
“Хадгаламж” банкны “Бөмбөгөр” халамжийн касс дээр ч энэ байдал давтагдсан юм. Кассын төвийн захирлаас учрыг лавлахад нөгөөх “Цаанаас ирсэн санхүүжилт дууссан” хэмээх хариултыг өглөө. Тус кассын төвөөс Чингэлтэй дүүргийн нэг, дөрөв, тав, зургаа, найм, ес, арванхоёрдугаар хорооны иргэд мөнгөө авдаг гэнэ. Гэтэл өнгөрсөн сард иргэдэд олгох ёстой мөнгөний санхүүжилтийн 60 хүрэхгүй хувийг л өгсөн аж. Бас болоогүй. Ажилтнуудынх нь хэлж буйгаар хэдэн хэсэг хувааж, увуулж, цувуулж өгчээ. Кассын төвийн захирал “Ирсэн мөнгийг нь хороодод тэгш хуваарилах гээд хуваарь гаргаад сууж байна. Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар хорооны иргэдийн олонхи нь гуравдугаар сарын мөнгөө огт аваагүй. Иргэд цаанаас өгсөн санхүүжилт нь дууссан гэдгийг ойлгохгүй биднийг загнадаг. Аргаа бараад сууж байна. Ер нь “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгох болсноор банкны нэр хүнд унасан. Банк гэдэг утгаа ч алдаж байна” хэмээн учирлав. Тэрбээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байцаагчаас яагаад санхүүжилт өгөхгүй байгааг лавлажээ. Гэтэл хариуцсан байцаагч нь “Сангийн яам, Засгийн газарт эх орны хишгийг олгох мөнгө байхгүй. Данс нь улайсан гэсэн. Гуравдугаар сард өгөх ёстой мөнгөний зарим хэсгийг “Эрдэнэт” үйлдвэрээс зээлж авсан” хэмээн хэлсэн байна. Арилжааны банкууд “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг олгохдоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар бол тухайн банкны салбараас мөнгөө авах хуваарьтай бүх хүний мөнгийг сар бүрийн 10-нд бүрэн шилжүүлэх учиртай аж. Гэтэл он гарсаар санхүүжилт гэрээнд заасан хугацаандаа орж ирсэн тохиолдол нэг ч байхгүй хэмээн банкны мэргэжилтнүүд хэллээ.
Үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-ийн мэргэжилтэн Л.Амартүвшинтэй уулзав. Гэтэл тэрбээр арилжааны банкны ажилчдын хэлснээс өөрийг хэлэх нь тэр. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан, бичиг баримтын зөрчилгүй иргэдийн мөнгийг сар бүрийн тогтсон хугацаанд арилжааны банкуудын дансанд хийж байгаа гэв. Тухайн хүн бичиг баримтын ямар нэг зөрчилгүй бол нэр дээр нь орж ирсэн мөнгө банкинд байж байх ёстой юм байна. Мөн тэрбээр “Санхүүжилт дууссан байгаа нь банкны алдаа ч байж магадгүй. Бид баталсан хуваарийн дагуу мөнгийг гэрээтэй банкуудын данс руу шилжүүлдэг. Гэхдээ иргэний шинэчилсэн бүртгэлдээ саяхнаас хамрагдсан иргэд мөнгөө авч байгаатай холбоотойгоор санхүүжилт дутаж байж болох юм” гэсэн хариултыг өглөө. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Иргэдийн олонхи нь иргэний шинэчилсэн бүртгэлээ өнгөрсөн онд хийлгэсэн. Энэ он гарсаар сар тутамд цөөн хүн шинээр бүртгүүлж байна” хэмээсэн юм. Тиймээс шинээр бүртгүүлсэн иргэдээс болж санхүүжилт дутах боломж тийм ч их биш ажээ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний хөгжил сан”-ийн мэргэжилтэн эцэст нь “Санхүүжилт “дээрээс” ч гэсэн тасалдаж байгаа. Тиймээс хэд, хэд тасалж өгч байгаа” хэмээв. Сангийн яамнаас “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг тодорхой эх үүсвэрийн орлогоос бүрдүүлдэг. Харин ямар нэг шалтгаанаар бүрдэхгүй удааширч байгаа бололтой. Ямартай ч тус газраас сар болгон мөнгө дуусч, иргэд хэзээ мөнгөө авахаа мэдэхгүй болдог энэ байдлыг харгалзан үзээд санхүүжилтийг нэмж олгох тухай санал оруулсан байна. Улмаар ирэх сараас эхлэн байдал харьцангуй сайжрах байх хэмээн найдаж буй ажээ.
Сангийн яамны холбогдох хүмүүсээс “Хүний хөгжил сан”-ийн мөнгийг чухам яагаад ийнхүү тасалж өгдөг, гуравдугаар сард иргэдэд олгох мөнгийг бүрдүүлэх гэж “Эрдэнэт” үйлдвэрээс зээл авсан уу гэсэн асуултад хариулт авахыг хүссэн боловч чадсангүй. Бүгд гадуур, дотуур ажилтай гэх хариултыг өгсөн. Түүнчлэн Эх орны хишгийн үлдсэн хэсгийг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд яаж шилжүүлж тооцох, хөдөлмөр эрхэлдэг иргэдийн мөнгийг яаж олгох вэ гэсэн асуулт одоо ч тодорхой хариугүй байна. Сангийн яамны мэргэжилтэн “Энэ талаар гаргасан Засгийн газрын тогтоол бий” гэснээс өөр юм хэлсэнгүй.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин