“Зэс эрдэнийн хувь”-ийнхан УИХ, ЗГ-т хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

“Зэс эрдэнийн хувь”-ийнхан УИХ, ЗГ-т хандлаа

“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн түр хороо, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, Залуучуудын холбоо хамтран Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдэр бүхий овоолгуудыг түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулах хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт хандан тавьжээ.

Тэд энэхүү хүсэлтээ С.Батболдын Засгийн газрын үед ч тавьж байсан юм. Гэвч цэвэр цэсийн үйлдвэр байгуулах хүсэлт ажил хэрэг болж чадахгүй өнөөдрийг хүрээд буй. Үүнд “Зэс эрдэнийн хувь” компанийнхан “Үйлдвэр барих зөвшөөрөл олгохгүй өнөөдрийг хүртэл гацааж байгаа нь хэдхэн хүний хувийн эрх ашигт хөтлөгдөн хийж байгаа явцуу үйлдэлтэй холбоотой” хэмээн үзэж байгаа аж. Харин тэд шинээр бүрдсэн УИХ, шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнд хандан тавьсан хүсэлтдээ 

“Эрдэнэт” үйлдвэрийн технологийн бус хаягдал овоолгуудыг түшиглэн цэвэр зэсийн үйлдвэр байгуулснаар Орхон аймгийн иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй өндөр цалинтай байнгын ажлын байр бий болгох ач холбогдолтой юм. Тиймээс компани маань 2010 онд Орхон аймгийн 40 мянга гаруй иргэдийн оролцоотойгоор үүсгэн байгуулагдсан. Тэр үеэс Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ОХУ-ын хэсэгт удаа дараа хандан, хүсэлт гаргаснаар ОХУ-ын хэсгийн ахлагч С.В.Чемезов  “Овоолгуудыг түшиглэн туршилт судалгааны ажил хийж гүйцэтгэхийг дэмжин, туршилтын үр дүнгээ зөвлөлд тайлагнахыг зөвлөсөн. Энэ дагуу бид 2012 оны дөрөвдүгээр  сарын 26-нд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ТӨХ-ноос Эрдэнэт үйлдвэрийн 8а, 12 дугаар овоолгуудаас дээж авах, туршилт судалгаа явуулах зорилгоор туршилтын үйлдвэр байгуулах зөвшөөрөл авсан. Бидний хэрэгжүүлэхээр зорьсон үйлс тухайн үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон зорилтуудад нийцсэн төсөл, санаачлага болж чадсан хэдий ч тодорхой бус хүндрэлтэй тулгарч, зайлшгүй жагсаал цуглааны хэлбэрээр шаардлага тавих нөхцөл байдалд хүрч байсан. Улмаар олон удаагийн жагсаал цуглааны хэлбэрээр шаардлагаа тавьсны үр дүнд дурдсан асуудлыг шийдвэрлэсэн боловч мөн л тодорхой бус шалтгааны улмаас ТӨХ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-тай гэрээ байгуулж чадаагүйгээс олон мянган жирийн иргэдийн зорьсон ажил бодит биелэээ олж, бүтээн байгуулалтаа эхлүүлж амжилгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент, мөн Шинэчлэлийн Засгийн газар нь  ТӨХ-ны шийдвэрийн биелэлтийг хангах асуудлаар дорвитой алхам хийж, Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтран ажиллах асуудлыг богино хугацаанд нэг мөр эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт Орхон аймгийн олон мянган жирийн иргэд бид бүхэн итгэл төгс байна” гэжээ
.
Мөн тэд арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан ТӨХ-ны шийдвэрийг биелүүлэх асуудлаар яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж