Манайхан тэгтэл яадаг билээ. Уг нь Төрийн ордонд заларсан төрийн түшээд маань дөрвийн дөрвөн жил реалити шоунд тоглодог. Дээхэн үед бол цаас бариад чуулганы танхим тойрч гүйдэг хүмүүс ганц нэг байв. Саяхнаас бол салаавч гаргаж шоу хийдэг болсон. Тэгээд “Би тэгээгүй” гэж гүрийнгүүт нь хажуунаас нь өөр нэг хүн гарч ирээд нууцаар зураг дарж, паппарацидна. Бүр яг реалити шоуны од мөн байгаа биз дээ. Нэг хэсэг нь аймар баатарлагаар Төрийн ордон дотор нударга зангидаж гүйнэ. Нөгөөгөө заамдана. Үзэгчид түүнийг хараад хэнийх нь зөв, хэнийх нь буруу вэ гэдэг дээр маргалдан хоёр хуваагдаж, оройн хоолны шийр зугаа болгоно. Заримдаа манай хэд хаалганы хавьцаа хэдэн сандал, диван авчирч суугаад жигтэйхэн их хууч хөөрдөг. Тэрийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд дамжуулан хүргэнэ. Ер нь телевизийн камер харахаараа бие, биенээсээ илүү гарах гэж жигтэйхэн дуу шуу ордог гишүүд ч байдаг юм билээ. Бас зарим нь “Сая намайг баахан олон жирийн хүмүүс зодох гээд байсан” гэж хошуугаа унжуулж өмөлзөх нь холгүй юм болно. Та нар минь, ингэж байхаар нэгмөсөн албан ёсоор чөлөө авчихаач дээ. “Би угаасаа л телевизийн од хүн. Тийм болохоор реалити шоунд оролцох гэсэн юм” гэж шалтгаанаа сайхан тоочоод чөлөө хүсэх өргөдлөө цохож болох юм. Тэгээд Английн парламентын гишүүн Австралийн ширэнгэн ойг зорьж байгаа шиг биш юм гэхэд ядаж боксын рингэн дээр, эсвэл театрын тайзан дээр гарч өөрсдийгөө ард түмэндээ илүү их таниулахгүй юу. Яахав, өөр илүү дутуу шалтгаа сайн нэмж хэлж өгөх юм бол цалинтай чөлөө өгөх талаас нь би хөөцөлдөж өгч болох л юм.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин