
Орчин үеийн залуусын төлөөлөл болсон дээрх таван залуугийн тухай өгүүлэх “Амьдралд тавтай морил” олон ангит уран сайхны кино нь энэ сарын 28-наас эхлэн МҮОНРТВ-ээр гарах гэнэ. Одоогоор киноны 50 хувийн зураг авалтыг хийгээд байгаа аж. Энэ кино нь АНУ-ын “Найзууд” олон ангит киноны Монгол хувилбар гэж байгаа. Киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсер Г.Мөнхжаргал, ерөнхий зураглаач Э.Нэргүй, зураач Н.Болор-Эрдэнэ,зохиолчоор Ц.Наранханд нар ажиллажээ. Киноны зохиолчоор ажилласан Ц.Наранхандыг үзэгчид “Надтай гэрлээч” уран сайхны киноны Учралын дүрээр танина. Тэрбээр өмнө нь “Луйврын хот” уран сайхны киноны зохиолыг бичиж байсан туршлагатай залуу зохиолч юм. Харин киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, СУИС-ын гуравдугаар дамжааны оюутан О.Дөлгөөн нар тус тус тогложээ.
Сонирхуулахад “Амьдралд тавтай морил” олон ангит киноны 40 дүгээр ангиас хойш үзэгчдээс санал авах гэнэ. Үзэгчид энэ киноны зохиолыг бичих аж. Иймд үзэгчдийн хүсэлтээр сүүлийн 40 ангийн зохиолыг бичиж, киногоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мөн энэ кино нь үзэгчдэд инээд, баяр баясгалан, урам өгнө хэмээн уран бүтээлчид амлаж байгаа юм. Энэ сарын 28-наас үдэш бүр МҮОНРТВ-ээр гарах “Амьдралд тавтай морил” олон ангит киноноос баяр хөөрийг мэдрээрэй.
М.Дөл