
нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн Засаг даргыг сонгосон билээ. Тус
аймагт Ардчилсан намын гишүүд болон дэмжигчид олонхи болсон болохоор
намынхаа хүнийг өөд нь татаад л өмнө нь байсан засаг ноён Б.Бадрааг
дахин даргын сэнтийд нь залав. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг
сонгуулийн дүн будлиангүй гарсан аймгуудыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаа
яаралтай хуралдуулж, Засаг даргаа томилох үүрэг өгсний дагуу Орон
нутгийн сонгуулийн дараахь аймгуудын анхны даргаар Өмнөговь аймгийн
Засаг дарга Б.Бадраа ийнхүү улиран сонгогдсон. Түүнийг нам, засаг нь
дахин сонгох олон шалтгаан бий. Тэрбээр төрийн болон орон нутгийн
мөнгөөр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байхад нь иргэн Л.Энхболд
АТГ-т санал хүсэлт гаргасны дагуу жил гаран хугацаанд шалгасан.
Шалгалтаар
идэж, уусныг нь бүгдийг мөрдөн байцаалтаар тогтоож дууссаны дараа
Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалтад буцаасан гэдэг.
Гэтэл АТГ болохоор “Манайд ирээгүй ээ, прокурорт байгаа гэнэ”,
Нийслэлийн прокурор болохоор “Нэмж шалгах хэд хэдэн үндэслэл байгаа.
АТГ-т шилжүүлсэн” гэж бие бие рүүгээ чихсээр байгаад задарсан Засаг
дарга Б.Бадраагийн хэрэг замхарч алга болсон түүхтэй. Уг нь бол түүнийг
төрийн болон түмний мөнгө болох 500 сая төгрөгийг албан тушаалын байдлаа
ашиглан завшсан гэдэг үндэслэлээр шалгасан нь үнэн. Б.Бадраа нь
2009-2010 онд арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин
худалдан авсан нэгэн. Хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний, өндөр
үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн
үйлдэл. Төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргасан нь дэндүү
хууль зөрчсөн үйлдэл учир шалгаж өгөхийг хүссэн иргэдийн гомдол АТГ-т
ирсэн гэдэг.
Эцэстээ хэрэг нь шийдэгдэж, “дээлээ нөмрөлгүй” харин
ч албан тушаалтайгаа үлдсэн хүн. Ардчилсан намын дарга нар албан
тушаалтай нь зууралдуулж үлдээсэн гэдэг нь бараг үнэний ортой. Намын
татаастай дарга гэдгээ харуулж чадлаа. Уг хэрэгтээ бол түүний хууль бус,
хуурмаг үйлдэл нь хэрээс хэтэрч эхэлсэн. Энэ байдлаа эрх мэдлээрээ
давамгайлан намын харьяалал зааж олон иргэдийг хохироосон. Өөрийнхөө
компаниар Хүрмэн сумын сургуулийг өндөр үнээр засварлаж, улсаас төсөвлөж
өгсөн мөнгийг өөрийн компанидаа захиран зарцуулсан .Энэ ажилдаа төсвөөс
120 сая төгрөг гаргуулсан гэх баримт ч байдаг юм билээ. Мөн төрийн алба
хаагчдыг орон сууцаар хангах нэрээр 350 сая төгрөгийг орон сууцны
сангийн хөрөнгөөс гаргасан. Түүний энэ үйлдэл “Сан зохих шалгуурыг
хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно” гэсэн журмыг зөрчсөн
байгаа юм. Түүнчлэн зээл авсан гэх төрийн алба хаагчидтай ямар ч зээлийн
гэрээ байгуулаагүй гэх зэрэг тооцоод барахгүй хууль бус үйлдлүүд зөндөө
бий.
Өмнөговь аймаг байгалийн нөөцөөрөө Монголд номер нэгд ордог
аймаг. Байгалийн баялаг ихтэй, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон
компаниуд газар дээр нь тухалсан. Өмнөговь аймгийн хувьд уул уурхайгаас
өөр ажлын байр ховор. Үйлдвэрлэл хөгжөөгүй, иргэд нь уурхай түшиглэж
амьдрахаас өөр аргагүй гэдэг ч энэ ажил нь мөн л болдоггүй гэсэн. Ийм
байтал Засаг дарга нь тэдний үгийг огт сонсдоггүй, хүлээж авдаг ч үгүй
аж. Дээр нь энэ аймагт АН-аас бусад намын харьяалалтай иргэд ажилд орох
тухай санах ч хэрэггүй юм гэнэ лээ. Гарц сайтай хамаг өөдтэй газраа
бусдад өндөр үнээр наймаалцсан хүн бол Б.Бадраа.
Уг нь Газрын
тухай хуульд Засаг дарга газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх
олгохыг зөвшөөрнө гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Гэтэл Б.Бадраа
иргэддээ өгдөггүй хэрнээ хурган дарга нар болон гадаадынханд
худалдчихдаг сурагтай. Тавантолгой, Оюутолгойн ашиг шимийг Б.Бадраа
өөрийнхөө тойрон хүрээлж буй дарга, хамаатан садантай, төрийн томчуултай
хуваагаад хүртчихдэг аж.Орон нутагт орж ирсэн тендэрийг ямар ч
шалгуургүй, өөрийн компани болон таньдаг хүмүүстээ зүгээр “бэлэг”
болгоод өгчихдөг нэгэн гэнэ. Энэ жилээс эхлэн байгалийн нөөц ашигласны
зардал нь аймгийн төсөвт шууд орж байх захирамжийг Засгийн газраас
гаргасан. Уг нь бол урьд өмнө байгаль орчны нөөц ашигласны мөнгө гэж 163
сая төгрөг аймгийн төсөвт үлдээж, бусдыг нь улсын төсөвт оруулдаг
байсан юм. Тэр аймагтаа үлдсэн мөнгөөр аймгийнхаа төлөө хөрөнгө
оруулалт, хөгжил дэвшлийн төлөө захиран зарцуулдаг журамтай байсан.
Харин тэгвэл энэ жилээс эхлээд гадаадын компаниуд байгалийн нөөц
ашигласны төлөөх төлбөр болох 14 тэрбум төгрөгөө шууд аймгийн төсөвт
хийх аж.
Энэ мөнгийг Б.Бадраа юунд, яаж зарцуулахаа мэдэх нэгэн.
Мэдээж, түүний яаж, хэнд, ямар аргаар захиран зарцуулж, их мөнгөөр
дургих нь тодорхой. Ийнхүү түүнд төр, засаг түмний болон төрийн мөнгөөр
тоглох эрхийг нь өгчээ. Б.Бадраагийн орон тооны бус зөвлөхөөр “Ажнай”
корпорацийн эзэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ
ажилладаг юм. Түүнийг “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болгож, бага
Тавантолгойн ордын нүүрсийг Хятад руу дураараа зөөх эрх олгосон Засаг
дарга Б.Бадраагийн хууль зөрчсөн үйлдлүүд дуусахгүй.
Татварын
ерөнхий газраас 2009 онд хийсэн шалгалтын дүгнэлтэд түүний “Хаан” банкин
дахь 5585……. тоот хувийн дансанд 2004-2009 оны хооронд 831,8 сая
төгрөг орсон, мөн “Таван толгой транс” ХХК-иас 12 сая төгрөгийн зээл
авсан баримт байдаг. Онцлох нь, тэрбээр 497.1 сая төгрөгийг татвараас
нуун дарагдуулж, орлого олсон гэх ямар ч анхан шатны баримт бичиг
бүрдүүлээгүй байв. Дахин улиран сонгогдсон Засаг дарга дөрвөн жилийн
хугацаанд аймгийн иргэдийн ажил, амьдралынх нь төлөө юу хийж, яаж
ажиллах нь ч бүрхэг санагдана.