С.Энхбат хэнээр шагнуулаад, хаашаа нисчихэв ээ

Хуучирсан мэдээ: 2012.12.10-нд нийтлэгдсэн

С.Энхбат хэнээр шагнуулаад, хаашаа нисчихэв ээ

Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн ач хүү С.Энхбат Кувейт улсад суух Элчин сайдаар томилогдлоо гэх мэдээлэл олныг гайхшруулав. Улс орноо гадаадад төлөөлөн суух Элчин сайд хүн төрийн түшээгийн зангарагтай, төр түмнээ төлөөлөх нэр нүүртэй нэгэн байх ёстой. Гэвч С.Энхбат гэдэг хүн ийм анхан шатны шинжүүдийг агуулж чадах уу гэх асуултад шуудхан тийм гээд хариулчих хүн олдохгүй л болов уу.

Учир нь тэр Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа цөмийн энерги, ураны асуудал эрхэлсэн газрын даргаар томилогдон ажиллахдаа хууль ёсыг дээдлээгүй, хувийн ашиг хонжоо хөөсний улмаас гэх шалтгаанаар албан тушаалаасаа халагдаж байсан нэгэн. Гэтэл эдүгээ уран, цөмийн ашигт малтмалтай холбоотой хамгийн том харилцагч болох Кувейт рүү түүнийг Элчин сайдаар томилчихож байгаа нь нүдээ олсон томилгоо мөн гэж үү Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа гэж асуухад хүргээд байна.

Та бүхэнд эргэн сануулахад С.Энхбат нь Цөмийн энергийн газрын дарга байхдаа найман аж ахуйн нэгжид 21 цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын лиценз өгсөн нь хууль зөрчсөн томоохон үйлдэл болж байлаа. Бүр Ерөнхийлөгчийн 2009 оны есдүгээр сарын 7-нд гаргасан ашигт малтмалын лиценз олголтыг зогсоох тухай шийдвэрийг ноцтой зөрчсөн байдаг. Араас нь тэдгээр 21 лицензийг хүчингүй болгох тухай чиглэл ч өгөгдөж байлаа.  Мөн түүнийг тус газрын дарга байх үед л Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гэнэ гэх асуудал анх гарч ирэн олныг айдаст автуулсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй олныг айдаст автагдуулж, улс төрийн хүрээг хөөсрүүлж байсан эл асуудалд зүй нь Цөмийн энергийн газрын дарга хариулт өгөн олныг нэг мөр мэдээлэлтэй, ойлголттой болгох үүрэгтэй. Гэвч С.Энхбат дарга тухайн үед ус балгасан мэт дуугүй байж олныг хийрхэлд автуулсан. Эл асуудалд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд тухайн үедээ “Үгүй” гэсэн хариулт өгч байж олныг тайвшруулж байлаа. Уг нь энэ тайлбарыг гаргалгаа, баримттай нь хийх хүн тухайн үед ганцхан С.ЭНхбат дарга л байв. Гэвч Цөмийн энергийн газрын даргаа “дийлээгүй” Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр өөрсдөө тайлбар хийсэн.

Ер нь С.Энхбат Цөмийн энергийн газрын дарга байхдаа ажлаа огт хийдэггүй байсан гэдэг. Засгийн газрын тэргүүн ч хуралдаандаа дуудан суулгах гээд дөнгөдөггүй байсан тухай тухайн үед хэвлэлээр гарч л байсан. Тэрбээр “Өвчтэй байна”, “Хөдөө явсан” гэсэн хоёр тайлбараар танхимын сайд нараа залхааж, арга ядахдаа түүнийг халсан. Салбарынх нь оруулж байгаа асуудлыг хэлэлцэх гээд дуудахаар өөрөө ирдэггүй, дэд дарга Ц.Дамдинсүрэн нь ирсэн ч сайд нарын асуултад хариулж чаддаггүй байсан гэдэг. Монгол Улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн хяналт тавих чиг үүрэгтэй албаа хааж чадаагүй С.Энхбат дарга байхдаа ашиг сонирхлынхоо төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэдэг байсан гэдгийг гадарлах хэсэг нь гадарладаг л юм билээ.

Ийм л хүн Кувейт улсад Монгол Улсыг төлөөлөхөөр томилогдон нислээ. Тэр хэний эрх ашгийг хамгаалж, хэнтэй юугаараа нийлсэн болохоороо ийм өндөр дээд шагналаар шагнуулан Кувейт руу нисчихэв ээ. Кувейт бол манайхтай цөмийн энерги хийгээд ашигт малтмалын салбараар хамтрахаа идэвхтэй мэдэгдээд байгаа хүчирхэг орнуудын нэг. Ингэхээр С.Энхбат даргын томилгооны цаана ямар хор найрагдаж байгааг харах л үлдлээ.

С.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж