Жокович дасгалжуулагчтайгаа түнжин хагарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Жокович дасгалжуулагчтайгаа түнжин хагарчээ

АТР-гийн дэлхийн чансааны жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Сербийн теннисчин Новак Жокович америк дасгалжуулагч Тодд Мартинтай найман сар хамтран ажилласны эцэст мөр мөрөө хөөхөөр болжээ. Өнгөрсөн жилийн U.S. Open “Их дуулга”-ын цуврал тэмцээний өмнө Жокович Мартинд хамтран ажиллах санал тавьж, улмаар Мариан Ваядагийн хамт хоёр дасгалжуулагчийн удирдлага дор тоглож байсан юм. Ингэхдээ Мартин голчлон АНУ-д зохиогдож буй уралдаан, тэмцээнийг хариуцан ажиллаж байсан боловч 22 настай залуу тамирчин Жокович өнгөрсөн сард болсон Индиан Уэлссийн тэмцээний шөвгийн 16-д ялагдаж, улмаар Майамигийн тэмцээнд эхний тойрогтоо ялагдсанаар тэмцээнийг орхисон билээ. Харин тэрбээр энэ долоо хоногт эхлэх Монте-Карлогийн хатуу хучилттай талбайд зохиогдох тэмцээнд амжилттай оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Жокович даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Би цаашид Тодд Мартинтай хамтарч ажиллахгүй. Тодд намайг, миний арга барилыг ойлгож чадаагүй. Хоёр дасгалжуулагчтай байна гэдэг амаргүй хэрэг бололтой. Тодд зарим тал дээр гайхалтай, шинэлэг санаа гаргаж ажилласан. Харамсалтай нь миний хувьд тэдгээр өөрчлөлт үр дүнгээ өгсөнгүй. Гэхдээ би үүнд харамсахгүй байна” гэжээ.
Өдгөө 39 настай Тодд Мартин 1994 оны Австралийн нээлттэй тэмцээн болон 1999 оны АНУ-ын нээлттэй тэмцээнд финалдаж байсан бөгөөд дэлхийн чансааны жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байжээ. Тэрбээр 1999 онд талбайн теннисний элитүүдийн зиндааг орхисон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж