Ирээдүйн бүтээн байгуулалтын эзэд

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Ирээдүйн бүтээн байгуулалтын эзэд

Хүүхэд бүрт эдийн засагч хуульч, эмч, багш гэсэн ерөнхий мэргэжлийн сонгохоос илүүтэй инженер, зохион бүтээгч болох өөдрөг тэмүүлэл төрүүлэх үүднээс МҮОНРТВ, МУИС, ШУТИС, Оюуны өмчийн газартай хамтран “Залуу зохион бүтээгч” тэмцээн зохион байгуулж байна. Энэ нэвт­рүүлэг олны анхаарлыг татаж, залууст  сэтгэж, хийж, бүтээж чад­­вал амжилтад хүрч болохыг харуулж байна.

Анх энэ тэмцээнд нийслэл болон орон нутгийн 220 хүүхдийн бүтээлээ бүртгүүлснээс хоёрдугаар шатанд 92 бүтээл шалгарч, одоо 18 залуу зохион бүтээгч оюун ухаанаа сорин тэмцэлдэх гэж байна.

“Энэ төхөөрөмжид 100 төгрөгийн зоосон мөнгө хийхэд нэг харандаа гарна. Бас харандааны автомат үзүүрлэгчтэй” гэж 13 нас­тай хүү өөрийнхөө бүтээсэн автомат харандаа худалдагчаа танил­цуулж байх юм. Ийм жаахан байж томчуудын сэтгэж чадаагүй зүйлийг бодож, санаачилж, бүр төхөөрөмж хийсэн хүүг Х.Гонгор гэдэг. Залуу зохион бүтээгчтэй уулзаж, төхөөрөмжийнх нь талаар асуулаа.

-Яагаад автомат харандаа худалдагчийг бүтээх болсон бэ?

-Би тэмцээнд орохынхоо өмнө нэг санаа бодож олсон. Тэгээд хийгээд тэмцээндээ орсон чинь тэнцчихсэн. Анх дэлгүүрийн худал­дагчаас санаагаа авсан. Дэлгүүрийн худалдагч чинь нэг юм  зарж бай­хад дараагийнх нь худалдаж авах гээд, олон хүнд үйлчлэх гээд завгүй байдаг. Тэр хооронд автомат харандаа худалдагч “тусалж” бай­вал зүгээр юм уу гэж бодсон. Нэг­дүгээр шатандаа автомат харан­даа худалдагчаараа тэнцсэн. Хоёр­дугаар шатанд нэмж харандаа үзүүрлэгч хийсэн. Одоо дараагийн шатанд гаднах хэлбэрийг нь өөрч­лөх бодолтой байгаа.

-Гадаад хэлбэрийг яаж өөр­чилнө гэж?

-Арай хийж эхлээгүй байгаа. Гэх­дээ дотроо бодчихсон байгаа.

-Бусад оролцогчдынхоо бүтээ­лийг сонирхож үзэв үү, ямар санагдсан бэ?

-Үзсэн. Дажгүй бүтээлүүд бай­­на лээ. Нэг хүн онгоц хийсэн байсан, даанч хоёрдугаар шатандаа тэнцээгүй.

-Харандаа худалдагчаа ямар материалаар хийсэн юм бэ?

-Хаягдал материалаар хийсэн. Машины шил арчигч, мод, нимгэн төмрөөр хийсэн.

-Автомат харандаа худалдаг­чаас гадна өөр юу бүтээж байсан бэ?

-Гэртээ буу хийж тоглож бай­сан. Бас машин хийж байсан. Жаа­хан, жижигхэн машин. Шороо ачаад чирж тоглодог байсан. Ер нь гэртээ юм, юмыг задалж үзээд буцаагаад эвлүүлдэг.

-Задалж үзэх нь юу нь сонирхолтой байдаг юм бэ?

-Яахав дээ, юунаас бүтсэн бэ гэдгийг нь харах гэж задалж үздэг байхгүй юу. Юм бүхэн лон янзын зүйлээс бүтдэг юм билээ. Ер нь би гэртээ ганц хоёр эвдэрсэн зүйлийг засдаг. Чадахаараа л засчихдаг юм.

Ихийг бүтээхийг эрмэлзэж буй залуусынхаа бүтээлийг бизнесийн байгууллагууд маань дэмжээсэй. Хэдийгээр тэдний бүтээл зарим талаараа учир дутагдалтай, эсвэл жижигхэн мэт боловч тэднийг дэмж­вэл илүү ихийг бүтээх нь дамжиггүй буй за. 

Тэд бол Монголын ирээдүйн бүтээн байгуулалтын эзэд юм шүү.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж