ХАМАС-ын тэргүүн Газад ирэв

Хуучирсан мэдээ: 2012.12.08-нд нийтлэгдсэн

ХАМАС-ын тэргүүн Газад ирэв

ХАМАС хөдөлгөөний улс төрийн товчооны тэргүүн Халед Машаль арванхоёрдугаар сарын 7-нд анх удаагаа Газын зурваст айлчлав.

Баруун эргийн Рамалла хотын захын дүүрэгт амьдарч байсан Машаль 1967 онд Арабын армиуд Израилийн эсрэг ээлжит дайнд ялагдсаны дараа Палестиныг орхин гарчээ. Өнгөрсөн хугацаанд олон ч улсад амьдарч, Израилийн эсрэг тэмцэх элдэв бүтэц, ажил хийж явжээ. Машалийн өмнөх ХАМАС-ын бүх удирдагчид Израилийн агаарын цохилтоор амь үрэгдсэн бөгөөд түүнийг ч мөн Газад ирэхийг хориглосон байв.

Газын зурваст түүнийг хүндэт харуултайгаар угтан авсан байна. Түүний айлчлал нь ХАМАС хөдөлгөөний 25 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд сүүлийн сөргөлдөөнд Израилийг ялсан гэх баярт оролцох гэнэ.

"Аль-Жазира" телевизийн мэдээгээр ХАМАС Египетийн зуучлагчаар дамжуулан Машалийн аюулгүй байдлын нууц баталгааг Израилиас авчээ. Хоёр хоногийн дараа тэрээр Египетээс ирсэн замаараа буцах гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж