Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зорилгоор Монголбанкнаас Уул уурхайн яамтай хамтарч шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа. Хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 4-нд “Магнай трейд” ХХК-д 14.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Шатахууны үнээ тогтвортой байлгана гэсэн гэрээнд нэгдсэн компаниудад ийнхүү нэг жилийн хугацаатайгаар 3.8 хувийн хүүтэй зээл олгож байгаа юм. Үүний өмнө энэ нөхцлөөр “Жаст Ойл” ХХК 7.1 тэрбум төгрөг, “Монпетекс” ХХК 8.5 тэрбум төгрөг, “Сод Монгол” ХХК 11.1 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа билээ.
Сануулахад, шатахууны үнийг тогтворжуулах зорилготой хөнгөлөлттэй зээлийг олгохоор Уул уурхайн яамнаас Монголбанктай хамтраад өнгөрсөн аравдугаар сарын 26-нд гэрээ байгуулж, “SIFS” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд дөрвөн компанид нийт нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ингэснээр шатахууны үнэ нэмэгдэх нэгэн том хүчин зүйлийг шийдсэн хэрэг болох гэнэ. Учир нь шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгө ам.доллараас хараат байдаг тул үнийн шуургад өртдөг байдлыг засч, дотоодоосоо санхүүгээ шийдэх боломжийг олгож байгаа ажээ. Ингээд иргэд санхүүжилт авсан эдгээр компаниас үнээ нэмэхгүй шүү гэсэн шаардлагыг тавих эрхтэй болж буй юм.
У.БОЛОР