Бондын зарцуулалтыг хянах зөвлөл байгуулья гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Бондын зарцуулалтыг хянах зөвлөл байгуулья гэв

Шударга татвар төлөгчдийн холбооны тэргүүн Д.Жаргалсайхан Бондыг ашиглалтыг хянах зөвлөл байгуулах санаачлага гаргажээ.  Өнгөрсөн долоо хоногт олон улсын зах зээл дээр арилжаалсан Засгийн газрын 1,5 тэрбум ам.долларын бонд буюу өрийг цагт нь төлөхийн тулд зээлээ зориулалтын дагуу, ил тод, өгөөжтэй, сонирхлын зөрчилгүй ашиглах явдал ёстой.

Тиймээс тэрээр “Ашиглалтыг хянаж, засч явахын тулд Чингис бондын Хяналтын зөвлөлийг Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд яаралтай байгуулах шаардлагатай байна. Энэ зөвлөлд шинжлэх ухаан, олон нийтийн төлөөллийг оролцуулан бондын тайланг төсөл бүрээр нь гаргуулж, дүгнэн олон нийтэд мэдээлэх ёстой. Энэ Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг тооцож дараагийн бонд гаргах эсэхээ шийдэх хэрэгтэй” гэсэн уриалга гаргаад байна.

Засгийн газрын 1,5 тэрбумын зээл буюу ДНБ-ын 17 хувьтай тэнцэх зээлийг юунд зарцуулах нь тийм ч тодорхой биш байна. 

Д.Жаргалсайханы үзэж байгаагаар “Зээлээ авахаасаа өмнө зээлийнхээ зориулалтыг төсөл бүрээр нь шийдэж хуульчлах ёстой. Хариуцах эзэнтэй болгосны дараа энэ их мөнгийг зөв эргэлтэд оруулж чадвал тухайн хөрөнгийг ашиглаж бүтээсэн үнэт зүйл нь зээлээ, хүүтэй нь төлсөн зардлаас олон дахин их болгодог. Гэтэл Засгийн газар “шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, хатуу хучилттай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулна” гэсэн ерөнхий жагсаалттай л сууж байгаа нь хариуцлагагүй хэрэг. Зээл орж ирсэн өдөр аль төслийг нь төр засаг барих, юуг нь хувийн хэвшлээр бариулах тухай нарийвчилсан, хянаж баталгаажуулсан тооцооны дагуу хариуцах байгууллагад нь шилжүүлж байх учиртай” гэж үзэж буй аж.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж