Монгол хүний амь нас хэзээ үнэтэй болох вэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Монгол хүний амь нас хэзээ үнэтэй болох вэ?

Төгсгөл. Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

Сэлэнгэ мөрөнд “саатсан” эх, үр хоёр хаашаа ч юм урсан алга болоод сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд ямар ч сураг гарсангүй. Аврах албаныхан эрлийн ажиллагааг зогсоосон учир ар, гэрийнхэн нь лам хараар явж, амьд эсэхийг нь мэдэх гэж хичээж сууна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийнхэн, жирийн иргэд  алга болсон ээж, хүү хоёрын араас санаа зовинон, Онцгой байдлынхныг онгоцтой болгоод өгөөч гэж сануулсан ч төр засаг үүнийг юман чинээ тоохгүй байна.

Хэрвээ сэтгэл гаргасан бол

Аврах ангийнхан хэрвээ сэтгэл гаргасан бол. Эртхэн завьтай эргүүл явуулсан бол. Дарга нар хурдан тушаал өгсөн бол… Энэ үгсийг ар гэрийнхэн нь одоо өөрсдөөсөө асууж байгаа. Хэрвээ…. Бүтэн зургаан цагийн турш үхэлтэй тэмцэлдсэн эх, үр хоёрыг урсаж эхэлмэгц завь гарган, нэн даруй самналт хийсэн бол өнөөдөр тэд эсэн мэнд байж байхыг үгүйсгэхгүй. “Хугацаа алдаагүй бол аврах боломж бүрэн байсан. Тавтын постон дээр ирмэгц урдаас нь угтаж завь тавиад эрлээ үргэлжлүүлсэн бол гаргаад ирэх л байсан. Цагаан-Үүрийн постон дээр ч гэсэн аврах боломж байсан. Хаашаа урссаныг нь тооцоолж, унаа машиныг хурдан шийдээд өгчихсөн бол эхнэр хүү хоёр маань одоо эсэн мэнд сууж байх байлаа. Сэтгэл л дутагдсан гэж харагддаг даа. Өөр хэлээд байх үг алга” гэж алга болсон бүсгүйн нөхөр Ш.Ганбат ярьж сууна.

Сэтгэл дутсан гэдгийг тэнд байсан айл саахалт, хамаатан садангийн хүмүүс нь одоо ч ярьсаар байна. Аргаа барсан ар гэрийнхэн нь эх үр хоёрыг аврах гэж эрэг дагаж гүйлдэж байсан ч тэдэнд ямар ч боломж байгаагүй гэнэ. Эрэг дагаж зэгс, бургас шигүү ургасан байдаг учраас гүйхэд ч хүндрэлтэй байдаг гэх.

Удахгүй олдоно

Мэргэн ламтан ингэж айлджээ. Ногоо цухуйхтай зэрэгцэн хүрч ирнэ гэж гэрийнхэнд нь хэлсэн байх юм. “Лам хараар их л явлаа. Эрдэмтэй чадалтай гэсэн бүх л хүмүүст үзүүлж харуулсан. Зарим нь олдохгүй л гэнэ. Зарим нь амьд харагдахгүй байна гэж хэлсэн. Сүүлд үзүүлсэн нэг лам хавар ногоо цухуйхтай зэрэгцэн эхнэр, хүүхэд хоёр чинь гарч ирнэ гэж хэлж байна лээ. Гэхдээ бидний сэтгэлд амьдаараа л байгаа” гэж хань, үр хоёроо нүдээ ширгэтэл хүлээж суугаа тэр аав ярьж байна. Алга болсноос нь хойш арга ядахдаа тэд лам, бөө удган бараадаж, үнэнийг мэдэх гэж хичээж байгаа гэх. Гэхдээ бүгд өөр, өөр зүйл ярьж, алинд нь итгэхээ ч мэдэхгүй уймарч суугаа гэх. 

Цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэжээ

Эх, хүү хоёрыг урссантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас энэ хэрэгт эрүү үүсгэсэн байна. Гэхдээ эзэн холбогдогч нь тодорхой бус энэ хэрэгт хэрхэн эрүү үүсгэж, яаж мөрдөж байгаа нь сонин. “Эзэн холбогдогч нь тодорхой бус шүү дээ. Гэнэтийн осол байсан. Харин Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас эрүү үүсгэн шалгаж байгаа. Чухам яаж шалгаж байгааг бид мэдэхгүй. Хотод эмчилгээ хийлгэж байхад намайг нэг удаа мэдүүлэг өгөөч гэж дуудсан. Би эмчилгээгээ таслаад Сэлэнгэд ирсэн. Хэрэгт үнэхээр тус дэм болдог юм бол би хэдэн ч удаа мэдүүлэг өгсөн болно” гэж Ш.Ганбат ярилаа. Ямар ч байсан цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоо хэрэг хэрхэн шийдэгдэж, албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээхийг харах л үлдлээ.
     
Ганцхан хүсэл

Эхнэр, хүүхдээ алдсан энэ эр төр засгаас ганц л зүйл гуйж байна. Энэ бол мөнгө, төгрөг, тушаал, шийдвэр, тэтгэвэр тэтгэмж биш. Зүгээр л хэдхэн метр дүүжин гүүр барьж өгөхийг хүсч байна. “Онцгой байдлынхан үнэхээр бусдаас ондоо бие, эрхтэний тогтолцоотой хүмүүс биш. Тэд бидэнтэй л адилхан хүмүүс. Төр засгаас онцгой байдлынхныг үнэхээр харж үзээсэй л гэж хүсч байна. Хамгийн том хүсэл бол дүүжин гүүр. Гүүр барихгүй бол нутгийн иргэд гол гарахдаа саад бэрхшээлтэй тулгарсаар л байх болно. Хэдэн хүн над шиг зовлон амсахыг хэлж мэдэхгүй шүү дээ. Дүүжин гүүр барьчихвал энэ мэтчилэн зовлон дахиж тохиолдохгүй. Ядаж л санаа амар амьдарна” гэж тэрээр яриагаа үргэлжлүүлэв. Өвөл болохоор нутгийн иргэдэд тулгардаг хамгийн том асуудал бол гол гаталж, төв бараадан хоол хүнсээ цуглуулах явдал. Мөстөж амжаагүй голоор гарах гэдэг амаргүй. Уг нь тойруу ч гэсэн зам байдаг ч тэр нь ирж, очихын бараг 160 гаруй км. Нутгийн иргэд бүгдээрээ тойрч явах чадалгүй. Тиймээс гүүр барьчихвал олон хүн талархана гэдэг нь үнэн байж таарна.


Сар гаруйн өмнө болсон энэ осол нутгийнханд нь том цохилт болжээ. Сэлэнгэ мөрөнг гатлахдаа хүмүүс одоо өмнөхөөсөө сэрэмжтэй болжээ. Гэхдээ хүмүүс сурсан зангаараа арайхийн хөлдсөн мөсөн дээр явж, ажил, амьдралаа залгуулсан байдал хэвээрээ л байна. Зовлон амссан энэ эр цаашид ийм явдал гаргахгүйн төлөө ямар нэгэн ажил хийгээсэй гэж хүсч байна. Түүний чин сэтгэлийн хүсэл бол дахиж ийм золгүй явдал бүү гараасай гэсэн үнэн сэтгэлийн хүсэл. Аргагүй юм. Монгол хүний амь нас хэзээ үнэ цэнэтэй болж, хот хөдөө ялгаагүй хүмүүс аюулгүй, амар амгалан амьдрах вэ. Хэдий болтол гүүргүйгээс болж хүмүүс урсгал усанд урсаж, Онцгой байдлын хэдэн аврагчид хэдий болтол бусдын өмнө чичлэгдэх вэ?

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж