
Лондоны Түүхий эдийн бирж дээр өчигдөр өглөө брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 2.36 ам.доллараар өсч, 121.06 ам.доллар, тун удалгүй 121.29 ам.доллар болжээ. Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх тавдугаар сард нийлүүлэлтэд гарах свит маркийн нэг баррель газрын тосны үнэ 53 центээр өсч, 108.47 ам.доллар болсон байна. Энэ нь санхүүгийн хямрал ид үргэлжилж байх үед буюу 2008 оны есдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үнэ юм. Түүнчлэн сүүлийн үед АНУ-ын газрын тосны нөөц буурах төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл тархсан. Энэ нь өсөлтөд бас нөлөөлжээ.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр хойд Африкийн Габон улсад газрын тосны томоохон компаниудад ажил хаялт зарлахаар болсон нь тус улсаас ирэх нийлүүлэлт түр хугацаагаар тасалдах аюул даллаж мэдэх юм. Габон нь дэлхийн зах зээлд өдөрт 220-250 мянган баррель газрын тос нийлүүлдэг орон. Энэ нь хэдийгээр харьцангуй бага үзүүлэлт боловч Габоноор дамжаад газрын тосны нөөцтэй томоохон орнуудад бослого, хөдөлгөөн хүчээ авах магадлал өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг хамгийн их зовоож байна. Габоноос гадна Йеменд нөхцөл байдал хүнд байгаа. Йемений Ерөнхийлөгч Али Абдулла Салей нь төрийн тэргүүний суудалд 32 жил заларсан. Гэхдээ М.Каддафигаас ялгаатай нь тэр бол АНУ-ын дэмжлэгийг авдаг хүн. АНУ-ын эрх баригчид “Аль-Кайда” бүлэглэлтэй тэмцэхийн тулд Али Абдулла Салейтай хамтран ажилласаар иржээ. Тиймээс Б.Обамагийн засаг захиргаа түүнийг суудлаас нь унагах гэж яарахгүй юм. Одоогийн байдлаар Йемений хойд хэсгийн нутгуудад үймээн хамгийн их даамжирч байгаа. Гэтэл энэ бүс нутаг нь газрын тосоор баялаг Саудын Арабтай хиллэдэг. Үүнээс улбаалаад Саудын Арабт бослого хүчээ авч магадгүй гэх болгоомжлол бий болгоод байна.
Харин улс төрийн тэмцэл нь хурцдаж, олон улсын зүгээс дотоод хэрэгт нь оролцохоос өөр аргагүй болсон Ливийн газрын тосны нийлүүлэлт бараг зогсчихоод байгаа. Дэлхийд нефтийн үйлдвэрлэлээрээ арвандолдугаарт бичигддэг, түүхий эдийн зах зээл дэх газрын тосны хоёр хувийг дангаараа бүрдүүлдэг Ливи улсын үймээн үнийн хэлбэлзэлд хамгийн их нөлөөлж байна. Одоогийн байдлаар Ливийн Ерөнхийлөгч Муаммар Каддафи болон түүнийг эсэргүүцэгчид аль аль нь газрын тосны томоохон объектуудыг эзэлж авахын төлөө тэмцэж байна. Магадгүй тэдний хэн нь түүхий эдийн үйлдвэрлэлд хяналтаа тогтоож чадна, түүний талд ялалт ирнэ гэсэн үг. Үүнийг ч ажиглагчид нотолж байна. Түүнчлэн газрын тосны үнэ өсч байгаа нь түр зуурынх хэмээн тайлбарлах хүн ч цөөнгүй байна. Франкфуртын “Commerzbank”-ны шинжээч Карстен Фритч “Газрын тосны үнэ ойрын үед нэлээд өсч байгаа. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд үнэ нь маш их нэмэгдсэн. Гэхдээ ерөнхийдөө зах зээлийн хандлага нь эерэг байгаа. Газрын тосны үнэ урт хугацаанд харьцангуй бага хэлбэлзэнэ” гэжээ.
Газрын тосны үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд газрын тос экспортлогч орнууд (ОПЕК) дорвитой арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, дэлхийн газрын тосны 40 хувийг үйлдвэрлэдэг Ираны салбарын сайд нь саяхан түүхий эдийн нийлүүлэлтээ нэмэх саналтай байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ одоогийн байдлаар “ОПЕК”-ын гишүүн орнууд яаралтай хуралдаан зарлахгүй бололтой. Ливийн үймээн даамжирч, анх удирдагч М.Каддафи нь бууж өгөхөөс татгалзах үед газрын тосны үнэ нэлээд өсч байв. Тиймээс “ОПЕК”-ын зарим орны төлөөлөгчид ирэх зургадугаар сард Австрийн Вена хотод болох уулзалтын товыг наашлуулах санал гаргаж байсан юм. Үүнтэй зэрэгцээд газрын тосны нийлүүлэлтээ нэмж магадгүй гэж байв. Ямартай ч одоогийн байдлаар Кувейтын албаны төлөөлөгчид олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнэ хэтэрхий өндөр байгаад санаа зовж байгаагаа илэрхийлээд байгаа. Кувейтын төрийн мэдлийн компани болох “Кувейт Петролиум”-ын тэргүүн Фараук аль Занки “Нэг баррель түүхий газрын тосны үнэ 90-100 ам.долларын хооронд байвал хамгийн тохиромжтой” хэмээн дүгнэжээ.
Түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь эрэлт их байгаатай холбоотой. Сүүлийн өдрүүдэд АНУ, Хятадын эдийн засагтай холбоотой таатай мэдээллүүд нэлээд тархах болсон. АНУ-д ажилгүйдлийн түвшин буурч, эдийн засгийн өсөлт гарсан. Харин Хятадын эрх баригчид дотоод зах зээлээ дэмжиж, иргэдийнхээ хэрэглээг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа. Өөрөөр хэлбэл, тус улсын газрын тосны эрэлт ихэссэн гэсэн үг юм. Ямартай ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ онд газрын тос үйлдвэрлэгчдийн ашиг дор хаяж 25 хувиар өсөх бололтой. Хэрэв Ойрхи Дорнодын үймээн намжвал газрын тосны үнэ буурч, энэ нь өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын инфляцийн өсөлт 5-6 хувиас хэтрэхгүй гэсэн үг юм.
АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо тэлж, зах зээлд их хэмжээний ам.доллар гаргасан нь газрын тосны үнэд нөлөөлж байсан. Гэвч сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш чангарах хандлагатай боллоо. Газрын тосны худалдааг ам.доллараар хийдэг. Тиймээс ам.долларын ханшийн иймэрхүү хэлбэлзэл нь энэ төрлийн түүхий эдийн арилжаанд хамгийн түрүүнд нөлөөлөх юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин