Хятадын улирагчид тэтгэвэртээ гараад хаачдаг вэ

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Хятадын улирагчид тэтгэвэртээ гараад хаачдаг вэ

АХятадын Коммунист намын удирдлагууд солигдож байна. Үүнийг өөрчлөлт, шинэч­лэлийн дохио гэж дэлхий нийт хүлээх аж. Гэхдээ хуу­чин дарга нар нь Хятадын улс төрөөс бүрмөсөн холддог болов уу. Аль эсвэл үгүй юу.

Хятадын Коммунист намын удирдагчид хийсэн ажил, гаргаж ирсэн онолоороо түүхэнд мөнхрөхийг хүсдэг. Мао Зэдуны бодлого, Дэн Сяпины онол, Зянь Зэминий “Гурван загвар”, Ху Жинтаогийн тех­нологид түшиглэн хөгжих онол гэх мэтээр тэд үнэхээр санасандаа хүрсэн гэхэд болно. Тэгвэл Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао эсрэгээрээ “Хятадын ард түмэн төдийгүй дэлхий нийт намайг мартаасай гэж би хүсч байна” хэмээн ярьжээ. Тэрбээр Тайландад бол­сон нэгэн хурлын үеэр нэгэн шүлгээс иш татаж “Чин үнэний төлөө бол би есөн удаа үхсэн ч харамсахгүй” гээд дээрх үгийг хэлсэн байна. Энэ тухай “Wall Street Journal” их л олзуурхан мэдээлжээ. Нөгөө талаас бол өөрийгөө мартуулахыг хүссэн ганц Ерөнхий сайд гэдгээрээ улам тод мөр үлдээж байж ч болох юм.

Сүүлийн хэдэн сар Вэнь Зябаогийн тухай таагүй мэдээлэл их цацагдсан. Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөхөд хэдхэн сар дутуу байх үед нь түүний гэр бүлийн нийт хөрөнгө 2.7 тэрбум ам.доллар болсон тухай мэдээлэл “New York Times” сонинд гарч байв. Ээж нь л гэхэд 2007 онд 120 сая ам.доллараар үнэлэгдсэн даатгалын компанийн эзэн болох нь болсон. Вэнь Зябаог 2003 онд Ерөнхий сайд болсноос хойш ээж, эхнэр, хүүгийнх нь хөрөнгө огцом өссөн гэх аж. Хэдийгээр өмгөөлөгч нь үүнийг үгүйсгэсэн боловч “South China Morning Post” сонинд Хятадын хууль сахиулагчид шалгаж эхэлсэн гэж мэдээлжээ. Мэдээж хэрэг, Хятадын Ерөнхий сайдаар 10 жил ажилласан Вэнь Зябаог Бо Силай шиг түлхээд хаяж чадахгүй. Гэхдээ ажлаа хүлээлгэж өгсний дараа Зянь Земин шиг эрх мэдлээ хадгалж үлдэх боломж үгүй. Үүнээс гадна тэрбээр Ху Жинтаогийн нэгэн адил өмнөх удирдагчдынхаа бодлогыг шүүмжлэх өнгө аяс үе үе цухалзуулдаг байснаараа нэлээд онцлог юм.

Ху Жинтаогийн хувьд Ши Жинпинд бүх эрх мэдлээ өгөхөөр болсон. Бүр Цэргийн зөвлөлийн даргын албан тушаалаа хүртэл шилжүүлнэ. Дэн Сяпин, Зянь Земин хоёр л лав залгамжлагчиддаа ийм өгөөмөр хандаагүй юмдаг. Үүнийхээ хүчинд тэд ажлаа өгснөөс хойш он удаан жил нөлөөгөө хадгалж чадсан. Тэгвэл Ху Жинтаог өөр ирээдүй хүлээж байгаа гэсэн үг. Хятадын улс төр дэх Коммунист залуучуудын эвлэл, Шанхайн бүлэглэл эрх мэдлийг ээлжлэн авсаар ирсэн. Гэтэл өнгөрсөн хавраас тэдний хоорондох тэмцэл хүчтэй болж, бүр Хятадын нийгмийг доргиох хэмжээнд хүрсний нэг илрэл нь Бо Силайн хэрэг явдал юм. Хэзээ нэгэн цагт Мао Зэдун “Долоо, найман жилийн давтамжтайгаар төрийн эрхийг булаах оролдлого гарч болзошгүй” хэ-мээн залгамжлагчиддаа анхааруулж байсны нэг нотолгоо нь энэхүү хурцадмал байдал ч байж мэднэ. Уг нь Ерөнхий сайд болох гэж буй Лө Күциан Коммунист залуучуудын эвлэлийнх. Гэвч Зянь Земиний Шанхайн бүлэглэлд ялагдсанаа зөвшөөрч буй аятай Ху Жинтао эрх мэдлээ бүгдийг нь шилжүүлж байна. Магадгүй Ху Жинтао, Вэнь Зябао хоёрт намтраа бичиж суухаас өөр ажил үлдээгүй байж мэднэ.

"Бо Силай хэтэрхий их эрх мэдэлтэй, нэр хүндтэй болж буйгаас болгоомжилсон Зянь Земин түүний эсрэг үүсгэсэн хэргийг их л олзуурхан хүлээн авсан тухай барууны хэвлэлүүд бичиж байв"

Хар хүрээтэй, том шилээр гангардаг Зянь Земиний хувьд 2003 онд Ерөнхийлөгчийн албаа Ху Жинтаод хүлээлгэн өгсөн юм. Түүнээс хойш хоёр жилийн дараа Хятадын Цэргийн зөвлөлийн даргаасаа буужээ. Ингээд ямар ч албан тушаалгүй болсон Зянь Земин олон нийтийн өмнө барагтай л бол харагдахаа больсон байна. Ардын чөлөөлөх арми байгуулагдсаны 80 жилийн ойн ёслол, 2008 оны Бээжингийн олимпийн нээлтэн дээр очиж, 2009 онд БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний үеэр Ху Жинтаогийн ард зогсч  харагдсан. Харин өнгөрсөн оны дундуур Зянь Земинийг нас барсан гэх мэдээлэл интернэтээр цацагдсан юм. Гэвч энэ нь худал болж, тэр зүгээр л хүнд өвдсөн байжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард тэрбээр дахин олны өмнө гарсан билээ. Албаны мэдээллээр бол тэр намтраа бичихээр бэлтгэж, эрдэмтдийн лекцийг сонсч, хааяа усанд сэлдэг болсон аж. Гэхдээ өнгөрсөн зун хэвлэгдсэн намтарчилсан номондоо тэрбээр “Бидэнд шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа гэдгийг хатуу анхаарах ёстой” хэмээн эгээ л удирдагч аятай бичиж байв.

Үнэхээр олны нүднээс далд бол тэр хүчирхэг хэвээр байгаа. Хятадын улс төрд байдаг нөлөө бүхий хоёр бүлэглэлийн нэгийг Зянь Земин удирддаг. Энэхүү Шанхайн бүлэглэлийн нөлөөгөөр Ху Жинтао Ши Жинпинд халаагаа өгөхөөр болсон. Энэхүү бүлэглэлийн ашиг сонирхлын үүднээс Хятадын топ улстөрчдийн нэг болох Бо Силай ялд унасан гэх таамаг ч бий. Бо Силай хэтэрхий их эрх мэдэлтэй, нэр хүндтэй болж буйгаас болгоомжилсон Зянь Земин түүний эсрэг үүсгэсэн хэргийг их л  олзуурхан хүлээн авсан тухай барууны хэвлэлүүд бичиж байв. Экс Ерөнхий сайд Хятадын Коммунист залуучуудын бүлэглэлийн гол төлөөлөл болох Ху Жинтаогийн уламжлалт, социалист маягийн эдийн засгийн бодлогод таагүй ханддаг. Тийм ч учраас өөрийн бий болгосон зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улам бат бэх болгохын тулд чармайдаг хэмээн “New York Times” мэдээлж байв. Шанхайн бүлэглэлийн төлөөлөл болох Ши Жинпин Ерөнхийлөгч болсны ачаар Зянь Земин улам хүчирхэг болно гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд Улс төрийн товчооны шинэ гишүүдийн дийлэнх нь Шанхайн бүлэглэлийнх. Энэ жил тэрбээр Ху Жинтаогийн шадар туслах болох Лин Лихуя, Шанхайн Коммунист намын дарга Юу Женшенг гэх мэт олон хүний хүчийг сулруулсан гэж барууны хэвлэлүүд онцолсон. Яг л эрх мэдэлтэй байсан хуучин цагаа дурссан 86 настай өвгөн улстөрч сүүлчийн удаа “Урa!” хэмээн тэнхээ мэдэн хашгирч байгаа юм шиг. Зянь Земиний үед Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Жу Рянжи, Ли Пенг нарын хувьд одоо улс төрийн нөлөө багатай хүмүүс.

Дэн Сяпиний хувьд Коммунист намын нэгдүгээр албан тушаалаа 1987 онд Зянь Земинд өгч байв. Түүнээс хойш хоёр жилийн дараа Цэргийн зөвлөлийн даргын ажлаа өгсөн. Албан ёсоор бол түүнийг 1992 онд Хятадын улс төрөөс гарсан гэж үздэг. Гэхдээ Дэн Сяпины эрин үе маш удаан үргэлжилсэн билээ. Мөн өндөр настай болчихоод тэтгэвэртээ гарахаас татгалзаж ажлаа хийсээр явдаг жишгийг тогтоосон гэхэд болно. Дэн Сяпин Зянь Земинийг, түүний залгамжлагч болох Ху Жинтаог хүр­тэл нэр цохон томилж өгсөн гэдэг. Шанхайн бүлэглэлийн гол төлөөлөл болох Зянь Земины баруун гар Ли Сянниан 1992 онд зуурдаар нас барсан. Энэ үед Дэн Сяпин боломжийг овжноор ашиглаж, Тянь-Аньминий талбайн үйл явдлаас болж нэр хүндгүй болоод байсан бүлэглэлийнхээ нөлөөг сэргээж чадсан байна. Тэр яг л Зянь Земиний одоо хийж буй алхмыг тэр үед явуулж байсан юм.

Дэн Сяпин 1992 оны хавар Гуанжу, Шенжин, Жухай зэрэг мужуудаар аялж, Шанхайд шинэ жилээ өнгөрүүлж байжээ. Энэхүү урт удаан, сүржин аяллынхаа ачаар тэрбээр өргөн уудам Хятадын өнцөг булан бүрт өөрийн санаачилсан эдийн засгийн шинэчлэлийн бодлогоо сурталчилж байсан гэдэг. Тухайн үед түүний өмнө зүгт хийсэн аяллыг сурталчлахыг Бээжингээс хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулдаггүй байжээ. Энэ үед Шанхайн бүлэглэлийн зарим хэвлэлд түүний тухай мэдээлж байв. Өөрөөр хэлбэл, Зянь Земин Дэн Сяпинтэй эрх мэдэл булаацалддаг байсан боловч түүний эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг дэмждэг байсны илрэл юм. Энэ бүхний эцэст тэр хоёр хүчээ нэгтгэж, Хятадын улс төрд үүсээд байсан Коммунист залуучуудын эвлэл болон Шанхайн бүлэглэлийн хагарлыг намжааж чадсан билээ. Дэн Сяпины хувьд амьдралынхаа эцсийн мөч хүртэл өөрийн бодлогыг сурталчилж, хүч нөлөөгөө өргөжүүлсээр байсан юм. Үүний ачаар түүний бүлэглэл хийгээд ойр хавийнхных нь улстөрчдийн нэр хүнд улам бүр өссөн гэдэг.

Ямартаа ч Хятадын улстөрчид тэтгэвэртээ гарсан хойноо ч зүгээр суудаггүй аж. Тэд өөрсдийн бодлогыг үргэлжлүүлж, нөлөөгөө нэмэгдүүлэх, зөвхөн өөрийнх нь л залгамжлагч байж болохуйц хүмүүсийг бэлтгэх, улс төрд байр суурийг нь олж өгөхөөр чармайцгаадаг бололтой юм.

 Т.ЭЛИСА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж