Германы парламентын Хөдөө аж ахуйн байнгын хороо эрх баригч эвсэлтэй зөвшилцсөний үндсэн дээр, Амьтан хамгаалах хуульд оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Хуульд өөрчлөлт оруулах эсэхийг энэ сарын дундуур парламентын нэгдсэн чуулганаар хэлэлцэх бөгөөд гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээнэ гэдэгтээ санаачлагчид нь итгэлтэй байгаа аж. Өөрчлөлтийг боловсруулж байх явцад, адууг тамгалахгүй байх, гахайн торойг мэдээ алдуулагч хэрэглэлгүйгээр хөнгөлөхийг хориглох гэх мэтийн олон санал гарч байсан боловч хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан гол асуудал нь малтай хавьтах явдал байв.
Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд эрх баригчдыг ацан шалаанд оруулсан зүйл бишгүй бий. Тухайлбал, адгуустай явалдах үйлдлийг харуулсан материал тараахыг хуулиар хориглосон хэрнээ явалдах үйлдлийг нь хориглоогүй байдаг. 1969 онд Баруун Германд тус улсад 1871 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилсэн Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйл ангийг өөрчилснөөр адгуустай хавьтах нь хуулиар чөлөөтэй болсон юм. Энэ зүйл ангиар бол эрчүүдийн хоорондох бэлгийн харьцаа (ХХ зууны эхэнд эмэгтэйчүүдийг ч хамаарч байсан) болон амьтан эмлэхийг хориглож байжээ. Тухайн үеийн Германы эрх баригчид ижил хүйстнүүдийн бэлгийн харьцаанд залуу үеийнхнийг татагдах вий хэмээн болгоомжилж байсан бөгөөд нацистууд засгийн эрхэнд гарч ирээд, ийм харьцаанд орсон этгээдийг цөллөгт явуулах хүртэл шийтгэхээр хуулийг чангаруулж байв. Мөн адгуустай явалдвал шоронд хорих, иргэний эрхийг нь хасахаар хуульчилж байжээ.
Дэлхийн II дайны дараа Германд хүн амын өсөлтийн асуудал амин чухал байсан тул төрөлтөд хүргэдэггүй аливаа уламжлалт бус бэлгийн харьцааг нийгмийн эсрэг, хууль бус үйлдэл гэж үздэг байв. Харин 1960-аад оны сексийн хувьсгалын үр дүнд энэ асуудалд арай либерал байдлаар хандах болж, 175 дугаар зүйл ангийг өөрчилжээ. Гэхдээ хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, сексийн хүчирхийлэл, янханчлалыг хориглосон бөгөөд адгуустай явалдах тухай заалтыг тэр чигээр нь хассан байдаг. Үүний үр дүнд Германд сүүлийн 40 жилд амьтны бие, эрүүл мэндэд хохирол учруулахгүй л бол бэлгийн харьцаанд орохыг хэрэг дээрээ зөвшөөрсөн бөгөөд энэ асуудлыг эргэн харах санаачлага 2012 оны 10 дугаар сард гарчээ. Энэ сарын дундуур Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг парламент дэмжвэл адгуустай аливаа нэгэн байдлаар явалдсан хүнийг 25 мянган доллараар торгодог болох юм. Интернэт дэх зоофил (адгуустай явалдагчдыг нэрлэдэг латин үг)-үүдийн хэлэлцүүлэгт ямар амьтантай хэрхэн хавьтах зөвлөгөөнөөс авахуулаад есөн шидийн зүйл нийтлэгддэг гэх бөгөөд эдгээрийг судалсан хууль тогтоогчид болон амьтан хамгаалагчид Германд энэ төрлийн сонирхолтой хүмүүсийн тоо өсч, амьтантай явалдах газар хүртэл байгуулагдаж байгааг анхааралдаа авснаар хуульд өөрчлөлт оруулах санаачлага гаргасан байна. Тэдгээр хэлэлцүүлэгт гол төлөв хонь, үхэр, нохой, адуутай хавьтах талаар туршлага солилцдог гэх боловч үүний тодорхой нотолгоо үгүй байдгийн учрыг амьтан хамгаалагчид тайлбарлахдаа, адгуустай хавьтагсдын харилцааны хүрээнд дуртай хүн орчихдоггүй, шинэ хүн элсүүлэхэд уг хүрээний байнгын гишүүдийн тодорхойлолт хэрэгтэй байдаг гэдэг.
Сүүлийн үед өөрсдийгөө бэлгийн цөөнх хэмээн үзэж, үүнийгээ олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэхээр оролдох болсон “амьтан хайрлагч” германчуудад хуулийн өөрчлөлт хүнд цохилт болох юм. Германы адгуустай явалдагчдын хамгийн нэртэй нь 52 настай Михаэль Киок бөгөөд Кесси хэмээх овчарк үүлдрийн нохойтой найман жил амьдарч буй энэ хүн Зоофилүүдэд хүлцэнгүй хандахын төлөө нийгэмлэг (ZETA) гэгч байгууллагыг үндэслэгч юм. Номын санчийн мэргэжлээр суралцсан боловч мэргэжлээрээ ажиллаагүй гэх энэ хүн эхнэр авч байсан хэдий ч гэр бүлийн харилцаанаас жаргал амсахгүйгээ ойлгосонучир хүүхэд гаргаагүй гэж өөрийгөө ярьдаг. Тэрбээр 15 настайдаа амьтнаас бэлгийн таашаал авах тухай анх бодсон бөгөөд зоофил гэдгээ 20 настайдаа ойлгосон гэнэ. Бэлгийн чиг хандлага, сонирхлынхоо талаар энэ хүн туйлын илэн далангүй ярьдаг. Тухайлбал, хамаагүй хүчтэй дурлачихгүйн тулд мориноос хол байдаг, тэгээд ч гэртээ морь байлгах хэцүү гэх мэт. Зоофилүүдэд хүлцэнгүй хандах хандлагыг нийгэмд бий болгоход нь түүнд тусалдаг хүн бол 26 настай Давид Циммерманн юм. Амьтны сэтгэлзүй судлаач, амьтан үржүүлгийн газар ажилладаг энэ хүн Берлинд, өөрийнх нь бичсэнээр “өөрийн амьдралын хань болсон хүн болон амьтадтай хамт амьдардаг” гэнэ. М.Киокийн хэлснээр Германд 100 мянга гаруй зоофил байдгийн зуугаадтай нь өөрөө танил бөгөөд Германы хойд нутагт байдаг нэгэн фермд тэдэнтэй жилдээ нэг удаа уулзалддаг байжээ. Тэдгээр хүмүүсийг М.Киок амьтныг насны ханиа гэж үздэг хүмүүс, зүгээр л амьтантай хавьтах сонирхолтой хүмүүс, амьтан болж хувцаслах дуртай хүмүүс гэж гурав ангилсан байна. Фермийн эзэн тэдний юу ярьдаг, юу хийдгийг мэдсэнээсээ хойш байраа гаргаж өгөхөөс татгалзсан тул байнга цугларч чадахаа байсан гэнэ.
Хүн адгуустай хавьтахыг зүй бус гэж үзсэн шинэ хуулийн агуулга ZETA-гийн тэргүүнд таалагдахгүй байна. Түүний үзэж байгаагаар, зоофилүүд бол хүчирхийлэгч биш харин амьтан сургагч бөгөөд тэд өөртөө төдийгүй уг амьтандаа ч таашаал эдлүүлэхийг зорьдог гэнэ. Хавьтахыг хүсч буй, мөн таашаал эдэлж байгаагаа амьтан өөрийн гэсэн арга хэлбэрээр ойлгуулдаг гэж М.Киок мэтгэдэг. Амьтныг ойлгох нь эмэгтэй хүнийг ойлгохоос амархан гэж тэр боддог байна. Хуульд өөрчлөлт орвол нохойг нь хураах байх гэж тэрбээр эмээж байгаа тул шүүхэд хандахаар эртнээс бэлтгэж байгаа гэнэ. Малын эмч нар М.Киок шиг байдлаар амьтныг хайрлах явдалд эгдүүцэж байгаа бөгөөд гичий нохойд гэхэд л сарын хир нь жилдээ хоёр удаа үзэгдэж, тус бүр найм хоног үргэлжилдэг тул М.Киокт “насны хань” болох бололцоо байгалиасаа заяагдаагүй гэснийг хэвлэлүүд иш татжээ.
М.Киок болон түүнтэй сонирхол нэгтнүүдийн сексийн эрх чөлөөг шүүх хамгаалах нь юу л бол. Хуулийн өөрчлөлтийг парламент дэх бүх фракц дэмжиж байгаагаас гадна, амьтан хамгаалагчдын армийг эрх баригч эвсэл манлайлж байгаа юм. Гэвч энэ шийдвэрийг амьтан хамгаалах зорилгоосоо илүүтэйгээр улс төрийн шинжтэй гэж үзэх үндэс өчүүхэн ч гэсэн бий юм. Өөрчлөлтийг боловсруулахаар хэлэлцэж байх үед яригдаж байсан, адууг тамгалахгүй байх, гахайн торойг мэдээ алдуулагч хэрэглэлгүйгээр хөнгөлөхийг хориглох асуудал эхний шатандаа замхарчээ. Хэрвээ энэ хориг хуульчлагдвал фермерүүдэд ашиггүй тусах бөгөөд замхарсан учир нь, фермерүүдийн ард асар хүчтэй лобби байдагтай холбоотой гэж зарим хүн үзсэн юм. Шинжлэх ухааны нийгэмлэгийн сонирхолд нийцдэг тул хүн дүрст сармагчин дээр туршилт хийхийг хориглох асуудлыг хууль тогтоогчид бүр хэлэлцээ ч үгүй бол циркийн амьтныг зөвхөн хүнийг баясгах зорилгоор сургадаг гэдгийг тэд мөн л мэдээгүй царайлан өнгөрөөжээ.
Амьтан хамгаалах хуульд оруулах өөрчлөлтийг батлагдахгүй унахаас аварч буй ганц заалт нь адгуустай явалдахыг хориглох асуудал болж хувирч байна. Германы хэвлэлүүдийн бичиж байгаачлан, одоо шинэ хуулийн хэргэжилтэд хяналт тавих этгээд нь хүчирхийллийн асуудлыг хариуцдаг Гэр бүлийн хэрэг эрхлэх яам уу, эсвэл амьтан хамгаалах асуудлыг хариуцдаг Хөдөө аж ахуйн яам уу гэдэг нь сонин байна.