ТВ 9 телевизийн сэтгүүлчид ажлаас халагджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

ТВ 9 телевизийн сэтгүүлчид ажлаас халагджээ

TB9 телевизийн 40 ажилтныг өөрсдийнх нь хүсэлтийн дагуу ажлаас халах тушаалыг өнөөдөр удирдлагын баг нь гаргажээ. Мэдээний албаны сэтгүүлч, сурвалжлагч, нийт зураглаачид уг шийдвэрт хамрагдан ажлаас ийнхүү халагдсан байна. Нийт ная гаруй ажилтан албан хаагчтай тус телевизийн тал хувь, тэр дундаа уран бүтээлчдийн гол цөм нь удирдлагын багийг өөрчлөх шаардлагыг тавьж, үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзвэл ажлаас халагдах хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан юм.
Сэтгүүлч, уран бүтээлчид шаардлагадаа мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад удирдлагын баг бэрхшээл учруулж байгааг сануулаад ажлын арга барилыг өөрчлөх, эсвэл удирдлагуудыг солих хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Харин энэ шаардлагыг тус телевизийн Удирдах зөвлөлөөр хэлэлцээд удирдлагын багийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж, сэтгүүлч уран бүтээлчдийг ажлаас халах шийдвэрийг ийнхүү гаргасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг авлигын хэрэгт шийтгэх үндэслэлийн нэг болоод байгаа ТВ9 телевизийн өмчлөлийн асуудал одоо ч маргаантай, олны анхаарлыг татаж буй. Н.Энхбаяр болон түүний байгуулсан МАХН-ын “үзэл суртлын” дуу хоолойг илэрхийлсээр ирсэн ТВ9 телевизийн сэтгүүлчид удирдлагуудаа “мэргэжлийн үйл ажиллагаа”-нд саад учруулж байна гэж мэдэгдэж, үүнийг цаашид хүлээн зөвшөөрөх боломжгүй болсноо ил тод зарлалаа. Энэ нь нэг байгууллагын ажилтан, ажил олгогчдын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний ердийн маргаан биш юм. Харин сэтгүүлчдийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг өмчийн эзний эрх ашигт нийцүүлэх гэсэн хүчирхийллийг эсэргүүцсэн алхам гэж үзэж болохоор байна. Өнөөдөр ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшиж буй эзэд нь улс төр, бизнесийн томоохон эрх ашиг бүхий бүлэглэлүүд гэдгийг нуух утгагүй болсон. Харин хэвлэн нийтлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх ёс зүйн үнэлэмж, хэм хэмжээг өмчийн эздэд зааг, хязгаартай тогтоож өгөх цаг болсныг дээрх явдал сануулж байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж