НҮБ-ын төсөл хэрэгжүүлэх чадавхитай орон

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

НҮБ-ын төсөл хэрэгжүүлэх чадавхитай орон

Манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Н.Хорибэ Эрүүл мэндийн сайдтай уулзах үеэрээ “Монгол Улс НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чадавхитай орон” хэмээн онцоллоо. Айлчлалын эхний өдөр түүнийг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзан ЭМЯ нь НҮБ-ын хүн амын сангийн идэвхитэй түнш болохын хувьд эрүүл мэндийн салбарын чухал асуудлаар санал солилцов. Дэлхийн мянганы хөгжлийн зорилтын тавд эхийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшингээс 75%-иар бууруулахаар тусгажээ. Энэ түвшинд манай улс  дөхөж очоод байгаа аж. Тухайлбал үндэсний хэмжээнд эхийн эндэгдэл 2007 онд 89.6 байснаас 2010 онд 100 мянган амьд төрөлт тутамд 37.9 болтол буурч, өнгөрсөн таван жилийн хугацаанд нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 20 тохиолдлоор  буурчээ. Эрүүл мэндийн салбарт тус сангийн санхүүжилтээр эх нярайн эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, бэлгийн боловсролын чиглэлд онцгой анхаарал хандуулж нийтдээ 34 сая ам.долларын  хөрөнгө оруулалт хийжээ. Энэ нь НҮБ-ын Хүн амын сангийн нийт хөрөнгө оруулалтын 74 хувийг эзэлж байгаа аж.

    Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “2008 он хүртэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг улсын төсөвт тусгадаггүй байсан бол 2009 оноос энэ байдал өөрчлөгдсөн. НҮБ-ын Хүн амын сангаас ирэх таван жилд зөвхөн баруун таван аймагт гол анхаарлаа хандуулах бус Монгол орон даяар тэр дундаа уул уурхайн олборлолт дагаад хүн амын нягтшил өсч байгаа говийн аймгуудад анхаарч ажиллахыг хүсч байна” гэв. Үүний хариуд хатагтай Н.Хорибэ “Бидний хувьд үйл ажиллагааны үр дүнг чухалчилж байна. НҮБ-ын бусад олон улсын байгууллагаас ялгарах нэг гол онцлог нь хүн бүрийн тэгш эрхийг хүндэтгэдэг, өөрөөр хэлбэл хүмүүсийг орлогын түвшин, нийгмийн байр сууриар нь ялгаварлахгүй үйл ажиллагаагаа тэгш хүртээхийг эрхэмлэдэг. Ийм ч учраас эрүүл мэндийн үйлчилгээний чанарын ялгааг арилгахад гол анхаарлаа хандуулж ажиллах болно” гэх нааштай хариулт өглөө.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Н.Хорибэ, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, дэд сайд Ж. Цолмон болон албаны бусад хүмүүс орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 608 сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, машин, мотоцикл хандивлах ажилд оролцлоо.

Ирэх таван жилд гэр бүл төлөвлөлтийн асуудалд анхаарна

Мөн өдрийн үдээс хойш хатагтай Нобуко  Хорибэ УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүстэй уулзах үеэрээ “УИХ-ын дарга НҮБ-ын Хүн амын сан сүүлийн жилүүдэд манай улс дахь Суурин төлөөлөгчийн газартайгаа хамтран нярайн эндэгдлийг бууруулах, хүйсийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд амжуулсан” тухай дуулгалаа.  Тэрбээр НҮБ-ын Хүн амын сангаас Монголд хэрэгжүүлсэн хөтөлбөр зохих үр дүнгээ өгч байгаа ч хүн амын мэдээллийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх, алслагдсан газар нутгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг улсын дунджийн хэмжээнд хүргэх,  гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах зорилтыг шийдвэрлэх шаардлагатай гэж онцлов. Түүнчлэн хүн амын голлох хэсгийг эзэлж буй залуучууд, өсвөр насныхны асуудалд анхаарал хандуулж, энэ чиглэлийн асуудлыг хариуцаж зохицуулах үүрэгтэй төрийн байгууллагын бүтэцтэй болох амлалтаа Засгийн газар хэрэгжүүлнэ гэдэгт найдаж  байна гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбаттай уулзаж хүйсийн тэгш байдлын тухай хуулийн талаар санал солилцов. Энэ үеэр Монгол улсад БНХАУ болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсаас ажиллах хүч ирдэг тухай сонсоод хатагтай Н.Хорибэ ихэд гайхаж байсан юм. Дашрамд дурьдахад, Монгол улсад өнгөрсөн жил  гадаадын 780 гаруй ажилчин ирсэн бол энэ онд 1500 гаруй ажилчин ирж барилга, зам тээвэр, ХАА-н салбарт ажиллах аж.

НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Н.Хорибэ Ерөнхий сайд С.Батболдтой уулзахаар төлөвлөсөн байсан ч уулзалт хойшилсон. Гэсэн хэдий ч хатагтай Нобуко Хорибэ энэ уулзалтад өндөр ач холбогдол өгч буйгаа илэрхийлж байв. 

Хүндрэлтэй төрөлтийг  нарийн мэргэжлийн эмч нар зайнаас удирдах боломжтой

Төрийн ордон дахь айлчлалаа өндөрлөөд айлчлалын баг 2-р амаржих газрыг зорьсон юм. Тус эмнэлэг СХД-ийн 25 хорооны 187 мянга гаруй хүн амтай ажиллаж байна. СХД нь нийслэлд хүн амаараа хоёрдугаарт ордог томоохон дүүрэгт тооцогддог. Хоногтоо 20-25 нярайг эх барьж авдаг тус эмнэлгийн ачаалал шилжилт хөдөлгөөнөөс үүдэн сүүлийн жилүүдэд хоёр дахин нэмэгдээд байгаа гэнэ. 2006-2010 онд эхийн эндэгдэлийн есөн  тохиолдол бүртгэгдаж, нярайн эндэгдэл 100 мянган амьд төрөлт тутамд 43 болж буурсан үзүүлэлттэй гарчээ. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой төрөлт нэмэгдэж, суурь өвчтэй эхчүүдийн хүндрэлтэй төрөлт, дутуу төрсөн нярайн асаргааны тоног төхөөрөмж, эмч нарыг дараагийн шатны сургалтад хамруулах зэрэг тулгамдсан асуудал  байгаа талаар тус эмнэлгийн ерөнхий эмч Б. Оюунханд ярьж байв. Энэ үеэр хатагтай Нобуко Хорибэ төрөх тасаг, нярайн эрчимт эмчилгээний тасгуудаар зочилж үйл ажиллагаа, бодит байдалтай газар дээр нь танилцсан юм.  Уулзалтын үеэр гол хөндөгдсөн сэдэв нь өнгөрсөн оны 9-р сард батлагдсан төрөх эмнэлгийн стандартыг хангаж ажиллахад тулгарч буй бэрхшээл байлаа. Уг стандартаар нэг эмчид 10 ор ноогдох ёстой юм байна. НҮБ-ын хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Н.Хорибэ Хоёрдугаар эмнэлэгт зочлоод  ЭНЭШТ-ийг   зорьсон юм. Тус төвд сангийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутгийн эмнэлгийг интернэт сүлжээ ашиглан ЭНЭШТ-тэй  холбож хүндрэлтэй төрөлтийг телемедициний төхөөрөмжийн тусламжтай удирдах төслийг хэрэгжүүлж байгаа аж. Нийтдээ 1.3 сая ам.долларын төсөв бүхий уг төслийн явцад нийт 11 аймгийг сүлжээнд холбосон, цаашдаа 21 аймгийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Төслийг хэрэгжүүлэх явцад 24 цагийн интернэт холболттой байх, техник технологийн асуудал, орон нутгийн эмнэлгүүдэд мэргэжилтэн дутагдах, гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж хомс зэрэг хүндрэл гарч тулгарч буйгаа төслийн удирдагч эмч Б. Цэдмаа дуулгав.

2012-2016 онд Эмзэг бүлгийнхэнд анхаарлаа хандуулна

Айлчлалын хоёр дахь өдөр  НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибэг Гадаад харилцааны яамны дэд сайд Б. Болор хүлээн авч уулзан  Монгол улс болон НҮБ-ы харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр  “НҮБ-аас 2012-2016 онд  Монгол улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичигт тулгуурлан ирэх таван жилд манай улсад хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр”-ийн тухай хөндсөн юм. 2012-2016 онд хүн амын эмзэг бүлэгт хүрч үйлчлэх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн багц үйлчилгээнд нэгтгэх, сонгогдсон газруудын эмзэг бүлгийнхэнд нийгмийн үйлчилгээг хүргэх, эхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, оношлогооны хамралтыг газар зүйн хувьд өргөтгөх, залуучуудад чиглэсэн хөтөлбөрийг өргөжүүлэх, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдын хүн ам зүйн мэдээллийн төлөвлөлт, төсөв боловсруулах явцад ашиглах чадварыг сайжруулах, хүйсийн тэгш байдлын бодлого, хөтөлбөрт шингээж суулгах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зүйн болоод эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх  нь зүйтэй гэж үзжээ. Үүний дараа хатагтай Нобуко Хорибэ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т. Гандитай албан ёсны уулзалт хийсэн юм. Энэ үеэр  хүн амын хөгжлийн асуудлыг цогцоор нь хариуцсан нэгдмэл бүтэц, зохион байгуулалт бий болгох, орон гэргүй ядуу айл өрхийг нийгэмшүүлэх загвар төслүүдийг хамтран хэрэгжүүлэх,  өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих төрийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ НХХ-ийн сайд  Т.Ганди илэрхийлж байлаа. Харин өнөөдөр хатагтай Нобуко Хорибэ Дархан-Уул аймагт ажиллаж, аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж,  эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулахын зэрэгцээ Хонгор сумын эмнэлэгт зочилж үйл ажилагаатай нь биечлэн танилцана. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж