Азийн уул уурхайн долоо хоног эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Азийн уул уурхайн долоо хоног эхэллээ

2011 онд зэсийн үнэ тонн тутамдаа 10 мянган ам.долларт хүрч, түүхий эдийн зах зээлд рекорд эвдэх гэнэ. Эл мэдэгдлийг БНХАУ-ын уул уурхайн салбарыг өнгөлөгч “Чайналко” компанийн Хөнгөнцагааны  үйлдвэрлэл эрхэлсэн корпорацийн захирал ноён Лью Сианмин Asia Mining Congress  буюу Азийн уул уурхайн нөлөө бүхий хурлын индэр дээрээс зоригтой гэгч нь мэдэгдлээ.

Дэлхийн гангийн зах зээл БНХАУ, Энэтхэгийн үйлдвэрлэл, худалдаагүйгээр өнгөрсөн таван жилийн хугацаанд өсөлттэй гарч чадахгүй байсныг Энэтхэгийн Үндэсний эрдэс баялгийн хөгжлийн корпорацийн тэргүүн ноён Рана Сом бахархалтайгаар хэлж байна. Эсрэгээрээ төмрийн хүдрийн ханш ойрын таван жилд тогтмол буурна гэдгийг салбарын төлөөлөгч мэдэгдлээ. Байгалийн гамшгийн хүнд хэцүү үед сэтгэл санаа болоод эд материалын туслалцаа үзүүлсэн олон улсын хөрөнгө оруулагч түншүүд болон уур уурхайн салбарт хамтран ажиллаж буй, цаашид хамтрах олон арван бизнесийнхэнд Японы эрчим хүч, нүүрс үйлдвэрлэлийн “Kobe Steel” компанийн төлөөлөл гүн талархал илэрхийллээ. Энэ бүгд Сингапур улснаа эл өдрүүдэд үргэлжилж буй Asia Mining Congress долоо дахь удаагийн хурлын индэр дээрээс Ази тив болоод дэлхий нийтэд хандсан олон арван дуу хоолойн нэг хэсэг.

Зөвхөн Ази гэлтгүй уул уурхайн салбараас ашиг орлогоо бүрдүүлдэг тив тивийн төлөөлөгч бизнесмэнүүдийн цуглах газар ийнхүү дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал   Сингапур улс болж байна. Энэ үеэр салбарын хэмжээнд амжилттай ажиллаж буй компанийн удирдагчид арга туршлагаа хуваалцан, хөрөнгө оруулалт хайж байгаа бизнесмэнүүд төслөө танилцуулж, дэлхийн уул уурхайнхны анхаарлын төвд буй орнуудын төлөөлөгч, төрийн байгууллагынхан хууль, эрх зүйн орчноо танилцуулдаг ба харилцаа холбоо тогтоох томоохон боломжийг жил жилийн Asia Mining Congress олгодог юм. Зохион байгуулагчид долоо дахь удаагийн хурлаар Индонези, Филиппин, Австрали, Өмнөд Африк, Монгол улс дахь уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулах боломжийн талаар төвлөрч хэлэлцэнэ гэдгээ хэдэн сарын өмнөөс оролцогчдод мэдэгдсэн юм. Тиймдээ ч өмнөх зургаан удаагийнхаас хамгийн олон төлөөлөгчтэй хурал болж байна хэмээн тэд өгүүлсэн. Тэр дундаа бүтэн нэг өдрийг Монгол улс дахь уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сонсгол хийж, хэлэлцүүлэг өрнүүлэхэд зориулж буй нь олон улсын хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдийн сонирхол, идэвхийг нэлээд сэргээж буй бололтой. Энэ өдөр маргааш буюу дөрөвдүгээр сарын 7-нд тохиох юм. Монголын өдөрт Ерөнхий сайд С.Батболд болон төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлага, Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нарын төлөөлөгч уригдан оролцох тов бий.

Asia Mining Congress-ийн эхний өдрүүдэд Өмнөд Африк, Индонези, Австрали улсад хөрөнгө оруулалтаа хүлээж буй төслүүдийн танилцуулга өрнөж, Азидаа олборлолт, үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлэгч компаниудын төлөөлөгч туршлагаасаа хуваалцаж, ашигт малтмалын ойрын жилүүд дэх үнэ, үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээний талаарх өөрсдийн боловсруулсан прогнозоо дэлгэлээ. Эхний өдрийн хуралд Монгол улсын өмнөд говьд коксжих нүүрсний гурван ч төсөл хэрэгжүүлж буй ”Gobi Coal & Limited” болон мөн тус бүс нутагт байрлах зэс, молибдени олборлолтын “Зуун мод” төслийн хэрэгжүүлэгч “Эрдэнэ Ресурс девелопмент” корпораци, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар, Өмнөговь аймагт зэс, төмрийн хүдрийн олборлолт эрхэлж буй “Харанга Ресурс”, өмнөд говьд нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Хүннү Коул” үндэсний хөрөнгө оруулалт бүхий компани тусгай кабинтайгаар оролцон, төслүүдээ танилцуулж байна.

Хурлын ирэх өдрүүд оролцогчдод Филиппин болоод Монгол улсын уул уурхайн салбарын талаар мэдээлэл сонсох, хэлэлцүүлэгт оролцож, сонирхсон асуултдаа хариу авах, хөрөнгө оруулах хийгээд санхүүжилт хайх, хамтын ажиллагаа өрнүүлэх олон олон боломжийг олгох юм.  Asia Mining Congress-оос  бэлтгэсэн багц сурвалжлагыг The Mongolin Mining Journal-ийн ирэх дугаараас хүлээн авч унших боломжтой.

Э.Сайхантуяа, Сингапур улс


Mongolian Mining Journal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж