Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг

Хулгайч л хулгайчийг бариарай гэж хашгирдаг. УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар яг ийм үйлдэл хийж байна. Өчигдрийн зарим хэвлэлд “хуулийг уландаа гишгэмээргүй байна” гэж ярилцлага өгчээ. Тэр л хэлсэн болохоос…гэдэг шиг хууль зөрчсөн нь шат шатны шүүхээр эцэслэн тогтоогдсон С.Чинзориг л хэлсэн болохоос биш үнэн үг шүү. Эсвэл их хожуу ухаарсан юм болов уу. Үгүй юм аа. Өөрөө бол хууль зөрчөөгүй энхийн цагаан тагтаа, харин АН-ын нэр дэвшигчид хууль зөрчиж, хуулийг гууль болгож байгаа юм байх. Аливааг нотлох баримтад үндэслэн хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг, хэнээс ч хараат бус засаглал болох шүүхийг нэг талд үйлчиллээ гэж бас гомдоллосон байна.

Ингэхэд хууль зөрчсөнийг нотлох баримтууд нь байхгүй атал шүүх “хууль зөрчжээ” гэж шийдвэр гаргасан бол нэг өөр. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс л олон хуулийн зүйл заалт ноцтой зөрчигдсөн, үүнийг нь нотлох гэрэл зураг, дүрс бичлэг, аймгийн тойргийн хорооны албан бичиг сэлт байсаар атал шүүх тэгээд ямар шийдвэр гаргах ёстой байсан гэж. Хуулийн зөрчлийн хажуугаар харсан ч хараагүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрөх байсан гэж үү. Эсвэл өнгөрсөн жилүүдэд бүх зүйл дээр азаргалж сурсан МАН-ынхны сэтгэлд нийцсэн шийдвэр гаргана гээд шүүх хуулиа гууль болгох байсан юм уу.

Хэн хуулийг гажуудуулж, хэн ард түмний сонголтыг луйвардаж, хэн шударга үнэнийг уландаа гишгэсэн бэ.   

… МАН-аас нэр дэвшиж байгаа Намхайн Төмөрхүү, Содномын Чинзориг нар 17 настай Баттулгын Булганааг Хайрхандулаан суманд, Баясгалангийн Сэлэнгээг Есөнзүйл суманд ажиллуулж хууль зөрчжээ. Үүнийг сонгуулийн аравдугаар тойргийн хороо шалгаж тогтоогоод 2012 оны зургадугаар сарын 26-ны өдөр МАН-ын хороонд “хууль зөрчсөн үйлдлээ зогсоо” гэсэн 78 тоот албан бичгийг хүргүүлсэн байна. Аймгийн тойргийн хорооны дарга Т.Гончигдоржийн гарын үсэгтэй энэхүү 78 тоот албан бичигт “МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан нь нотлогдож байна. Энэ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-д сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхдийг оролцуулахыг хориглосон заалт, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул энэхүү хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг мэдэгдэж байна” гэжээ. Зүй нь тухайн үед тойргийн хороо УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцсон бол МАН-ын нэр дэвшигчдийн нэрийг эргүүлэн татах байлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-г зөрчсөн үйлдэл буюу сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан зөрчил нь нэр дэвшигчийн нэрийг жагсаалтаас хасах, эргүүлэн татах үндэслэл болно гэж заасан юм. Гэтэл МАН-ын угшилтай олонхиос бүрдсэн тойргийн хорооны гишүүд өөрсдөө хууль зөрчиж зөвхөн албан бичиг илгээн, хууль зөрчихөө боль л доо хэмээн аргадах, сануулахын завсарт өнгөрсөн нь өдгөө үүсээд буй бүх асуудлын үндсийг тавьсан гэж хэлж болно. Харин  есдүгээр сарын эхээр тойргийн хорооны гишүүд сонгуулийн үеэр хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн билээ.

Энэ бол Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн олон үйлдлийн зөвхөн нэг нь. Зөвхөн нэг л баримт нь. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, мөнгө, архи, эд зүйл тараасан үйлдлүүд нь хангалттай нотлох баримттай. Гэтэл өнөөдөр илтэд худал ярьж, өөрсдийгөө өмгөөлөх нь ичмээр. Тэд хууль зөрчиж байгаад ч болов УИХ-ын гишүүнээр сонгогдох санаархалдаа хэт автжээ. Сурталчилгаандаа ашиглаж, сонгуулийн ажилдаа оролцуулсан хоёр хүүхдийг Улаанбаатар авчирч түмний өмнө нүүрийг нь улалзуулан суулгаж байгаад өөрсдийгөө өмөөрсөн үг хэлүүлэхийг хичээв. Гэхдээ охид ам алдаж, МАН-ын нэр дэвшигчид сурталчилгаандаа нэг биш нэлээд хэдэн хүүхдийг ангиар нь ажиллуулсныг илчилж орхисон.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэнд хуулийг сахиулдаг, хуулийг хэрэгжүүлдэг хүн орох ёстой. Хууль зөрчдөг, хуулийг уландаа гишгэдэг хүн хууль тогтоогч байж таарахгүй.

Сонгогчдын олонхийн саналыг авсан бол ялах ёстой гэж МАН-ын дарга хэлж байгаа. Олонхийн саналыг авсан нь ялах ёстой нь үнэн. Гэхдээ тэрхүү олонхийн санал нь луйвардуулаагүй сонголт байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу, хууль зөрчихгүйгээр олонхийн саналыг авсан байх учиртайг ард түмэн хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа.

Үүний цаана “яах гэж хууль баталдаг юм бэ. Монгол Улс эрх зүйт төртэй биз дээ, юуны төлөө монголчууд ардчилсан, Үндсэн хуулийн эрх зүйт нийгмийг байгуулж байгаа юм бэ” гэдэг асуулт хариулт нэхэж байна. Сонгуулийн хуулийг УИХ хоёр жил гаруй хэлэлцэж баталсан. Ард түмний сонголтыг луйварддаг увайгүй үйлдлийг зогсоохын төлөө, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө баталсан. Хууль хэрэгжих эхний жишиг нь Өвөрхангай, Увсын маргаан болоод байна. Увс аймагт мөнгө тараасан этгээдүүд шүүхээс ял сонссон. Тэгэхээр сонгох эрх, хуулийн хэрэгжилтийг л бид ярих ёстой.

Д.БИНДЭР
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж