Монгол улсын зууны манлай, алтан үеийн дасгалжуулагч Солийн Магсар хүнд өвчний улмаас нас барлаа.
Солийн Магсар нь 1943 онд Улаанбаатар хотод төрж 1961-1966 онуудад ЗХУ-ын Ленинград хотын П.Ф.Лесгафтын нэрэмжит Биеийн тамирын дээд сургуульд суралцан чөлөөт бөхийн дасгалжуулагчийн мэргэжил эзэмшжээ.
1966-1978 онуудад улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, 1978-1980 онуудад Булган аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч, 1980-1984 онуудад УБТЗ-ын Зүтгүүрийн депод туслах, жинхэнэ машинч, 1984-1990 онуудад “Алдар” спорт хороонд дасгалжуулагч, 1991-1994 онуудад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1994-1997 онуудад Биеийн тамир, спортын үндэсний төвд ерөнхий дасгалжуулагч, 1997-2001 онуудад үндэсний шигшээ багийн зөвлөх, “Хангай” клубын захирал, 2001-2006 онуудад Үндэсний шигшээ багийн захирлаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
1968 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1971 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1975 онд “Алтан гадас” одон, 1973 онд Гавьяат дасгалжуулагч, 2009 онд Ардын багш цолоор шагнуулж 1999 онд “Зууны шилдэг дасгалжуулагч” өргөмжлөл хүртжээ. 1974 онд ФИЛА-гийн “Хүрэл одон”, 2011 онд “Мөнгөн одон”-гоор шагнуулжээ.
1968 оны Зуны олимпийн наадамд дасгалжуулагчаар, 1972, 1976 онуудын Зуны олимпийн наадамд шүүгчээр, ДАШТ-нд 1969, 1971, 1973 онуудад 3 удаа дасгалжуулагчаар, 1970, 1974-1975, 1977 онуудад 4 удаа шүүгчээр оролцсон. 1969 онд олон улсын шүүгч, 1972 онд олон улсын шилэгдмэл шүүгч болсон.
С.Магсар үе үеийн монгол улсын алдар цуутай шилдэг тамирчид, дасгалжуулагч, шүүгч, шавь нар болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Б.Жамсран, Ө.Эрдэнэ-Очир, Х.Намшир, П.Давагсүрэн, Д.Долгорсүрэн, Ц.Санжаа, Б.Санжаа, Д.Хашбат, Т.Зундуй, Б. Сүхбаатар, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, О.Энхтайван, Б.Намжин, А.Басхүү, Д.Цэрэнтогтох, Ж.Мөнх-Очир, Д.Лодой , Ц.Чойнхор, Н.Дүгэрсүрэн, Г.Баясгалан, Б.Дашням, Н.Сувид,Д.Ганбат, С.Сүрэнжав, Д.Адъяатөмөр, Д.Мягмар, Б.Батсүх, Ш.Рагчаа, Ц.Лхаажав, Ч.Гочоосүрэн, Ж.Мягмаржав, Ж.Даваажав, Д.Оюунболд, Б.Болд, Б.Бүргэдаа, А.Баатархүү, Г.Хишигбаатар, Л.Ням, П.Ганболд, М.Бат-Амгалан, Т.Дэмрэлсамбуу, Х.Галиндэв, Д.Гансүх, Д.Цэрэндаш, Н.Жаргалсайхан, Д.Содномцэрэн, Ж.Дамдинсүрэн, Д.Нэгдэл, Б.Жавхлантөгс, Б.Баяраа, Бо.Жавхлантөгс, С.Эрдэнэбаяр, Ц.Хосбаяр, Д.Энхсайхан, Д.Алтаншагай, Ц.Цогтбаяр нарыг бэлдсэн Монголын шилдэг дасгалжуулагч байлаа. ‘‘Афинаас Афинд’’ном, анхан шатны тамирчдын бэлтгэл сургалтын гарын авлага, судалгааны олон жилийн нөр их ажлуудыг хийж гүйцэтгэсэн багш сурган хүмүүжүүлэгч ардын багш билээ та.
Таны чөлөөт бөхийн хөгжил, үйлсэд байгуулсан гавъяа бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх оршино.
Батлан хамгаалах яам,
Алдар спорт хороо,
УБТЗ-ын депо.
МУИС.Булган аймгийн БТСГ