
Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм байна. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн орж байжээ.
Сонирхуулахад, Авлигын эсрэг конвенцийг баталсан 2003 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн гурван өдрийн турш Мексик улсын Мерида хотод байрлуулан, конвенцийн бичигт дэлхийн улс орны тэргүүнүүд гарын үсэг зурсан юм байна. Түүнээс хойш Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд бүх улсын тэргүүнүүд гарын үсгээ зурахад нээлттэйгээр үлдээсэн байна.