. Одоо намууд хаана оюун ухаан түүнийг зайлуулж, хаана их мөнгөтэй
хүн байна тийшээгээ ханддаг болсон. Нөгөө мөнгөтэй нөхөд  нь  эрх
мэдэлд хүрч хурааж хуримтлуулснаа л арвижуулахаар  намыг ашиглаж байна.
Ийм гишгүүрээр алхсаар  улс дампуурч гүйцлээ. Төрд  бохир зүйл хийгч  
олшрохоор   төр болоод түүнээс доош хамааралтай бүх зүйл   өнгө зүсгүй
болдог. Улстөрийн намуудын тухай хуульд  өөрчлөлт оруулж, сонгууль нь
хөрөнгө мөнгөний уралдаан биш хөгжлийн дэвшлийн төлөөх  өрсөлдөөн,  оюун
ухаантай хүмүүсээ намаасаа шахаж гаргах биш далайгаас сувд хайх мэт
эрж, эрдэнэ болсон эрдэмтэн мэргэдээ төрийг жолоодох үйлст шигшин
цуглуулж, тэр хүмүүсийн ухааныг улс орны хөгжлийг түргэтгэхэд ард
иргэдээ амгалан тайван амьдрахад авч ашиглах хэрэгтэй байна.  Мөн төрд
ажиллах хүний тангаргийг өөрчлөх шаардлагатай.  УИХ-ын гишүүн нийт
иргэн, улсын төлөө ажиллана гэсэн балай тангарагтай. Энэ нь  ямарч 
хүчгүй, үлбэгэр сонсогдож байгаа биз дээ. Тэрний оронд Эзэн Чингис
хааны   Нууц товчоонд  бичиж үлдээсэн тэр тангаргийг хэрэглэх хэрэгтэй.
Бид шинэ зүйл бодож олох гэж тархиа гашилгах шаардлагагүй.

-Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алдраг гээд үү?

-Тиймээ.

Бүтэн бие минь алжааваас алжаатугай

Бүрэн улс минь бүү алдраг.  Энэ чинь жинхэнэ тангараг. Олны өмнө төрийн
ажлыг хийгээд алдаа гаргавал намайг битгий өршөө, нийтийн өмнө намайг
цаазал гэж нүд цавчихгүй зогсч байгаад  өвөг дээдсийн бичиж үлдээсэн
Нууц товчоо хэмээх ариун судар дээр баруун гараа тавиад өвдөг сөхрөн
тангараглах ёстой. Тэр хүн үүнийгээ зөрчих юм бол бусдаар  шаардуулалгүй
, хариуцлагаа  өөрөө хүлээх ёстой .  Японы самуурай нарынхаас  илүү
эрхэм чанар монгол эрчүүдэд байсан юм шүү. Японд цунами болж газар
хөдөлж  хүндрэл тохиолдон  АЦС  нь дэлбэрлээ. Гэтэл өндөр мэргэжлийн
мэргэжилтнүүд нь аймшиггүйгээр би гомдолгүй гээд  тэр АЦС руу явцгааж
байна. Эх орныхоо төлөө өөрийгөө  золиослож байгаа баатарлаг үйлс энэ
тэр хэмээн ремламдахгүй байгаа биз дээ. Тэр хүмүүс би Япон хүн учраас
Япон орныхоо төлөө өөрийгөө зориулж байна гээд чимээгүй явцгааж байгаа
хэрэг.

-Та саяхан төрийн гурван өндөрлөгтэй уулзахаар хүсэлт тавьсан гэл
үү. Ямар асуудал ярилцах гэснийг тань нууц биш бол сонирхож болох уу?

