Өнөөдөр болох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох үйл явдлууд

Нийслэлийн иргэний танхимд 10:00 цагт “Гэр ажлын байр мөн үү?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд оролцож,  иргэдийн саналыг сонсох юм байна. Мөн 14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн Удирдлагын зөвлөл хуралдаж, нийслэлийн дулаан хангамж болон өвөлжилтийн  талаар хэлэлцэнэ.

Үйлдвэр худалдааны яаманд 08.30 цагт Малын ээмэгжүүлэлтийн төслийн хаалтын ажиллагаа , 09.00 цагт сүүний салбарын хэлэлцүүлэг эхэлж байна. Мөн 15.00 цагт Хөдөө аж ахуйн биржийн талаар хурал болно.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны хурлын танхимд 10.00 цагт ОХУ-ын агаарын бөмбөлгийн нэрт нисгэгч В.А.Ефремов  багийн гишүүдийнхээ хамт аяллынхаа талаар олон нийтэд мэдээлэл хийнэ.

“Орон гэрээ дулаалцгаая” аяны хүрээнд Агаарын чанарын албаны ажлын хэсэг өнөөдөр 14:30 цагаас Хан-Уул дүүргийн айл өрхүүдээр очин шалгалт хийхээр болжээ.

Нийслэлийн Боловсролын газраас зарласан “Авъяас” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 14:00 цагаас сургууль цэцэрлэгийн бүх хөгжмийн багш нарт зориулж “Хөгсүү” чуулга тоглолтоо толилуулна.  Тоглолтын үеэр сургууль цэцэрлэгүүдэд “Хүүхэд насны дуулал” CD, номоо бэлэглэх юм байна.

“Хүүхэд насны дуулал” нэртэй үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг 20 дуунаас  бүтсэн хүүхдийн дууны  CD-г  Соёл, спорт, аялал, жуулчлалын яам  нийслэлийн бүх цэцэрлэг, сургуульд түгээж байгаа бөгөөд мөн энэхүү ажиллагааны нээлт 15.30 цагт Багшийн хөгжлийн ордонд болно.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж