Улсын дээд шүүхээс Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2.6 жил, Ж.Мягмаржаргалд нэг жил байхаар тогтоов. Харин Д.Чулуунбаатарт оногдуулсан хоёр жил нэг сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээж орхилоо.
Ингэсний дараа З.Баянсэлэнгэ, Н.Энхбаяр хоёр өлсгөлөн зарлах эсэх нь энэ амралтын өдрүүдээр тодорхой болсонгүй. Гэхдээ Н.Энхбаяр шүүх хурлын өмнө “Засгийн газар тогтвортой байх ёстой” гэсэн мэдэгдэл гаргаж хоёр хоногийн өмнөх мэдэгдлээсээ ухрав.
Үүнийг гурван сайдаа дийлэхгүй болсондоо гаргасан арга ядсан шийдвэр гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр гурван сайдаа гар гэхэд өнөө хэд нь тоохгүй байснаас болоод улс төрийн хүрээнд онигоо болохгүй гэсэндээ амнаасаа унагасан үг хэмээн үзэцгээх хэсэг байна. Мөн шүүгчдийг аргадсан хэлбэр ч гэх гаргалгааг гаргацгааж байгаа юм билээ.
Үйл явдлыг эргэн санахад МАХН-ын гүйцэтгэх товчоо өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн орой хуралдан Н.Энхбаяр даргыг гаргахгүй бол засгаас гарах хэрэгтэй. Манай нам хэлмэгдүүлэлт хийж байгаа газар сайдын суудал аваад сууж байж таарахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд шууд сайд нараа эргүүлэн татах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүллээ гэж мэдээлсэн. Харин маргааш нь буюу лхагва гаригт Д.Тэрбишдагва албан бичгээ Ерөнхий сайдыг ирэхээр өгч зөвлөлдөнө гэхээс өөр үг хэлэлгүй хэвлэлийнхнээс зугатсан. Пүрэв гаригт Ерөнхий сайд ирсэн ч Д.Тэрбишдагва албан ёсоор бичгээ өгсөн үгүй нь нууц байсан. Ардчилсан намынхан хийгээд Ерөнхий сайдын ажлын албаныхан “Албан бичгээ өгөөгүй, асуудлыг албан ёсоор тавиагүй” гэцгээсэн. Ингээд баасан гариг болоход Д.Тэрбишдагва Н.Энхбаярын шүүх хурлаас ямар шийд гарахыг харж байж Ерөнхий сайдтай уулзах эсэхээ шийднэ гэсэн. Тэгээд шийд гарсны дараа мөн л зугатаад алга болсон байна. Ингэхээр Н.Энхбаяр үүрэгдэн МАХН-ын гүйцэтгэх товчооноос Засгийн газраас гарах шийд гаргаад байгаа ч Д.Тэрбишдагва тэр бичгийг Ерөнхий сайдад ямар нэгэн арга саам хэрэглэн хүргэж өгөхгүй байсаар өнөөдрийг хүргэн асуудлыг царцаагаад байгаа нь тодорхой боллоо.
Улсын дээд шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон шийдвэрийг эсэргүүцэн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нар хамтран тэмцэхээр болж байгаагаа мэдэгдсэн. Тэд харин амралтын өдрүүдээр ямар хэлбэрээр тэмцэхээ тодорхой болгон тактикаа боловсруулна гэцгээж байв.
Энэ гурваас гадна Н.Энхбаяртай нийлэн МАХН-ыг үүсгэн байгуулалцаж хөрөнгө мөнгө, эд эсээ зарцуулаад хоосон хоцорсон амбицандаа автагдсан нөхөд ч тэмцлийн хэлбэрийг сонгоно гэж байгаа. Гэхдээ Н.Энхбаярынхаа төлөө тууштай байгаагүй Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Удвал гуравтайгаа эхлээд хариуцлага тооцох тухай ч ярьцгааж эхлээд байгаа гэсэн. Ямартай ч Н.Энхбаярыг суллахгүй нь, цагаатгахгүй нь тодорхой болсон энэ үед Засгийн газарт толгой хорогдоод байгаа гурван сайд намынхнаасаа чангахан жавтий хүртэх нь тодорхой боллоо. Харин Н.Энхбаяр хойшид ямар арга барилаар ажиллах, Засгийн газар доргих эсэх хийгээд парламентад “Шударга ёс” эвслийн бүлэг байх эсэх гээд олон асуултын хариулт өнөөдрөөс олон нийтэд тодорхой болох биз ээ.