-Би Монголын  төрийн томчуудыг эвтэй байгаасай гэж боддог.  Тийм ч
учраас би хэд хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,
Ерөнхий сайд , Шадар сайд нартай уулзахаар Чингис хааны менежмэнтийн
холбооныхонтойгоо очсон. Ганцхан УИХ-ын дарга л хүлээн авч уулзлаа.
Бусад нь хүлээн аваагүй . Би Д.Дэмбэрэл даргад “ Энэ онд  Үндэсний эрх
чөлөөний 100 жил тохионо. Энэ түүхт ойгоор ард иргэдээ ариусгах, соён
гэгээрүүлэх ажил эхлүүлж,төрийн тахилгат уул овоог  жинхэнэ ёс жаягаар 
тахъя гэсэн. Тэрнээс өмнөх шигээ хэдэн бөх барилдуулж, архи уугаад, 
үнэтэй жип хөлөглөн тоос манаргаж давхиад , байгаль орчин бузарлаж
баахан нойлын цаас хийсгэчихээд ирэлгүй утга агуулгатай зүйл хийе ээ.  
Ой тэмдэглэх мөнгөө надад өгчих, би утга учиртай болгоод өгье, төрийн
түшээд нь шальдар бульдар зүйл ярьж байгаа  чавганц нарын яриа шиг авъя
авч болохгүй, хаях гэхээр хаяж болохгүй юмаар үлгэргүй байдал үзүүлж,
тунирхаж, гомдоллож, хагаралдаж байгааг таслан зогсоое гэсэн.  Энэ ойг 
монголчуудын эв эеийн эрхэм  хүндэтгэлт  баяр ёслол болгож, төрийн
тахилгат уулыг тахихдаа   дээд тэнгэрт  нэг зорилготой,  итгэлтэй, эв
нэгдэлтэй байна гэж тангараглаж эвдрэлцсэн, эвгүй үг хэлж муудалцсан
дэвийг эцэг дээд тэнгэрийн өмнө эвлэлцүүлэн нэгтгэх ажлыг хиймээр байна.
Гэвч миний энэ хүсэлтийг хүлээж авсангүй л дээ.

-Та яаж эвлэлцүүлэх юм бэ?

-Уул овоонд гоё хувцастай хэдэн дарга нар очиж,  архи, сүү өргөөд, 
залбирсан болоод өнгөрч байна. Уул овооны лус савдагт намайг энэ албан
тушаалд минь үлдээгээсэй, манай авгай, хүүхдийг л сайхан байлгаасай,
зөвхөн намайг баян тарган байлгаад өгөөч, манай намыг сонгуульд ялуулаад
өгөөч гэсэн сэтгэл өвөрлөсөн нөхдүүд  төрийн тахилгат  уулыг тахих
ёслолд очдог. Эвдрэлцээд эвээ олж чадахгүй байгаа энэ улстөрчид, төрийн
зүтгэлтнүүд, намуудын лидерүүд өмнөх явдлаа мартаж ирээдүйн төлөө уруул
дордойвч, элэг дордохгүй монголчууд бид гээд   итгэлийг сэргээх хэрэгтэй
байна.  Чингис хаан Жамухыг ял шийтгэл оногдуулсан ч энэ жирийн хүн
биш, төрийн их хэргэм зэрэгтэй хаан хүн гэж хандах хандлага нь 
хүндэтгэлтэй байсныг Нууц товчоонд  өгүүлсэн байдаг. Улс орны нарийн
нууц мэдээллийг мэддэг, төрийн өндөрлөгт байсан хүнээ маргааш нь гудамж
руу өшиглөөд хаячихаж болохгүй. Энэ нь тэр хүнийг өшиглөж байгаа биш,
төрийн нэр хүндийг унагаж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг эрх
мэдлийн төлөө явж байгаа нөхдүүд  түрүүн ярьсан чоно лугаа адил толгойд
явсан лидерээ  тасдаад хаячихаж болохгүй шүү дээ. Монголчууд бид эв
нэгдэлтэй байх ёстой. Тэр эв нэгдлийг бий болгох, нягтруулах арга
хэмжээг зохион байгуулмаар байна.  Бөө, шарын шашных ч байна уу, аль
намынх  ч байна уу, баян , ядуу байна уу хамаагүй эв нэгдлийг хичээж
итгэл гэдгийг сэргээж улс үндэстнээ өөдлөн дэвжихэд хувь нэмрээ
оруулахыг уриалъя.Миний Монгол Улс мөнхөд мандан бадарч байх болтугай. 
Ярилцлага өгсөн таньд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж