Р.Энхтайван: Хүн баримлыг ном шиг унших хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Р.Энхтайван: Хүн баримлыг ном шиг унших хэрэгтэй

Зураач, уран барималч Р.Энхтайвантай уулзахаар 100 айлд байрлах Урлан бүтээх төвийг зорьлоо. Түүний өрөө “А” байрны нэгдүгээр давхарт. Өрөөнд ормогц Манлай баатар Дамдинсүрэнгийн морьтой баримлаас эхлээд Сайн ноён хан Намнансүрэнгийн сууж буй баримал, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хөшөөний загвар, Ерөнхий сайд П.Жасрай агсны хөшөө, Тусгаар тогтнолын талбайд байдаг эмээ өвөө хоёрын баримал нүдэнд туссан. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Таны өрөөнд орж ирэхэд хамгийн түрүүнд “Эмээ, өвөө хоёр”-ын баримал харагдлаа. Та энэ бүтээлээ хэдэн онд урлаж байсан юм бэ?

-Хот чимэглэлээр нэг хэсэг ажилласан. Би 1983 онд “Өвөө, эмээ хоёр” баримлыг хийж байлаа. Өвөөгийнх нь өврийг албаар хонхойлгож хийсэн. Энэ бол өвөө эмээгээ хайрлаж өвөр дээр нь сууж эрхэлж байгаасай гэсэн миний бодол л доо. Энэ баримал маань гурван удаа буурь сэлгэлээ. Анх циркийн гудамжинд байсан юм. Гэтэл хичээнгүй сайд Цэрэндорж агсны хөшөөг босгох гэж “Өвөө, эмээ хоёр” баримлыг шөнө дөлөөр зөөгөөд тавдугаар сургуулийн тэнд тавьсан байсан. Одоо замын голд байрлуулчихаад л байна. Замын голд байрлуулах буруу л даа. Уг нь бол хүүхдүүд очиж өвөө эмээгээ төсөөлж тоглож байх ёстой юм. Одоо ч цагийн эрхэнд нэлээд элэгдчихлээ. 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Тухайн үед цементээр цутгаж хийсэн. Чулуу болгочих юмсан гэж бодоод хөрөнгө мөнгөний бололцоогүй чадахгүй л явна. Уг нь чулуу                болгочихвол эдэлгээ нь удаан. Манайд чулууны уурхай байдаггүй болохоор бас хэцүү. Үүнийгээ сэргээн засъя гэж бодоод дөрвөн жилийн өмнө  зар хүртэл тавьж хандив гуйж үзлээ. Туслах хүн олдсонгүй. Энд байгаа загвар нь нүд, амгүй байгаа биз. Анх ийм байсан юм. Тэгсэн хөрөнгөтний юм хийлээ гээд бүдэг нүд, ам гаргасан. Нүд, амыг нь тод сийлчихвэл хэн нэгний хөшөөтэй адил болчихно шүү дээ. Хүүхдүүдийг өөрсдийнхөө эмээ, өвөөг дотроо төсөөлөөд тоглож байг гэж нүд, ам хийгээгүй байсан юм.

-Тухайн үеийн төр засгийн захиалгаар хийсэн үү, эсвэл уран бүтээлийн шугамаар урлаж байв уу?

-Тэр үед би “Эмээ, өвөө хоёр” баримлаа хийгээд үзэсгэлэнд оролцсон юм. 1970-аад оны үед Улаанбаатарын гудамжинд  хүүхдийн  тоглоом бай­даггүй байлаа. Хүчилтөрөгчийн баллон хэвтүүлээд өнөөх дээрээ элдэв төмрөөр тэмээ, морь хийгээд хүүхдүүдийг тоглуулдаг байсан үе. Урлагийн мэдрэмжгүй бас эрүүл мэндэд нь ч тийм сайн байгаагүй. Би 1977 онд сургуулиа төгсч ирээд хотын чимэглэлийн ажил хийсэн. 1980-аад оны үед “Баянгол” зочид буудлын хажууд нар, шувуутай байгалийн баримал урлаж тавьсан. Мөн Москва рестораны өмнө нар, цэцэг ургамалтай зэс баримал хийж байлаа. Гэтэл Москва рестораны өмнө барилга бариад нар, цэцэгтэй баримлыг маань зэсэнд аваачаад тушаачихсан байсан. Уран барималч хүн өөрийн урласан бүтээлээ элэгдэж хуучирсан, алга болсон байвал сэтгэл эмтэрдэг. Нэг хэсэг Дүрслэх урлагийн сургуулийн хүүхдүүдэд хичээл заасан. Тухайн үед уран бүтээлчид тусгай урлангүй байсан болохоор гэрт будаг, элдэв төрлийн бодисын үнэр үнэртүүлээд байх амаргүй. Хүүхдүүд харшилтай болчих гээд зовлонтой байсан. Миний шавь нарт ч мөн адил харшлаар өвдөх асуудал байлаа. Тэгээд хичээл заахаа больсон доо. Тэр үед өөрийн гэсэн урлантай хүн Ц.Чүлтэм агсан л байж билээ.

-Та төрийн томчуудын хөшөөг хийж байв уу?

-Төр нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш болон П.Жасрай агсны хөшөөг урласан. Энэбиш агсны цогцолбор хөшөөг Хурцгэрэл найзтайгаа хамтарч хийсэн юм. Их утга учиртай сайхан цогцолбор болсон. Түүний хөшөөг урлах гэж бүх л зургийг нь үзэж судалсан. Энэбиш агсны хөшөөг тойроод төрийн долоон эрдэнэ, “Уяхан замбуу тивийн наран”, “Унага тамгалах ёс” нэртэй баримлууд байгаа. Төрийн хүн гэдгийг нь тодотгох гэж төрийн долоон эрдэнийг урлах санааг Хурцгэрэл гаргасан. Төрийн долоон эрдэнэ бол их гүн утгатай л даа. Харин “Уяхан замбуу тивийн наран” баримлыг соёл хариуцаж байсныг нь илтгэх гэж урласан. Мандаж байгаа нарны наана морин хуур байрлуулсан. Тэр нь соёлыг бэлгэдсэн хэрэг. Соёл нь нарнаас дээш мандаж байгаа юм. Хуурынх нь татлага дээр тэнгэр рүү зэллээд нисч байгаа шувуу бий. Хүний сэтгэхүй тэнгэр өөд тэмүүлж байгааг үүгээр илэрхийлсэн юм. Царных нь ар талд хуучны хадны сүгний зураг бий. Монгол эртний соёл иргэншилтэй их тэнгэрлэг юм гэдгийг харуулсан. Мөн нарныхаа тойрог дээр хуйлраад давхиж байгаа олон адуу бий. Энэ нь хийморийг бэлгэдэж буй. “Унага тамгалах ёс” баримал дээр нар, саран тамга бий. Энэ тэдний удмынхны тамга юм гэсэн. Үүн дээр эртний тамга тэмдгүүдийг дүрсэлсэн. Хүн баримлыг ном шиг уншиж байх хэрэгтэй. Тэгвэл гүн утга нь тодордог юм.

-Тэгвэл Жасрай агсны хөшөөг ямар байдлаар хийсэн бэ?

-Ерөнхий сайд П.Жасрай агсны хөшөөг хийхэд сэтгэхүй шаардсан нэг л ажил байсан. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийнхөн түүний хэлсэн “Хонгилын  үзүүрт гэрэл харагдана” гэсэн үгийг нь хөшөөгөөр илэрхийлнэ гээд байдаг. Энэ даалгавар хэцүү болохоор үгийг яаж дүрсээр илэрхийлдэг юм бэ гээд жаахан цааргалсан. Тэр үгийг нь хөшөөгөөр илэрхийлж гаргах гэж их удаан бодсон. Тэгээд хийж чадсан. Түүхэн хүнийг хөшөөг хийнэ гэдэг ухаан шаардсан ажил. Зан араншин, биеийнх нь онцлогийг судлах гээд хэрдээ л юм болно л доо. Би Жасрай гуайг зүүн гартаа тооны машин бариад бодлогоширч байгаа байдлаар гаргасан. Харин хөшөөнийх нь ар талд өнөөх алдарт үгийг нь илэрхийлсэн багана босгосон. Тэр баганын дээд талд нарны хагас тойрог шиг жижигхэн сэтэрхий бий. Баганын аль талаас харсан тэр сэтэрхийгээр гэрэл тусч байгаа нь харагддаг. Ерөнхий сайд П.Жасрай агсан их мундаг хүн байсан шүү дээ. Эдийн засгийн тооцоолол сайн хийдэг байсан болохоор зах зээлийн нийгэмд шилжээд хэцүү байх үед ямар ч гэсэн Монголын эдийн засаг бол учиргүй дордохгүй юм байна гэдгийг мэдээд “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж хэлсэн юм билээ.

-Эдийн засагч болохоор нь Жасрай агсны хөшөөг гартаа тооны машин барьсан байгаагаар урласан юм уу?

-Би 1992-1995 онд Урчуудын эвлэлийн дарга байсан. Тэр үед хөрөнгө мөнгөтэй холбоотой асууд­лаар П.Жасрай гуайтай уулзсан юм. Өрөөнд нь ороход ширээн дээр нь хавтастай зузаан баримт овоорсон харагдсан. Албан байгууллагуудын хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж гарыг үсэг зурдаг байсан байх. Намайг ороод сууж байтал тэр хавтастай бичиг баримтуудыг бүгдийг нь нээж хуудсыг нь эргүүлж үзээд тооны машин аваад тооцоо бодож гарлаа. Танил тал юм тэрийг нь шийдээд өгчихье гэсэн байдлаар асуудалд хандаагүй. Ердөө л тооцооны аргаар шийдчихэж билээ. Тухайн үед би асуудлыг ингээд л шийдчихдэг юм байна гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл 20-иод жилийн дараа хөшөөг нь хийх болдог юм байна. Яаж гаргах вэ гэж бодож суутал тооны машин бариад тооцоо бодож байгаа дүр нь сэтгэлд ургаад ирсэн. Тухайн үед л Жасрай гуайн тооцоо бодож байсан агшин миний сэтгэлд тод үлдсэн юм шиг байна билээ. Надад түүний тооцоо бодож байгаа агшинг харсан нь хөшөөг урлахад том дэмжлэг болсон шүү. Ингээд өнгөрсөн жил түүний хөшөөг Говь-Алтайд босгосон.

-Та Энэбиш агсныг дээлтэйгээр урлаж, харин Жасрай гуай костюмтой байх юм?

-Түүний бүх зүйлийг нь судалж үзэхэд костюм нь л илүү зан төрхийг нь илтгэдэг байсан юм билээ. Харин Энэбиш гуай бол хурдан моринд хорхойтой байсан болохоор дээлтэй байгаагаар урласан.

-Та Сайн ноён хан Т.Намнан­сүрэнгийн хөшөөг хэзээ хийсэн бэ. Өвөрхангайд яг ийм хөшөө босгосон байсныг хар сан?

-Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөшөөг хоёр жилийн өмнө нэг хүн захиалж хийлгэсэн юм. Би загварыг нь гаргачихаад хүлээгээд байсан чинь сураггүй болчихсон. Хөрөнгө мөнгөнийх нь бололцоо болохгүй байгаа юм байлгүй дээ. Сайн ноён хан Намнансүрэн ч мөн ижил. Загварыг нь гаргаад байтал больчихсон.

-Та уран барималч учраас бус­дын бүтээлийг их ажигладаг байх тийм үү. Сүхбаатарын хөшөөг дахин засварласан. Гэвч зарим хүн харь­цаа нь алдагдсан гэж шүүмж­лээд байгаа?

-Сүхбаатарын хөшөөг Хятадад аваачиж хүрэл болголоо. Анх Чоймбол гуай яаж хийсэн тэр хэвээрээ л байгаа. Чоймбол гуай чинь бидэн шиг мэргэжлийн сургууль төгсөөгүй, бурханч лам байсан гэдэг. Түүнийг хэлмэгдүүлээд шоронд хийчихсэн. Шоронд байхдаа 1946 онд Сүхбаатарын хөшөөг хийж, алтан гадас одонгоор шагнуулаад суллагдаж байсан юм билээ. Бидний үеийн хүмүүс Дүрслэх урлагийн дунд сургуулийг дөрвөн жил сурч төгсчихөөд, Орост зургаан жил сурч төгсөөд ирдэг байсан. Одоо үеийнхэн сурч сурчихаад алдаа гаргаад байх юм. Гэтэл Чоймбол гуай технологи, бетон зуурмаг, архитектор гээд бүгдийг өөрөө хийсэн байдаг. Тэгэхээр агуу авьяастай хүн байсан байгаа биз.

-Хөшөөг хүрлээр цутгана гэхээр заавал урд хөрш рүү авч явах хэрэг гарах юм. Монголд боломж байхгүй гэсэн үг үү?

-Төв аймагт Эрдэмбилэг гэдэг залуу саяхан хүрэл цутгуурын үйлдвэр байгуулсан. “Монгол уран цутгуур” нэртэй. Энэ жил нэг барималчин бүтээлээ хүрлээр цутгуулаад үзэсгэлэн гаргасан байна билээ. Сайн цутгасан байдаг шүү. Хил гааль гэж цаг алдаж байснаас Монголд цутгадаг үйлдвэртэй болж байвал аштай юу. Ийм үйлдвэр ашигтай шүү дээ. Сонсоод байхад энэ үйлдвэр өвөл хаалгаа барьчихдаг сурагтай байна. Уг нь байнга л ажиллаж байвал бидэнд хэрэгтэй юмсан.

-Сүүлийн үед хийж буй уран бүтээлээсээ сонирхуулаач. Хаадын хөшөө урлаж байгаа гэл үү?

-Мөнгөнморьтод Чингис хааны онгон байгуулж байгаа. Манай найз Хурцгэрэл санаачилсан юм. Хэнтийг Чингис хааны нутаг гээд л байдаг. Яг түүхийг аваад үзэхээр Төв аймгийн Мөнгөнморьтоос Бурхан халдун руу явдаг даваа, Туулын хар шугуй зэрэг нууц товчоонд тэмдэглэсэн газрууд байдаг. Тиймээс энд Чингисийн онгон байгуулахаар шийдсэн. Бид хаадын хөшөөг хийхдээ эртний хэв загварыг ашиглаж байгаа. Өвөрмонголд байдаг Чингисийн онгоноос илүү сайхан газар болно гэж итгэж байна. 37 их хааны хөшөөг эхлээд босгохоор ажиллаж байгаа. Чадвал ирэх жилээс хөшөөнүүдийг байрлуулна. Хаадын хөшөөг чулуугаар урлаж байна. Манайд чулууны уурхай байдаггүй болохоор их төвөгтэй. Хятад руу л явах хэрэг гараад байгаа юм. Манайд чулуу байлаа ч стандартад тэнцдэггүй. Урд хөрш чулуугаа гүнээс олборлодог болохоор нарийн ширхэгтэй хөшөө урлахад илүү тохиромжтой.

-Өөрийн тань хамгийн тоодог бүтээл гэвэл?

-Бүгд л давгүй болсон. Гэхдээ би “Мөнхийн дархан хил” бүтээлээрээ бахархдаг. Хилийн цэргийн 70 жилийн ойгоор хийсэн юм. Дорнодын Сүмбэрийн заставт босгосон. Их аятайхан болсон гээд сэтгэл хангалуун байгаа. Энэ хөшөө дөрвөн талдаа дөрвөн үеийн хилчидтэй. Ар талд нь Монгол орны байгалийн зургийг зураасын аргаар сийлсэн. Мөн дөрвөн талд нь шүлэг бичсэн. “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн Модун Шаньюгийн үг, “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж Д.Нацагдоржийн шүлгийн хэсгээс монгол бичгийн өөр өөр бичлэгийн хэлбэрээр бичсэн. Энэ хөшөөнөөс Монголын хэл, хил, соёлыг харж болно.

-Сүүлийн үед хөшөө их босгодог боллоо гэж шүүмжлэх болж. Ер нь хөшөө босгохын ач холбогдол нь юунд байна вэ?

-Байлгүй яах вэ. Монгол Улсын соёлыг илтгэсэн, онож хийсэн хөшөөг бол бүтээх ёстой. Хийж чадахгүй бол учир дутагдалтай л даа. Гоо сайхны мэдрэмжгүй, биеийн анатомыг нь алдагдуулчихсан хөшөө хийгээд бай­вал улсын хөрөнгөнд халтай. Нас барсан хүний хөшөөг олноор босгоод байх нь зохимжгүй. Хот  чимэглэлийн зорилгоор Жамбаа гуайн “Эмнэг сургасан” нь баримал шиг жижиг зүйл хийж байвал зүгээр. Хөшөө босгох бол тухайн уран бүтээлчийн амьжиргааны асуудал. Ер нь урлаг гэдэг утгаар нь л уран бүтээлээ туурвиж байвал зүгээр гэж би боддог. Орчин үед дүүргүүд өчнөөн тэрбум төгрөг зараад л өндөрлөг бүтээдэг болж. Ингэж нүсэр зүйл хийхийн оронд жижиг зүйлээр хотыг чимэглэвэл илүү тохиромжтой.

-Зах зээлийн үед Урчуудын эв­лэлийн даргаар ажиллаж байсан гэсэн. Тэр үед хүнд байв уу?

-Манай дарга зах зээлд шилжихээс өмнө байр барих гээд мөнгө хурааж байсан юм билээ. Гэтэл 20 дугаар тогтоол гараад мөнгөний ханш унаж юу ч үгүй хоосорсон. Ингээд төгрөг, валютын данс аль аль нь тэг заасан байгууллагыг хүлээж авч байлаа. Зах зээлийн үед барилгын салбар уналтад орж ердөө хоёрхон барилга л баригдаж байсан. Түүний нэг нь манай Урчуудын эвлэлийн байр. Төрөөс санхүүжилт авалгүй өөрсдийнхөө хөрөнгөөр л босгосон. Ёстой л бүсээ чангалсан даа. Зарим уран бүтээлч тусламж гуйж ирнээ. Мөнгө байхгүй, хүүхэд цэцэрлэгтээ явж чаддаггүй. Цахилгаан тасалчихлаа гээд л зовлон тоочоод мөнгө гуйна. Тэр болгонд тусалж чадаагүй. Эр хүний арван гурван мэхийг ашиглаж барилгаа л босгож авах гэж зүтгэж байлаа. Тэр үед тэгж хичээсний ач гарсан шүү. Барилгачид ажилгүй болоод Якут явж ажилладаг байсан үе. Бид барилгачдаа хэрэндээ л харж үзэж байсан. Одоо Урчуудын эвлэл бусад байгууллагыг бодвол хамгийн их хөрөнгөтэй нь болсон.

-Та багаасаа урлагт хайртай байв уу?

-Тийм ээ. Цэцэрлэгт байхдаа л зураг зурдаг байлаа. Би тэгээд зургийн ангид сурсан. Миний бодож байсан мэргэжил урлаг судлаач байсан. Гэхдээ хуваарилагдсан анги нь уран баримал л даа. Ангиа солино гэсэн бодолтой байсан ч уран баримал хийгээд ирэхээр үүндээ дурладаг юм билээ. Баримал чинь дүрслэх урлаг дотроо их урлаг нь. Хөдөлмөр их шаарддаг. Барималчин хүний ажил хүнд. Хөшөө хийхэд барималч хүн шаварчин, бетончин гээд бүгдийг хийж байж л баримлаа бүтээдэг. Тэрэндээ ч дуртай.

Б.ГАНДОЛГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж