Монгол оюутан далайн эрх зүйгээр магистр хамгаалав

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Монгол оюутан далайн эрх зүйгээр магистр хамгаалав

Шведийн Малмо хотноо байрладаг Олон улсын Далайн тээврийн Их сургууль (World Maritime University)-ийг төгсч буй 35 орны 165 төгсөгчдийн дунд Монгол оюутан Дамбын Байгалмаа суралцаж, Далайн тээврийн эрх зүй болон бодлогын чиглэлээр эрдмийн ажлаа амжилттай хамгаалан Шинжлэх ухааны магистрын зэрэг хүртээд байна. Тэрээр энэ сургуульд суралцаж төгссөн гурав дахь монгол хүн бөгөөд Магистрын зэрэг хамгаалсан хоёр дахь хүн болов.

Энэ сарын 2-нд зохиосон тус сургуулийн 29 дэх удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах оролцож, сургуулийн Ерөнхийлөгч Проф. Бөрн Шэрфвэ  болон тус сургуулийн удирдлагуудад талархал илэрхийлжээ.

Далайд гарцгүй Монгол Улсын далайн бодлого, үйл ажиллагааг төлөвшүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, далайн тээврийн салбарын боловсон хүчнийг бэхжүүлэхэд тус сургууль онцгой чухал үүрэгтэйг дурьдаад, сургуулийн удирдлагыг Монгол орны далайн тээврийн өнөөгийн байдалтай танилцаж зөвлөгөө өгөх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох зорилгоор 2013 онд Монголд айлчлахыг урьж, айлчлалыг хэрэгжүүлэхээр тохиролцов гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж