Оюутнуудад барих бэлэг хэтрээд байгаа юм биш үү

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Оюутнуудад барих бэлэг хэтрээд байгаа юм биш үү

Төрийн ордноосоо дөчхөн метрийн зайд оршдог их сургуультай улс манайхаас өөр хаана ч байхгүй гэдэг. Учир нь оюутнууд нийгэм, улс төрийн шинжтэй элдэв эсэргүүцэл, хөдөлгөөнд оролцох гол хүч болдог юм билээ. Үүнээс шалтгаалж ихэнх орнуудын төр, засаг нь оюутнуудаа хотоос зайдуу газар байлгах бодлого баримталдаг. Манайд ч энэ бодлого тун удахгүй биелэлээ олох нь. Хот төлөвлөлт талаас нь бодоход Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулиуд жил бүрийн хавар төгсөлт хийж,  хэдэн зуун оюутан сургуулийнхаа үүдэнд цуглахад л хотын төвийн замд түгжрэл үүсчихдэг. Тиймээс энэ мэт асуудлыг шийдэхийн тулд Ерөнхий сайдын зүгээс хотын мэрт хаяглаад их сургуулиудийн нэгдсэн хотхон байгуулахыг үүрэгдсэн. Энэ дагуу Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Боловсролын их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль зэрэг их дээд сургуулийг Налайх дүүргийн “Шивээт”-ийн хөндийд 1000 гаруй га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Мөн хувийн их, дээд сургуулиудыг ч алсдаа тэр зүг рүү нүүлгэнэ.  Тиймээс Г.Мөнхбаяр дарга Налайх дүүргийн “Шивээт”-ийн хөндийд өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид газар олгохгүй гэдгээ ч албан ёсоор мэдэгдсэн билээ. Харин оюутны хотхон байгуулах их хөрөнгө зарсан ажлын хажуугаар 4.5 тэрбумын өртөгтэй 1000 оюутны байр барих ажил энэ хавраас эхэллээ. 1000 оюутны байрыг Арслантай гүүрний урд байрлах оюутны хотхон дунд байгуулахаар болжээ. Өчигдөр тэнд очиход барилгын гүйцэтгэгчээр шалгарсан компаниуд нь ажлаа эхлэхээр зэхэж хэд хэдэн чингэлэг авчран байрлуулжээ. Байрыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутны нэгдүгээр байр болон Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дотуур байрны дунд 500 оюутны байр, МУБИС-ийн оюутны хоёрдугаар дотуур байр болон ЭМШУИС-ийн нэгдүгээр байрны дунд 500 оюутны байрыг одоо байгаа оюутны байруудын өргөтгөл хэлбэрээр барихаар төлөвлөөд байгаа аж. Тендерт оролцож гүйцэтгэгч компаниар шалгарсан “Хөхий хан” ХХК-ийн  захирал Г.Дагвасамбуутай уулзсан юм. Тэрбээ, “ Ажил эхэлчихсэн. Зураг төсөл, холбогдох бэлтгэлүүдээ бүрэн хангаад байна. 10 давхар байр барина. Ирэх оны есдүгээр сард ашиглалтад өгнө.” хэмээн ярьж байна.  Ямар ч байсан оюутнуудад олгож буй сургалтын төлбөр, оюутны хотхон зэрэг “бэлэг”-үүд дээр нэмэгдэж 1000 оюутны байрыг хүлээлгэн өгөх нь.

Үүний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Барилга захиа­лагчийн ажлын албаны дарга Б.Цэрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Оюутны байр барих ажилд хэчнээн төгрөг төсөвлөөд байгаа вэ?

-Нийт 4.5 тэрбум төгрөгийн үндсэн өртөгтэй. Энэ оны төсөвт хагасыг нь тусгасан. Оны зааг дээр гүйцэтгэгчийг нь тодруулсан юм. Тус бүртээ 500 оюутны багтаамжтай А болон Б хэсгээс бүрдсэн байр байх юм.

-Оуютны байр хүрэлцээгүй ч гэсэн 4.5 тэрбумыг зарцуулж барих шаардлага байсан юм уу. Налайхад оюутны хотхон барих нь тодорхой болсон гэсэн?

-Улаанбаатар хотод оюутны байр мянга байтугай 10, 20 мянгаараа хэрэгтэй. Налайхад баригдаж байгаа оюутны байр дөнгөж хөрсөө судлаад эхэлж байгаа. Тэгэхээр цаана нь дулаан, цахилгаан гээд дэд бүтцийн томоохон ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Оюутны хотхон баригдаж дуустал 5-10 жилийн хугацаа байгаа.

-Гэхдээ өнөөдрийг хүртэл оюутны байр дутмаг байсан ч зохицуулаад л байдаг байсан шүү дээ?

-Нийслэлд оюутны дотуур байргүй маш олон сургууль байгаа. СУИС гэхэд огт дотуур байр байхгүй. Налайхад баригдах оюутны хотхоны тухай саяхнаас ярьж эхэлсэн бол 1000 оюутны байр барих тухай 2009 оноос ярьсан юм. Түүнээс гадна 1000 оюутны байранд оюутнуудыг оруулахдаа сургууль бүрт квот өгч сурлагаараа манлайлж байгаа оуютнуудыг оруулахаар ажлын хэсэг шийдвэрлэсэн.

Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлээс дараах асуултад хариулт авлаа.

-Танайхаас 1000 оюутны байрыг барих ажилд нэлээд анхаарч байсан. Ямар оролцоотой байгаа вэ?

-Монголын оюутны холбооноос жил бүр оюутны дотуур байртай холбоотой хүсэлтийг холбогдох газарт нь өгдөг. Дотуур байр барих гэж байгаа газарт өөр зориулалттай барилга барих гэж байсныг бид тэмцэж байж зогсоосон. Байр хэрэгтэй байна гэж баахан гүйсэн. Бидний оролцоо энэ ажилд багагүй байсан шүү.

-Налайхад оюутны кампус барих гэж байхад ингэж мөнгө үрэх хэрэг байсан юм уу?

-Оюутны хотхонд баригдах спорт цогцолбор, багш, оюутны байр, сургууль хэзээ ашиглалтад орох вэ. Ямар ч байсан өнөөдөр, маргааш биш. Тооцоолж төлөвлөсөн асар олон ажил байгаа юм билээ. Тэгээд ч эхний ээлжинд зөвхөн ШУТИС-ийн оюутнууд л тэнд суурьшина шүү дээ. Тийм учраас ойрын таван жилдээ нийслэлд оюутны байр хэрэгтэй. 

-Оюутны хотхон баригдсаны дараа энэ байраа хэрхэн ашиглах бол?

-Судалгаа, шинжилгээний ажил хийдэг магистр, доктор, гадна дотны зочид төлөөлөгчдөд зориулж ашиглаж болно. Ер нь бид ажлын хэсэгт багтаж энэ ажлыг эхлүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн, А.Тлейхан гишүүд хамтарч энэ ажлыг хийхээр болсон. Орон нутгаас сонгогдсон гишүүд учраас орон нутгийнхаа оюутнуудын нийгмийн байдлыг бодолцсон байх. Ямар ч гэсэн шинээр барьж буй энэ байр оюутны байрны стандартад нийцсэн тохилог, тав тухтай байр байх болохоор хэрэглэх шаардлага гарч л таарна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж