ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөл нь тус байгууллагын чиглэлийг тодорхойлох, шийдвэр гаргах, удирдах дээд байгууллага бөгөөд хуралдаан нь жил бүр тус байгууллагыг даргалагч улсын нийслэлд зохион байгуулагддаг. Хуралдааны үеэр гишүүн 57 орны Гадаад хэргийн сайд нар ЕАБХАБ-ын тухайн жилийн үйл ажиллагааг дүгнэж, гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар төлөөлж буй улсынхаа байр суурийг илэрхийлдэг.
Энэ удаа монголын төлөөлөгчид ЕАБХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдаанд анх удаа бүрэн эрхт гишүүний хувьд оролцож байгаагаараа онцлогтой юм. Монгол Улс энэ оны 11 дүгээр сарын 21-нд тус байгууллагын хамгийн отгон гишүүнээр нэгдэн орсон Зүүн Азийн анхны улс болсон нь ардчиллыг хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэх, эрх зүйт ёсыг бэхжүүлэх, бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг хангахад оруулж ирсэн Монгол Улсын хувь нэмэр, амжилтыг Европ, Хойд Америк, Ази тивийн 56 улс гүрэн хүлээн зөвшөөрч буйн илрэл юм.
Гадаад харилцааны сайд Л.Болд тус хуралдааны нээлт, хаалт, бүлгийн хуралдаануудад оролцож, бүрэн эрхт гишүүний хувьд Монгол Улсыг төлөөлж үг хэлэх бөгөөд тус байгууллагын зарим гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нартай уулзана гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.