
Албан бус мэдээгээр газрын тос тээвэрлэгч онгоц Либерийн далбаатай, Грекийн “Dynacom Management”- компанийнх байсан аж. Уг хөлгөөр нэг сая баррель газрын тос тээвэрлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар босогчид Персийн булангийн жижиг орнуудтай газрын тос экспортлох гэрээ байгуулсан бололтой. Ливи нь Африкийн гурав дахь том газрын тос экспортлогч бөгөөд хоёр сарын өмнө хурандаа Каддаффийн эсрэг хөдөлгөөн гарснаар экспорт зогссон билээ. Ливид бослого гарахаас өмнө тус орон өдөрт 1.6 сая баррель газрын тос экспортлох хүчин чадалтай байсан. Ливийн газрын тосны хамгийн том импортлогч нь Итали байсан бөгөөд тэд босогчидтой газрын тосны хэлэлцээр байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Ливийн газрын тосны экспорт зогссон нь газрын тосны үнийг хөөргөж, өнгөрсөн даваа гаригт сүүлийн хоёр жил хагаст байгаагүй үнийн дээд амжилт тогтоосон. Брент маркийн түүхий нефть нэг баррель нь 121 ам.доллар, лайт маркийн түүхий нефть нэг баррель нь 108.47ам.доллараар худалдаалагдсан нь 2008 оноос хойшхи хамгийн дээд үнэ аж.