Колумб “ФАРК”-ын баазыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Колумб “ФАРК”-ын баазыг бөмбөгджээ

Колумбын арми тусгай ажиллагаа явуулж  “ФАРК” буюу босогчдын “Хувьсгалт зэвсэгт бүлэглэл ” –ийн Нариньо мужид орших гол баазыг бөмбөгджээ. Энэ үеэр “ФАРК”  бүлэглэлийн 20 орчим босогч амь үрэгдсэн тухай армийн командлагч Ген Леонардо Барреро “Agence France-Presse” агентлагт мэдэгдсэн байна. Колумбын Засгийн газар өнгөрөгч аравдугаар сараас  босогчдын “ФАРК” бүлэглэлтэй гал зогсоох, энхийн хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард тус бүлэглэлээс энхийн хэлэлцээрийн сүүлчийн өдөр буюу ирэх нэгдүгээр сарын 20 хүртэл гал зогсоохоо мэдэгджээ. Гэвч Колумбын арми энэхүү гал зогсоох тухай хэлэлцээр эхэлснээс хойш анх удаа өнгөрсөн амралтын өдрөөр ийнхүү томоохон тусгай ажиллагаа явуулсан байна. Үүний дараа Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос босогчдын бүлэглэлийг зэвсэглэлээ халж, эвлэлдэн нэгдэж, албан ёсны улс төрийн нам болох хэрэгтэй тухай мэдэгджээ. Мөн тэрээр өнгөрсөн амралтын өдрөөр болсон цэргийн ажиллагааг “ФАРК” бүлэглэлд сануулга өгөх зорилготой хэмээсэн байна. Гэвч зарим шинжээчид “Цэргийн ажиллагааны улмаас Засгийн газар болон “ФАРК”-ийн хоорондох үл ойлголцол улам нэмэгдэнэ” гэж дүгнэжээ. Колумбын “ФАРК” бүлэглэл 1964 онд үүсгэн байгуулагдсанаас хойш  өнөөг хүртэл Засгийн газартайгаа тэмцэж байгаа бөгөөд энэ хугацаанд тэдний хоорондох зөрчилд 600 мянган хүн амь үрэгдэж, сая гаруй хүн эх орноосоо дүрвээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж